“Багануур” хувьцаат компанийн инженер техникийн ажилтнуудын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт УБТЗ-д зочиллоо. Тус уурхайн хамт олон энэ жил түүхт 45 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд ойн баярынхаа хүрээнд сургалт, сурталчилгаа болон ажилтнуудаа сургаж чадавхжуулахад чиглэсэн олон ажлыг шат дараатайгаар төлөвлөн хэрэгжүүлж буй аж. Улмаар тус компанийн зүгээс УБТЗ-тай харилцан туршлага солилцох албан хүсэлт ирүүлсэн байна. Энэ хүрээнд эхний 15 ажилтнаа ирүүлсэн юм. Тэд УБТЗ-ын Менежментийн тогтолцооны Олон улсын тогтолцооны стандартын хэрэгжилттэй танилцаж туршлага судаллаа. Төлөөлөгчдийг УБТЗ-ын Ерөнхий инженер Старцев С.П. угтан авч “Багануур” компанийн 45 жилийн ойн мэндийг дэвшүүлж менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийн талаар холбогдох зөвлөмжийг өгч, хамтран ажиллахад нээлттэй талаар илэрхийллээ. Монгол Улсын эрчим хүчний тулгуур багана болсон “Багануур” ХК нь УБТЗ-тай хамгийн ойр ажилладаг түншүүдийн нэг юм.