Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган энэ оны наймдугаар сарын 09-11-ний өдрүүдэд тус нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд боллоо.
Хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээтэй, хүчирхэг үндэсний нийгэмлэг болох Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь төрдөө нэмэлт хүч болон ажиллаж, Дэлхийн шилдэг үндэсний нийгэмлэгүүдийн нэг болсныг Үндэсний чуулганы үеэр Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич нар албан ёсоор зарлан тунхаглалаа.
Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь энэхүү байр сууриа бататган, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа бататгаж, МУ-д хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлооход төр засагтаа үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, нийгэмлэгийг хөгжүүлэх зорилго бүхий хөгжлийн дунд хугацааны стратеги, хөтөлбөрөө Үндэсний чуулганаараа баталсан юм. Энэ удаагийн чуулганаар нийгэмлэгийн удирдлагад өөрчлөлт оров. Үүнд:
-МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр Б.Батцэцэг / Гадаад харилцааны сайд/
-МУЗН-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр / УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалах болон Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Н. Энхболд/ тус тус сонгогдсон.
Үүнээс гадна тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд:
-
М. Энх-Амгалан /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга/
-
Г. Болор /Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, МУ-ын анхны эмэгтэй Бригадын генерал/
-
А.Батболд /”УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга/ нар сонгогдлоо
МУЗН-ийн түүхэнд анх удаа Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд төмөр замчдын төлөөлөл орж ажиллах болсон нь сайшаалтай. Удирдах зөвлөлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргалах юм.
