Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх Ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан 2023 оны зургадугаар сард ОХУ-ын Москва хотноо, хоёрдугаар хуралдаан 2023 оны аравдугаар сард БНХАУ-ын Тянжинь хотноо тус тус зохион байгуулагдаж байсан бол энэ удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо шинжээчдийн түвшний уулзалтаар гуравдугаар хуралдаан эхэллээ. Энэ удаагийн гурван талын ажлын хэсгийн шинжээчид хамтарсан ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд гурван сар гаруй хугацаанд санал солилцсоны эцэст дараах асуудлуудаар тохиролцоонд хүрчээ. Үүнд, ОХУ-Монгол-БНХАУ төв коридороор 2050 он хүртэл хугацаанд тээвэрлэх ачаа тээврийн таамаглал, ТЭЗҮ боловсруулах хамтарсан ажлын төлөвлөгөө багтжээ. ТЭЗҮ боловсруулах ерөнхий техникийн даалгаварыг тус тус тохиролцож хамтран ажиллах механизмаа тодорхойллоо. Шинжээчдийн түвшний хурлыг ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нээв. ЗТХЯ-наас Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Булганхүү ажлын хэсгийг ахалж, УБТЗ ХНН-ээс Ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, Техникийн бодлогын албаны дарга С.Мөнх-Алдар нар оролцлоо. Мөн хурлаар Эдийн засгийн төв коридорын хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах Монголын талын төлөөлөгчөөр УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдарыг томилов.
