Монгол Улсын нийт хүн амын 1.7 сая буюу 49 хувь нь эрчүүд. Нийт эрчүүдийн 48.3 хувь нь улсын нийслэлд үлдсэн 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа нь эмэтэйчүүдийн дундаж наслалтаас 9.7 насаар бага үзүүлэлт юм. Түүнчлэн, Монголын хамгийн өндөр настай эрэгтэй 103 настай байна.
Нийт эрчүүдийн цэргийн алба хаасан байдлыг насны ангиллаар авч үзвэл 18-29 насныхны 15.8, 30-39 насныхны 42.6, 40-49 насны эрчүүдийн 63.8, 50-59 насны эрчүүдийн 82.7, 60-аас дээш насныхны 87.8 хувь нь хаасан гэсэн судалгаа гарчээ.
Өнгөрсөн онд төрсөн нийт хүүхдийн 51.4 хувь нь эрэгтэй байсан байна.
Монгол эрчүүдийн хамгийн түгээмэл нэрний жагсаалтын эхний гурван байрт Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр орсон бол улсын хэмжээнд Цэрэг нэртэй 14 хүн байна. Харин хамгийн урт гурван нэрийг онцолбол, Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо, Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа, Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар.
Мөн СӨБ-д хамрагдагсдын 51, ЕБС-д суралцагчдын 50, техник мэргэжлийн сургуульд суралцагчдын 63, их дээд сургуульд суралцагчдын 39 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшний хувьд нийт эрчүүдийн 63.2 хувь байна. Удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн 62.8 хувь нь эрчүүд байдаг бол нийт эрчүүдийн 46.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
Эрчүүд түлхүү ажилладаг салбаруудад Тээвэр ба агуулахын үйл ажиллагааны чиглэлээр ажиллагсдын 88, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын 87.4, барилгын салбарт ажиллагсдын 82.7 хувийг тус тус эрчүүд эзэлж байна. Эрчүүдийн дундаж цалин хөлс 2.5 сая төгрөг гэсэн судалгааг Үндэсний статитикийн хорооноос гаргажээ.
