Нүүр Түүхийн хуудас сөхөхүй “Нарлаг Монгол" галт тэрэгний нөхдөө дурсах сайхан байдаг
Түүхийн хуудас сөхөхүй

“Нарлаг Монгол" галт тэрэгний нөхдөө дурсах сайхан байдаг

G.Press 1 цагийн өмнө 4 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол Улсын Гавьяат тээвэрчин, вагоны 1971 оны техникч Г.Ишжамц, Улаанбаатар-Москвагийн анхны галт тэрэгний мастер, олон жил галт тэрэгний даргаар ажилласан. Тэрбээр, өөрийн хичээл зүтгэлээр инженер болоод депод инженерээр ажиллаж явсан вагоны техникчдээс төрсөн ууган Гавьяат юм. ГОМБЫН ИШЖАМЦ-Улаанбаатар-Москвагийн галт тэргэнний мастерын ажил 160 км цагийн хурд, Сибирийн хасах 50, 60 хэмийн хүйтэн, дээр нь халамцуу, согтуу зочигчдын авир зэргээс хамааран бас ч хялбар ажил биш байлаа. Вагоны техникийн байдал гэвээс удирдлагын гэх 286, 287 тоот радио узельтэй вагон нь голын хүзүүнээсээ кардан дамжлагаар цахилгаан үүсгүүртэйгээ холбогдох төрөөрөмжтэйн гадна хүйтний улиралд халаалтын байгууламжийн илүүдэл усыг гаргах юүлүүр амархан хөлдөх учир хөлдөөсийг удалгүй гаргаж байхгүй бол усны эргэлт зогсох аюултай байв. Цахилгаан үүсгүүрийн кардан голын эргэлт нь галт тэрэгний хурданд хүрч эргэлдэхэд учир шалтгаан гарч цахилгаанаар хангах явдалд хүндрэл учирдаг байлаа. Үүнд хос дугуйн голын бэхэлгээ эрэг сулрах явдал нэг биш удаа гарч байсан юм. Учир юу гэвээс, миний бодлоор бол манайхан хос дугуйн голын эрэг боолт зэргийг шаардлага хангахгүй хатуулаг муутай төмрөөр зорж хийдэг байлаа. байсан биз. Жишээлбэл, бид хааяа оросуудаас тохирох боолт зэргийг гуйж аваад тавихад тэр нь зүгээр ажилладаг байлаа. Оросын төмөр замд цахилгаан зүтгүүр үйлчилж түүний бүхээгт мэдрэмж сайтай дохиолуур байдгийн ачаар хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлдэг байсан юм. Машинч нар тийм үед сунасан ременийг тас огтлочихоод яваад өгнө. Бид бол хажуугийн вагоноос цахилгаан аваад Эргэлтийн өртөөнд түүнээ засна. Бас цахилгаан үүсгүүрийн дамар гээгдэх явдал тохиолдно. Энэ мэт засварыг мастерууд цаг алдалгүй хийцгээнэ. Москва хотод бол орос засварчид манай мастеруудад найдаад засварын тухайд мэдэгдчихээд явчихна. Москва хотын вагоны депод мастер бид хоёр шөнө дөлөөр вагоноо засаж нойргүй хоносон удаатай. Галт тэрэгний мастер нь хөдөлгөөний аюулгүй байдалд анхаараад вагон доторх үйлчилгээний асуудалд анхаарах зав байгаагүй бөгөөд ялангуяа техникийн мэдлэг муухантай дарга Дашбал, Доржготов нарт мастерын ажил падгүй мэт ханддаг байж билээ. Харин техникийн мэдлэг сайтай Л.Лхагва дарга бол эрс өөр хандлагатай байв. Бас нэг зовоодог зүйл нь 401-418 тоот вагоны цахилгаан үүсгүүрийн вагоны голтой харьцах конус огтлол бүхий урт ременүүд сунаж сулрах, тасрах, голын хүзүүн дээр хий эргэж гол халах явдал олон тохиолддог Ташрамд Оросын вагон үзэгчид болон засварчдын техникийн мэдлэг мэргэжил маш өндөр учир барагтай л бол гэмтлийг илрүүлж чаддаг байсан юм. Үнэн хэрэгтээ галт тэрэгний хоёр мастер, ялангуяа шөнийн цагаар ээлжлэн нүд анилгүй ажилладаг байсан. Вагонд гэмтэл гарах үед хоёул хамт ажиллах тохиолдол бишгүй гарна. Эдгээрээс дүгнэн үзвээс Москва чиглэлд аялж байсан “Нарлаг Монгол” галт тэрэг хэдэн мастерынхаа оюун санаа, эрхэм зүтгэлээр тэр олон жил аюул осолгүй аялж байсныг энд онцлон тэмдэглүүштэй. Манайхны мастерууд хэд яваад залхаж, бас аюул ослоос айж, удтал явах нь ховор байсан нь нууц биш. Би гэдэг хүн ажил хуваарилах нарядчик болон дарга нарын үгийг эсэргүүцэж чаддаггүй байсныг минь тухайн үед ашиглан намайг амраахгүй шахам ажилд явуулдаг байсан шиг санагддаг юм. Гэртээ буюу нутагтаа гурав хонож байтал “Явах хүнгүй боллоо” гээд л дуудна. Олон жил хамт ажилласан хүмүүсээ дурдахад бахдалтай байна. Эхэн үедээ Ч.Нямхүү, Т.Банк, Ч.Далхсүрэн, Ж.Сүрэндорж, Ш.Бандисүрэн, дараахан нь явснаас Д.Даваахүү, Д.Сүрэнжав, Ж.Даваа, Н.Нацаг-Юм /хааяа явдаг/, Л.Очирбал, эмэгтэйчүүдээс Ц.Цэцгээ, Эрдэнэчимэг, Г.Чулуундулам, Д.Билигмаа, Х.Орломсүрэн нар байсан бөгөөд ихэнхдээ хамт явж байснаа өдгөө дурсахад бахдалтай байна. Харин Монголын хоёр дахь удаагийн Хятадаас нийлүүлсэн Москвагийн галт тэрэгний бүрэлдэхүүн нь технологийн хувьд дээр дурдсан вагоноос хамаагүй дээр байсныг энд тэмдэглэх нь зүйтэй мэт. Ямартаа ч дээр үеийнх шиг цахилгаан үүсгүүрийн дамар гээгдэх, ремин сулрах явдал байгаагүй. Бас хүйтэнд тэсвэртэй чанараар илүү байсныг энд тэмдэглэе. Эцэст нь техникийн алив нэг хоцрогдолтой вагонтой байх тийм бэрхшээлтэй үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах ажлыг хийж чадаж байсан мэргэжил нэгт хөдөлмөрч нөхдөдөө талархал дэвшүүлэн мэндчилье.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.