“Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” энэ сарын 10-23-ны хооронд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зангилаадаар төмөр замчдад Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээ, Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ар иргэдтэй хамтран ажиллах ажлыг зохион байгуулах зорилгоор аяллаа.
Энэ жилийг Засгийн газраас “Авлигын эсрэг жил” болгон зарласантай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны харьяа Төмөр зам дахь Цагдаагийн газар, УБТЗ дахь Гэмт хэрэг, зөрчил, авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг уламжлалт аянд Авлигатай тэмцэх газар хамтран оролцсон байна.
Уг аянаар Замын-Үүд зангилаанд 420, Сайншанд зангилаанд 520, Чойр зангилаанд 380 хүн, Дархан зангилаанд 670, Сүхбаатар зангилаанд 308, Эрдэнэт зангилаанд 170, Зүүнхараад 260 хүнд, нийт 2728 хүнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийжээ.
Тухайлбал, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Жаргал “Тус цагдаагийн газрын товч танилцуулга бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Б.Амартүвшин, Б.Буянтөгс нар “Авлигын тухай ойлголт”, УБТЗ-ын ХАБЭА-н албаны байцаагч н.Өлзийнэмэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэсүх “Замын хөдөлгөөний дүрэм”, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Золбаяр, Э.Идэр нар “Залилах болон цахим мөрийтэй тоглоом” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан байна.
Мөн төмөр замчид болон ард иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, жолооны_үнэмлэх шинээр авах болон солиулах, торгуультай холбоотой асуудлаар иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулжээ.
