Төмөр замын найдвартай ажиллагааг хангаж, олон арван вагоны бүрэн бүтэн байдлыг хянаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг нь Сэдэдийн Номун-Эрдэнэ билээ. С.Номун-Эрдэнэ 1986 онд төрсөн, айлын гурав дахь хүүхэд. 2004 онд Замын-Үүд сумын дунд сургуулийг төгсөж, улмаар ШУТИС-д суралцаж эхэлсэн ч амьдралын замнал нь түүнийг төмөр замын салбарт хөтөлжээ. 2008 онд Замын-Үүд Техник үйлчилгээний газарт ажиллах сонгон шалгаруулалтад орж, вагон үзэгч засварчнаар ажлын гараагаа эхэлсэн нь түүний ирээдүйн эхлэл болжээ. Анх ажилд ороход нь одоогийн Замын-Үүд Техник үйлчилгээний газрын дарга Г.Эрдэнэбаатар, мастер Д.Сайханчимэг, вагоны бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан Жамсран, ээлжийн ахлах Дамдин, ахмад ажилтнууд болох Б.Гантулга, Д.Ганболд, Б.Хүрэлсүх, Р.Энхзаяа, Эрдэнэбазар, Пүрэвсүрэн, Д.Энхбаяр, Ганчимэг, Нямсүрэн нарын туршлага, сургамж нь түүнийг жинхэнэ төмөр замчин болоход хөтөлжээ. Вагон үзэгч, шурган үзэгч, ээлжийн ахлах үзэгч зэрэг албыг шат дараалан хашиж, ур чадвараа бататгажээ.
Өдгөө Замын-ҮүдТехник үйлчилгээний газрын вагоны бүрэн бүтэн байдлыг хариуцсан урд хэсгийн ажилтан бөгөөд хилийн өртөөний техникийн агентуудыг хариуцсан мастераар 19 дэх жилдээ салбартаа зүтгэж байна. Түүний хөдөлмөрийг үнэлж, 2021 онд “Мэргэжлийн аварга”-аар шалгаруулж, 2022 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнажээ. Мөн байгууллагынхаа түүхт 70 жилийн ойн үеэр “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр шагнагдсан нь түүний мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг илтгэнэ. С.Номун-Эрдэнийн мэргэжлийн ур чадвар шурган үзэгчээр ажилласан жилүүдэд улам сайжирчээ. Тэрээр галт тэрэгний бүрэлдэхүүн дэх вагон бүрийг нарийвчлан шалгаж, гүүшингийн далд гэмтэл, татах байгууламжийн эвдрэл, явах ангийн гэмтлийг илрүүлдэг байв. Шаардлагатай үед вагоны доогуур шургаад ан цав хайх нь ч түүний өдөр тутмын ажил. Түүний туршлага, анхаарал болгоомжийн ачаар гүүшингийн ноцтой далд гэмтлийг зургаа, долоон удаа илрүүлж байжээ.
Түүнчлэн, хоёр вагоныг холбодог авто угсрааны нарийн механизмуудыг мэргэжлийн түвшинд шалгаж, амны хөндий доторх гэмтэл, авто угсрааны их биеийн ан цав, өлгүүр болон тулгуур хурууны гэмтлийг олон удаа илрүүлсэн нь ослоос урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм. Мөн Болд төмөр-Ерөө голын төмрийн хүдэр тээвэрлэдэг жижиг улаан вагонуудын нумын дээд дамнуургын дотор талд гарсан ан цавыг шөнийн ээлжинд гэрэл тусган шалгах үедээ илрүүлжээ. Гацаа голын үүрний хэсэгт үүссэн энэхүү гэмтэл нь нүдэнд төдийлөн ил харагдахгүй ч түүний хурц хараа, мэргэжлийн ур чадвараар ил болсон байна. Энэ гэмтэл олон удаа давтагдаж, Замын-Үүдийн ТҮГ-ын вагон үзэгч нар илрүүлсний үр дүнд шаардлагатай засварыг хийж, вагонуудыг депогийн засварт оруулах шийдвэр гарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
2022 онд Замын-Үүд-2 өртөө дэх техник үйлчилгээний хэсгийн бригадын даргаар ажиллаж, улмаар вагоны бүрэн бүтэн байдлыг хариуцсан мастерын албан тушаалд томилогдон, хилийн өртөөний техникийн агентуудыг удирдан ажиллаж байна.
Түүний амьдралын замналыг гэр бүлийнх нь үнэт зүйлс улам гэрэлтүүлдэг. Гэргий Б.Отгончимэг нь Төмөр замын дээд сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн чадварлаг мэргэжилтэн. Тэрбээр 2012 онд сургуулиа төгсөөд Замын-Үүдийн нэгдсэн өртөөний Шилжүүлэн ачих ангид тооцооны оператороор ажилд орж, хөдөлмөр зүтгэлээрээ “Шилдэг ажилтан”-аар шалгарч байв. Өдгөө Замын-Үүд өртөөнд гаалийн мэдүүлэгчээр ажиллаж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Тэднийх гурван охин, нэг хүүтэй өнөр өтгөн айл. Нэгэн цагт хоёулаа ээлжийн ажилтай байх үедээ бага насны хүүхдүүдээ бодолцон ээлжээ зохицуулж, бие биеийнхээ ажил мэргэжлийг хүндэтгэн дэмжиж иржээ. Өглөө ээлжнээс бууж ирэхэд нь амраах, орой ажилдаа явахад нь бэлтгэл хангах зэрэгт харилцан ойлголцол, халамжийг эрхэмлэдэг. Энэ нь тэдний гэр бүлийн бат бөх холбооны илэрхийлэл юм. С.Номун-Эрдэнийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхийнх нь үлгэр дуурайлал нөлөө үзүүлжээ. Түүний аав Д.Сэдэд хилийн цэрэгт насаараа ажилласан, бэлтгэл хошууч цолтой эрхэм бөгөөд гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Ээж нь цаг уурч мэргэжилтэй, улмаар нягтлан бодох бүртгэлээр суралцан хилийн цэрэгт олон жил нягтлангаар ажиллажээ. Мөн Замын-Үүд дэх “Зоос” банк, даатгалын байгууллага, эмнэлэгт нягтлангаар ажиллаж, сумын Төрийн сангийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Ах дүүс нь ч мөн эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн ажиллаж буй нь хөдөлмөрч гэр бүлийн уламжлалыг илтгэнэ. Номуун-Эрдэнэ бага насаа Говь-Алтай аймгийн Шарга, Бигэр суманд эмээгийнхээ гар дээр өнгөрүүлж, малын бэлчээрт өссөн. Тэрээр Бигэр сумандаа тавдугаар анги хүртэл суралцаад Замын-Үүдэд шилжин ирсэн бөгөөд хүүхэд насандаа цэргийн албанд зүтгэдэг эцэг эхийнхээ хариуцлага, сахилга батыг үлгэрлэн хүмүүжжээ.
С.Номун-Эрдэнэ ажиллаж байх хугацаандаа мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, Менежментийн академийг Хүний нөөцийн менежер мэргэжлээр 2012 онд бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн 2024 онд ТЗДС-ийг вагоны инженерийн ангийг эчнээгээр төгсөж, Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээр мэргэшжээ.
Түүний ажлын онцлог цаг, минут, секундээр хэмжигддэг. Вагон үзлэг бүр технологийн карт, тогтоосон хугацаатай. Хэрэв нэг үзлэг хожимдвол дараагийн галт тэрэгний найруулга саатаж, аяллын хуваарь алдагдана. Иймээс төмөр замчин хүн цагийг чанд баримтлах нь мэргэжлийн үнэт чанар гэдгийг тэр бодитоор мэдэрч, амьдралдаа мөрдлөг болгосон. Төмөр зам бол нэг хүний ажил биш, дандаа багийн хүчээр урагшилдаг. Вагончид, зүтгүүрчид, замчид, холбоочид, өртөөний ажилтнууд нэгэн зорилгын төлөө нэг ээлжинд зэрэгцэн ажиллаж, хэдэн зуун тонн жинтэй ачааг зорьсон газарт нь хүргэдэг. Иймд хамт олны уур амьсгал, харилцан ойлголцол амжилтын үндэс болдог.С. Номуун-Эрдэнэ шинээр ажилд орсон залуусыг зааж сургахыг эрхэмлэж, алдаа дутагдлыг хамтдаа засахын үнэ цэнийг ойлгуулдаг. Заримдаа бусдын өмнөөс үг сонсож, хариуцлага үүрэх нь ч удирдагч хүний давуу тал гэж тэр үздэг.
С.Номун-Эрдэнэ 14 жилийн турш ээлжийн хуваариар ажилласны эцэст 2022 онд хэвийн нөхцөлд шилжин, бригадын даргаар томилогдож, өдрийн найман цагаар ажиллах болсон аж. Тухайн үед Замын-Үүд ТҮГ-ыг Г.Болд-Эрдэнэ удирдаж, мастераар нь Б.Төгсжаргал ажиллаж байсан бол түүний эрхэлж буй албан тушаалд Г.Балдандорж ажиллаж байв. Олон жил ээлжинд ажилласан түүнд өдрийн хуваарьт дасах амаргүй байсан ч яваандаа шинэ орчиндоо дасан зохицож чаджээ.
Өнөөдөр тэрбээр Г.Эрдэнэбаатар, Б.Төгсжаргал, М.Соёмбо нарын хамт гар нийлэн амжилттай ажиллаж байна. Замын-Үүд Техник үйлчилгээний газрын түүхт 70 жилийн ойг хамтран зохион байгуулж, салбарынхаа бахархлыг алдаршуулсан үйл явдалд хамт олноо удирдан оролцжээ. Удирдлагын ажилд эмэгтэй хүн оролцох нь давуу талтайг тэр онцолдог. Эрчүүд томоор харж, том шийдвэр гаргах чадвартай бол эмэгтэйчүүд аливаа зүйлийн нарийн ширийнийг анзаарч, мэдрэмжтэй ханддаг. Энэ харилцан нөхөх чанар нь ажлын үр дүнг илүү төгөлдөр болгодог гэж үздэг. С.Номун-Эрдэнэ өдгөө Чойроос Замын-Үүд хүртэлх урд хэсгийг хариуцан ажиллаж, ачилт буулгалт хийж буй байгууллагуудын вагоны бүрэн бүтэн байдлыг хянаж, техникийн агентуудыг удирдан ажиллаж байна. Тэрбээр мастер-2 албан тушаал хашиж, хоёр мастер, нэг бригадын даргатай хамтран ажлаа зохион байгуулдаг. Түүний ажлын замнал цаг хугацаатай уралдсан хариуцлагын илэрхийлэл билээ. Ган замын найдвартай ажиллагааг сахин хамгаалах үйлсэд мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан залуу шинэ үеийн төмөр замчдын манлайлагч болон түүчээлж байна.
П.Түмэндэмбэрэл
