2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад 387 мянган жуулчин иржээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 40 хувиар өссөн дүн юм. Харин Засгийн газрын дэвшүүлсэн зорилготай харьцуулахад бага дүн. Засгийн газраас 2023 онд нийт нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн юм. Гэхдээ намар өвлийн аялал жуулчлалыг дэмжвэл энэ зорилго биелнэ гэж тооцож байгаа аж.
Аялал жуулчлалын салбарын идэвхжлийг дагаж үйлчилгээ, агаарын тээврийн салбар өсөлттэй байна. Ялангуяа зуны гурван сар жуулчдын тоо эрс нэмэгдэж, өдөрт 3000-4000 жуулчин ирж агаарын тээврийн салбар ачаалал ихтэй байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдын дийлэнхийг ОХУ, БНСУ, БНХАУ-ын иргэд бүрдүүлжээ. Тухайлбал, Монголд ирсэн нийт иргэдийн 40 орчим хувь нь ОХУ-ын иргэд, 20 хувь БНСУ, 16 хувь БНХАУ-ын иргэд эзэлж байна.
Жуулчдын 46.9 хувь нь агаараар буюу Чингис хаан олон улсын нисэх буудлаар дамжсан бол Алтанбулаг боомтоор 16.8 хувь, Боршоо боомтоор 12, Замын-Үүд боомтоор 11.7 хувь нь нэвтэрчээ.
Албан бус тоон мэдээллээр аялал жуулчлалын орлого 800 орчим сая ам.долларт хүрчээ.


Сэтгэгдлүүд
2 сэтгэгдэл байна.