Нүүр Чөлөөт Найрагт мөнхөрсөн ган зам
Чөлөөт

Найрагт мөнхөрсөн ган зам

G.Press 2 жилийн өмнө 66 үзэлт 0 сэтгэгдэл

 

МУСГЗ, зохиолч яруу найрагч Л.Сэнгээ

 

                                     ШИНЭ ЖИЛИЙН ГАЛТ ТЭРЭГ

 

Хатан дөрөө ханхийн харших шиг

Хааяа нэгхэн тоормосоо бариулсаар

Хавийн уулс, уудам хөндийг цочоон 

Хаа холоос галт тэрэг довтолгоно

Жил, сарыг бүгдийг нь нуруундаа тээн

Жингийн цуваа шиг хөврөн  урагшилж

Од мичид, нар сараар өөрийгөө чимэн

Орчлонг бүхэлд нь багтаасан мэт догдлох

Энэ галт тэрэг хөдөөгийн буйдхан зөрлөгт

Их л яаран ирж, хоромхон зуурт саатаад

Хэн нэгнийг хүлээсэн мэт зугуухан хөдөлж

Хээр талыг чирэх адил зууралдан алслахад

Жижүүр бүсгүй мишээл тодорсон харцаар үдэж

Жиндүү салхийг үл анзааран хэсэгхэн зогсоно

Дулаахан, тавлагхан вагоноос ганцаар буусан залуу

Дурлалт бүсгүй рүүгээ яаран хаалгыг нь тогшихуйд

Зассан шагай шиг цэмцгэрхэн тэр  байшингийн

Цонх бүрээс  гэгээ цацарч, дуу хуур тодрон

Бяцхан гацуур тойрон бүжиг хийн эргэлдэж

Баярын ширээнээ оргилуун дарс буудна

Мөнөөх галт тэрэг бүр алслан чимээ нь бүдгэрэх ч

Мөнгөн сарны гэгээнд хос зам туузран үлдэж

Ирж буй оны эхний нарыг угтахаар

Идэр есийн тэсгим хүйтнийг ч үл тоон зурайна

 

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ю.Идэрчулуун

 

***

Хөл хөлөө дулаацуулах

Хөгшин болно гэдэг

Өвөр өврөө дулаацуулж

Өтөлнө гэдэг

Зүрх зүрхэндээ бид хоёр

Зуу дөхсөн жилийн

Нар сарны илчийг

Зууван дүүрэн болтол нь

Дэрлэснийх

Орь залуудаа

Од одны гэрлийг

Ойчуулахгүй

Адуу манасных ...

Хөл хөлөө халууцуулсан

Хөрөв залуу хайр

Өтөл насанд

Өвөр өврөө дулаацуулсан

Өвгөн нас гэдэг

Өчнөөн жил өглөө эхэлдэг

Нас насны

Үүдийг нээсэн

Намтарт амьдрал

Наян насны

Босго гэдэг

Ноднин жил уншсан

Тунгалаг тамир роман юм

2023-12 -25

 

МЗЭ-ийн шагналт, Болор цом”-ын эзэн яруу найргч Б.Жамбалдорж

 

ИЖИЙ ЗАМ

Замын хажуугийн модод ёсолж буй мэт

Заримдаа бас гараа өргөн даллаж байх мэт

Захидал цүнхэлсэн хүү гэрэлтэж зогсох мэт

Замдаа сайн яваарай гэх хэн нэгний үг сонсдох мэт ээ

Өвдөг тэврээд холыг ширтэх охиныг

Өөр бас олон олон уй гунигийг

Цочоочихвий гэхээс хоолой засан цомцойдог шүү би

Үүрээ орхиод нисэж яваа шувуухай

Үүр цүүрээр үг солих мэт дагаж ниснэ

Хамар хашааны минь сахилгагүй жаалын

Хамаагүй шидсэн чулуу нь энд жиргэж байгаа мэт санагдана

Эх нутгаа санаад шархалж эхэлсэн оюутнууд

Элэг зүрхээ эдгээх гэж гунигтай дуу аялж явна

Хэн нэгний санаандгүй өгсөн үзгийг

Хэрэг болгон зүрхэн тушаа зүүж явнам

Жаргал зовлон хоёрыг тэнцүүхэн татсан

Хэзээ ч ойртохгүй, хэзээ ч холдохгүй

Чи бидний хайр сэтгэл шиг замаар явж байна

Бөөрөн дээрээ хичээнгүй бичигтэй дайварнууд

Бөн бөн ижийг минь санагдуулдаг

Хамаг хайраа хүүдээ гэж хаягласан

Хачин сайхан зүйл шалаар дүүрэн байдаг

Хайр сэтгэлүүдийг ачсан хөсөг тэрэг

Хаврын урт өдөр өнгөрч өгдөггүй

Алтан гинжийг хэнээр таслах вэ гэсэн шиг

Ар хормойноос зүүгдэж явсан гэнэн насаа сананам

Дөрвөлжин шугамтай дэвтэр шиг өрөөнүүдэд

Дөрөв гэсэн дугаар байдаг

Өөд өдөөсөө харсан хүмүүс харцаараа мэндлэх нь

Өөд болооч минь эргээд ирсэн шиг дотнохон байдаг

Зогсоол бүхэн дээрээ догдолсон зүрхтэй, Зүрхэн зам

Зогсоол бүхэн дээрээ мөрөөдлийн салхитай, Гэгээн зам

Зогсоол бүхэн дээрээ хагацлын зурвастай, Ухаарлын зам

Зогсоол бүхэн дээрээ ээжрүүгээ гүйсэн хүүгийн тэмүүлэлтэй, Ижий зам аа

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Түмэнбаяр

 

ӨРТӨӨНИЙ ЖИЖИГХЭН СУУРИН

 

Үдшийн галт тэрэг тосон

Өртөөний байшингууд уйтгарлана

Дан дан дээврүүд нь

Далдын чимээнд зүүрмэглэнэ

Галт тэрэгтэй зэрэгцэн

Газрын симфони нүргэлж

Төмөр замын дэр моднууд

Төгөлдөр хуур шиг хүнгэнэнэ

Дээврийн хэдэн шувуу

Дэрхийн хөгжилдөн тосож

Өртөөний жижүүр өвгөн

Үдшийн гэгээтэй цуг угтана

Удаан хүлээлгэсэн галт тэрэг

Уулсыг ороон наашилж

Орчлонгийн тэртээх зүүдний

Он цагийг тээж ирнэ

Галт тэрэгний зогсоолд

Газрын симфони намжиж

Өртөөн дээр цугларагсдын

Өлмий доор чихрийн цаас хөглөрнө.

Жижигхэн тэр суурингийн

Жирвэлзсэн гэрлүүд аниж

Бүрэнхийн зүүрмэглэлд автан

Бүдгэрч нам гүмд шилжинэ..

 

2023.7.22 Үүр шөнийн заагаар

 

 

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын яруу найрагч Урианхай Б.Уранчимэг

 

ГАН ЗАМ

Ган зам газрын судас

Гаралт баялаг амин судас

Гол мөрөн байгалийн судас

Ган үзэг номын судас

Ухаант инженерийн нарийн төлөвлөсөн

Удамт хөдөлмөрчдийн хөлс шингэсэн

Болд хавтсаар зэсэн дэвссэн

Бэхлэг дурайсан төмөр зам

 

Мөрөн голыг гүүрээр даван

Мөст уулыг нүхлэн нэвтэрч

Намагт талыг зүсэн тоглоод

Наран сарныг ээлжлүүлэн давхина

 

Дөрвөн улирлыг ялгадаггүй

Дэлхийг холбосон ган замаар

Тээвэр зөөврөө дүүрэн ачаад

Төмөр бух луу шиг магшина

 

Хашир чадамгай машинч, үйлчлэгчтэй

Хавлаг тохитой өрөө тасалгатай

Амрыг хамгаалах эмч, цагдаатай

Амт төгөлдөр хоол ундтай

 

Олон хэлээр харилцах чадвартай

Онцгой даруу үг яриатай

Өтөл буурайг харгалзах заншилтай

Үнэнч харилцаа содон үйлчилгээтэй

 

Тасхийм хүйтэн аагим халуунаас

Төмөр замчид ер халширдаггүй

Тэсвэр хатуужилтай зориг санаа нь

Түмний суралцах үлгэр дуурайлал

 

Онц хурдацтай галт тэрэг

Олон улсын харилцааг нягтруулна

Орчлонгийн хүмүүсийн харааг тэлэн

Омог зоригийг нь оргилуулан бадраана

 

МЗЭ-ийин гишүүн яруу найрагч Л.Мягмарсүрэн

           

ЗАМ ТӨМРИЙН ДУУ

 

Эхээсээ тунгалаг голын чулууг

Элэгдэж бөөрлөхөөс ч өмнө билээ

Эцэс нь үл олдох цаг хугацааг

Эхлэхтэй төрсөн ган юм гэнэ билээ

Эгэл хүний ухаанд ургасан

Элчит тэрэгний зам билээ

Ээвэр газрын хөөргөнд хайлж

Эр чангарсан ган билээ

Идэрхэн өссөн хоёр жирээ

Итгэлийн үрээр ургасан юм

Ихэрлэж урссан хоёр жирээ

Ирээдүйн төлөө уралдсан юм

Үй зайгүй үнэнч тэдний

Үйлийн үргүй адилыг яана

Үхэл тулсан ч салахгүй

Үнэнч сэтгэлийн туйлыг яана

Уул давааг нүхлэн гарч

Үүлт тэнгэрийн хаяаг хатгаж

Нэгнээ түшсэн хос жирээ

Биесээ тулсан хоёр зам

Татах түлхэхийн хүчинд

Ташиж нэгнээсээ холдоогүй

Таавар ихт орчлонд

Туйлийн шулуун ган зам

Одож нэг нь салах юм бол

Осолдож нэг нь гэнэдэх юм бол

Орчлонд хэрэггүй өеөдөж хоцорно

Олны хүсэл биелэхээ больчихно

Эхээсээ тунгалаг голын чулууг

Элэгдэж бөөрлөхөөс ч өмнө билээ

Эцэс нь үл олдох цаг хугацааг

Эхлэхтэй төрсөн ган юм гэнэлээ

 

 

2023.07.19

 

Ахмад яруу найрагч Ц.Бурмаа

 

ТӨМӨР ЗАМ

 

Өөгүй адилхан тавигдсан, хос төмөр ижилхэн ажилтай

Өдөр шөнө ялгаагүй хүнд ачаанууд өнгөрүүлэх үүрэгтэй

Элгэн доогуур нь дэвссэн, ивээс болгон бүрэн бэхлээстэй

Эрт галавын аварга могой, дээгүүр нь гулсаж явна гэлтэй

Уудам хөндийд нь хөх ногооны униар нь татсаар байна

Уужим тэнгэр нь үүлтэй, уултай хөндийг бүрхсээр байна

Ус мөрөн долгиолонхон давалгаалан урссаар байна

Урт урт вагонууд тахиралдан махиралдан хөвсөөр байна

Хойноос урагшаа, урдаас хойшоо хос төмөр дурайна

Хуурай газрын өнцөг булан бүрийг хос төмөр холбоно

Хүн зоныг бараа таваартай нь хамт хос төмөр тээнэ

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийг нь хос төмөр түгээнэ

Төмөр замаар даяаршсан дэлхийд хөгжил дэвшил ирэв

Төмөр замаар техник технилогийн шинэ эринийг авчрав

Төмөр замаар тариа буудай, хоол хүнсээ ч зөөж хурдлав

Төмөр замаар хүмүүс тив дэлхийгээр аялан зугаалав

Улс хоорондох хүнд ачаагаа төмөр замаар л тээвэрлэнэ

Урт холын замын бүх ачаагаа төмөр замаар л хүргүүлнэ

Ургамал амьтандаа ээлтэй тээвэр төмөр замаар л зөөнө

Улс орон бүхэнд ашигтай тээврээ төмөр замаар л хийнэ

Түг яг, яг түг гээд галт тэрэгнүүд өнгөрнө

Түм түмэн тонноор ачаа таваартай цуварна

Тив дэлхийн улс орон бүхэнд сурах оюутнууд зорчино

Тийш, ийшээ сая саяараа л хорвоогоо танихаар аялна

Өндөр хөгжил, үсрэнгүй соёлтой Европын орнуудын

Өрнийн гэгдэх шинжлэх ухаан техникийн ололт амжилт

Өвгөн Европоосоо Дорно дахины Ази тив рүү тавьсан

Өрнө Дорныг холбосон хосгүй гайхамшигт төмөр зам

Өөгүй адилхаан тавигдсан хос төмөр ижилхэн ажилтай

Өдөр шөнө ялгаагүй хүнд ачааг өнгөрүүлэх үүрэгтэй

Элгэн доогуур нь дэвссэн ивээс болгон бүрэн бэхлээстэй

Энд их ажилтай байна аа... гэж түг яг, түг яг дугараастай

Хос төмөр зам өдөр шөнөгүй яг түг дуугарна

Хорвоо ертөнцийн газар бүрт хос төмөр яг түг дуугарна

Хоног өдөр бүр ажлаа хийгээд хос төмөр яг түг дуугарна

Хүн төрөлхтөнд хөгжил түгээж хос төмөр яг түг дуугарна

Хөгжлийг түгээеээ яг (түг яг) гэж хос төмөр зам дуугарна

Хөгжлийг яг түгээе (яг түг), түгээе яг (түг яг) гэж дуугарна

 

 

Ахмад төмөр замчин С.Лхамаахүү

 

            ГАН ЗАМ

 

Өртөө зөрлөгийг урлан цогцлоож

Өвгөдийн буяныг алдаршуулан

Хүний орчлонгийн мөрөөдлийг өвөртлөн

Хүслэнт ган замыг тэд урлана

Эх орондоо ариухан рашаан адил урсана

Эгэл амьдралыг алгуурхнаар зөөнө та

Мөрөвчлөн үүрэх ачаа бүрийг

Мөндөрлүүлэн та тээх юм

Мөнхрөх газар шороондоо

Мөргөж эрхлэн та урсана

Тэвэр дүүрэн итгэлийг зөөсөөр

Тэнгэрлэг хамт олон тэмүүлнэ

Тэмцэж өрсөлдөн уралдавч

Тээвэрлэн бүхнийг бүтээлцэнэ та

Эрчлэн ирэх урсгалтай

Эвлэрэн тэмцэн бүтээлцэнэ

Эрч хүчээ хатамжлан

Эгнүүлэн сүндэрлүүлнэ та

Энхийн манаатай зэрэгцэн

Эгнэгт ган зам та оршино

 

Бэлтгэсэн М.Наранболд 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.