УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Амарбаясгалангийн Алтансүхийг уншигчдадаа танилцуулъя.
ТЗДС-ийг 2010 онд дүүргэж, вагоны инженерийн диплом өвөртөлсөн нуруулаг залуу Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажлын гараагаа эхэлж байжээ. Төмөр замчдын ажлыг анхан шатнаас нь эхэлж, шат шатаар ахидаг нь бичигдээгүй хууль юм хойно. Залуу инженер вагоны үйлчлэгчээр гурван сар ажиллаад намар нь зорчигчийн вагоны паркыг өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэгийн үеэр засварын цех рүү шилжиж, цоожчин мужаан болоод авав. Вагоны хаалга үүдний цоож цуурга бүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах энэ ажлаа нэг жил хийжээ. Түүний дараа явах ангийн үзэгч засварчин, шурган үзэгч гээд шат шатанд ажиллаж, вагоны явах анги, авто тоормос, ниших татах байгууламжийн засвар арчилгааны талаар багагүй туршлагажаад байтал түүнийг Урсгал засварын цех рүү шилжүүлж, галт тэрэгний мастераар томилжээ. Ийнхүү галт тэрэгний техникийн аюулгүй байдлыг аяллын явцад нь хариуцах болсноор дахин нэгэн шат ахиж буй нь тэр. Депогийн удирдлагаас түүнийг арав гаруй жил шат шатанд бэлтгэсээр 2024 онд галт тэрэгний даргаар томилсон байна. Залуу даргын намтар түүх тун товчхон ч өнгөрсөн он жилүүдийн ард түүнийг сорьсон, урамшуулсан, хат суулгасан, туршлага нэмсэн, сургамж болсон олон үйл явдал, учрал тохиол байсан нь гарцаагүй.
Энэ тухайгаа “Азаар би депод ажлыг анхан шатнаас нь эхэлж, шат шатаар ахиж дэвшсэн. Тиймдээ ч би өнөөдөр зорилгодоо хүрээд, хүссэн ажлаа хийгээд явж байна” гэж сэтгэл хангалуун өгүүлэв. Тэр туулсан замаа “Азаар би...” гэж тодотгосон нь бас учиртай үг.
А.Алтансүх удам дамжсан төмөр замчин аж. Түүний аав Амарбаясгалан, ээж Дэнсмаа нар Замын IV ангид насаараа ажиллаад тэтгэвэрт гарцгааж өдгөө нутагтаа амар жимэр аж төрцгөөж байгаа гэнэ. Дөрвөн хүүтэй айлын гурав дахь хүү А.Алтансүхэд төмөр замчин болно гэдэг нь аль эрт зурагдсан заяа төөрөг гэлтэй байж. Түүний том ах төмөр замчин холбоочин, удаах ах нь зүтгүүрчний мэргэжил сонгосон болохоор дунд сургуулиа дүүргээд тэр нэг их толгой гашилгасангүй, гэр бүлдээ байхгүй мэргэжил л сонгоё гээд вагоны инженерийн хуваарь авсан гэх.
Төмөр замчнаас өөр мэргэжил сонгоё гэж бодож байгаагүй юу гэхэд “Хүний өсөж төрсөн орчин, өдөр бүр харж, сонсож, хийж буй үйлдэл илүү ойр байдаг юм болов уу даа. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, төмөр замын цэцэрлэгт хүмүүжиж, улмаар дунд сургуульд ороод хичээлдээ явахдаа өдөр бүр төмөр зам давж алхана. Хаашаа л харна төмөр замчдын ажил, амьдрал нүдний өмнө өрнөж байсан нь мэргэжил сонгоход нөлөөлсөн байх. Манай гэр бүлийнхэн бүгд төмөр замчин. Одоо харин том ах минь хувиараа хөдөлмөр эрхэлж, бага ах гадаадад ажиллаж амьдарч байгаа. Дүү А.Алтанбагана маань Замын IV ангид замын мастераар ажилладаг” гэлээ.
Тэр оюутны он жилүүдээ “Оюутан байхдаа сонгосон мэргэжлийнхээ талаар бас сайн ойлголтгүй. Үнэнийг хэлэхэд нэг, хоёрдугаар курстээ үлгэн салган гайхаад л... Арай л шалтгалт шүүлэгтээ уначихалгүй явж байсан /инээв/. Харин гуравдугаар курстээ Зорчигчийн вагон депод үйлдвэрлэлийн дадлага хийсэн юм. Тэгэхэд галт тэрэгний дарга Бямбадорж агсан биднийг угтан авч, дадлагыг маань удирдаж байлаа. Дүрэмт хувцсаа иж бүрнээр нь өмсчихсөн Бямбадорж даргыг анх хараад үнэхээр хүндлэл бишрэл төрсөн. Галт тэрэгний дарга зорчигчидтой их сайхан харилцана. Цувааны үйлчлэгч нар нь ч түүнийг маш их хүндэлдгийг хараад сайхан сэтгэгдэл төрсөн. Тэгэхэд л анх удаа “Би заавал галт тэрэгний дарга болно” гэдэг зорилго өмнөө тавьсан. Тодорхой зорилгогүй явж байсан нөхөр зорилготой болоод ирэхээр зорилгодоо хүрэх зам тодроод ирдэг юм билээ. Сурах хичээх, өөрийгөө дайчлах гээд л... Галт тэрэгний дарга болчихоод Сайншандаас аав, ээж хоёрыгоо авчирч, Төв цэнгэлдэхэд наадам үзүүлнэ дээ гэж бодсон. Тэр мөрөөдөл минь биелсэн. Зорилгодоо хүрэх хүртлээ би урт замыг туулсан даа” гэв. Яагаад заавал наадам үзүүлнэ гэж бодов гэхэд “ Биднийг бага байхад аав, ээж хоёр минь зун ээлжийн амралтаа аваад гэр бүлээрээ хотод ирж, Төв цэнгэлдэхэд наадам үзэж байсан нь санаанаас гардаггүй. Галт тэргэнд гэр бүлээрээ суугаад хотод ирж наадам үзээд, бөөнөөрөө буцаад явж байхдаа би хэмжээлшгүй жаргалтай байсан санагддаг. Тэр үеийнхээ гэр бүлээрээ авхуулсан зургийг харахад их гоё дурсамж төрдөг байлаа. Лав хоёр жил аав, ээж хоёр биднийг хотод авчирч наадам үзсэн санагдана. Тиймээс л өөрөө галт тэрэгний дарга болчихоод аав ээж хоёрыгоо хотод авчирч наадам үзүүлье гэж бодсон хэрэг” гэв. Аав, ээж нь тэгэхэд их баярласан байхдаа гэвэл “Аав, ээж хоёр маань дотогшоо дуу цөөтэй хүмүүс. Дотроо баярласан л байх, “Баярлалаа” гээд үнссэн гэлээ. Аав, ээж тань хүүгээ төмөр замчин болоход юу гэж захисан бэ гэхэд “Аав минь “Ажлаа сайн хийгээрэй. Хамт олноо хүндэтгэж хайрлаж яваарай” гэж захидаг. Би ч бас хамт олонтой хүн хаана ч газардахгүй гэж боддог” гэлээ.
А.Алтансүх багаасаа спортоор хичээллэх дуртай нэгэн байж. Шатрын спортын нэгдүгээр зэрэгтэй, сагс, волейбол чамгүй тоглочихдог. Байгууллага хамт олныхоо нэрийн өмнөөс Замын мэргэжлийн аваргад байнга оролцож, бас чамгүй амжилт үзүүлдэг аж. Зарим хүн сошиал орчинд төмөр замчдыг амралтын өдрүүдэд спорт урлагийн уралдаан тэмцээнд их оруулж байна. Гэр бүлдээ цаг зав гаргахгүй байна. Үүнийгээ боль гэх утагатай зүйлс их бичих юм. Өөрөө энэ талаар ямар бодолтой явдаг вэ гэж үг өдвөл тэр “Спорт хувь хүнд маш олон зүйлийг өгдөг. Багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил гээд олон давуу талыг бий болгодог. Мөн хамт олны эв нэгдэлийг бататгаж урам зоригийг сэргээдэг, хүмүүсийг идэвхжүүлдэг, сайхан нөхөрлөлийн хүрээллийг бий болгодог. Спортын уралдаан тэмцээн бол маш хэрэгтэй зүйл гэж хардаг. Зорчигчийн вагон депогийн үе үеийн удирдлагууд спортод элэгтэй. Хамт олноо төлөөлөөд тэмцээнд орж байхад байгууллагын удирдлагууд, хамт олон маань бөөнөөрөө ирээд дэмжиж байхад урам зориг төрнө. Миний л хувьд хамгийн гоё дурсамжууд спорттой холбоотой. Замын аварга болчихоод шагналаа гардаж байхад байгууллагын удирдлага, хамт олон дэмжиж байгааг нь харахад маш гоё санагддаг. Яг тийм мөчид би өөртөө ямар зөв сонголт хийгээ вэ гэж хэлдэг. Спорт бол хувь хүний гэхээсээ илүү багийн ажиллагаа. Тиймээс аливаа уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаасай, түүнд төмөр замчид идэвхтэй оролцож байгаасай гэж боддог гэлээ.
Б.Гүнжинлхам
