Хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд албаны орлогч дарга Л.Пүрэвсүрэнтэй Хөдөлгөөний аюулгүй байдлын талаар цөөн хором ярилцлаа.
-Урд хэсэглэлийн төмөр замчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
-2022 онд урд хэсэглэлийн төмөр замчид 16 гологдолтой байсан бол 2023 онд мөн тооны гологдолтой ажиллалаа. Дутагдлын тоо харин нэмэгдсэн. Гарсан гологдол, дутагдлыг төрлөөр нь авч үзвэл “бусдаар” тооцогдсон тохиолдол түгээмэл байна. Гарам дээр авто машин байсан, төмөр замын хориг хашаанд зэрлэг ан амьтад орсноос болж галт тэргэнд дайрагдах зэрэг гологдол дийлэнх хувийг эзэлсэн. Аж ахуйн нэгжүүдийн хувьд зарим нь гологдлын тоог нэмэгдүүлж хангалтгүй ажилласан боловч зарим нь өмнөх алдаанаасаа суралцаж, гологдол дутагдалгүй ажиллалаа. Жишээ нь, Сайншанд татах хэсгийн ашиглалтын цех сайн ажилласан.
-Гарсан гологдол, дутагдлын шалтгаан нөхцөлийн судалгааг мэдээж гаргасан байх. Цаашид гологдол, дутагдал давтан гаргахгүй байхад юунд анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?
-Хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд нийт есөн гологдол гарсан. Эдгээр гологдол бүгд хувь хүний хүчин зүйлээс шалтгаалж гарсан байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр замын урд хэсэглэлд боловсон хүчний шилжилт хөдөлгөөн нэлээд их байна. Ялангуяа, 2021-2022 онд маш их шилжилт хөдөлгөөн явагдсан. Улмаар, суларсан орон тоонд залуучууд ихээр орж ирсэн. Тэднийг анхнаас нь зөв сонгож, ажлын байранд нь дадлагажуулах, төмөр замчин болгон төлөвшүүлэх чиглэлд бид дутагдалтай ажиллалаа. Сайн сургаж чадахгүй байна гэж харж байгаа. Өмнө гарч байсан гологдол дутагдлыг шинэ тутам залуустаа таниулах, сурталчлах ажил тааруухан байсан. Байгууллагын удирдлагууд залуусыг ажилд авсныхаа араас анхаарал тавих, тэдэнд зааж зөвлөх ажил хангалтгүй байлаа. Гологдол давтан гараад байна гэдэг нь өмнө хийсэн гологдлын мөрөөр хангалттай ажил зохион байгуулаагүй л гэсэн үг. Замын даргын 2022 оны А/828 тоот тушаал бий. Энэхүү тушаалд “Эрсдлийг урьдчилан харж, сэргийлэх. Эрсдлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг зөв гаргах. Төлөвлөсөн ажлуудаа зөв хийх” чиглэлийг тодорхой тусгаж өгсөн. Маш сайн тушаал болсон. Харамсалтай нь, тушаалын хэрэгжилт хангалттай байсангүй. Эрсдлийг зөв олж харсан ч урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн. Эдгээр үндсэн шалтгаануудаас болж гологдол буурахгүй, давтан гараад байгаа юм.
-Сургалт, зөвлөгөөн, шалгалтын давтамж маш их байна. Зарим тохиолдолд үндсэн ажлаа хийх ч зав гарахгүй байна гэж төмөр замчид ярих нь бий. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Магадгүй тооноос илүү чанарт анхаарах шаардлага тулгараад буй юм болов уу?
-Тантай 100 хувь санал нэг байна. Бид хүн рүүгээ чиглэсэн, илүү бодитой, байгаа олсон сургалтыг хиймээр байгаа юм. Байнга олныг хамруулсан гэхээсээ илүүтэйгээр эрсдэлтэй хэсэг буюу шинэ залуу ажилтнуудад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах шаардлага бий. Гологдол гарахад цахилгаан, тушаалаар нийтийн дунд танилцуулах төдий арга хэмжээгээр өнгөрүүлээд байна. Таны хэлснээр тоонд бус чанарт анхаарч тухайн хүндээ тохирсон сургалтуудыг хийх ёстой юм.
-Энэ нь нөгөө талдаа сургалт зохион байгуулж байгаа хүмүүс маань арга барилаа өөрчлөх, илүү чадавхжих шаардлагатай болоод байна уу гэсэн бодлыг төрүүлэх юм?
-Яг зөв. Ялангуяа, урд бүсэд залуу удирдлага маш олон болсон. Бригад, мастер, зөрлөгийн дарга, аж ахуйн нэгжийн дарга, орлогч, инженер гээд бүгд шинэ хүмүүс бий. Хариуцсан албад нь ч үүнд анхаарах хэрэгтэй. Хүн удирдаж байгаа залуучуудыг өөрсдийг нь сургаж, хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Ингэж гэмээнэ тухайн хүмүүс ажилтнуудаараа хэрэгтэй зүйлсийг нь гүйцэтгүүлж чадна. Яг өнөөгийн нөхцөлд дарга нь ч, ажилтнууд ч шинэ учраас хаана хаанаа туршлага дутаад байх шиг.
-Та олон жил энэ салбартаа ажилласан хашир туршлагатай төмөр замчны хувьд өмнөх, одоо үеийн хүмүүсийн сурах дадал хэвшлийн өөрчлөлт, онцлогийг бас ажиглаж байгаа болов уу?
-Тийм шүү. Бидний үед бол уламжлалт байдлаар түлхүү суралцдаг, сургадаг байлаа. Өнөөгийнх шиг интернэт, компьютер, хөгжил дэвшил ч гэж байсангүй. Байгаа хэдэн номоо л уншина, ахмадуудынхаа хэлсэн үгийг бичиж тэмдэглэж авна. Ийм л байдлаар сурдаг байсан. Хувь хүн бүрд сур, мэд, судал гэсэн албан даалгавар өгч, түүнийх нь дагуу шалгалт шүүлгийг маш сайн авдаг байсан. Одоо бол салбар бүрд үсрэнгүй хөгжил дэвшил бий болсон үед бид ажиллаж амьдарч байна. Ялангуяа, цар тахлын үед цахим сургалтын арга барилд нэлээд сайн суралцлаа. Гар утсанд суурилсан сургалтын аппликейшн олноор гарч байна. Тэгэхээр орчин цагийн залуус маань танхимаар сууж суралцахаас илүүтэйгээр хэрэглээндээ суурилсан илүү ойлгомжтой, хялбарчилсан бөгөөд үр дүнтэй сургалтуудыг хүсэж байна. Энэ арга барилд бид дадах хэрэгтэй юм болов уу. Уламжлалт байдлаар сургая гэвэл ойлгож, анхаарах хүн ховор болжээ. Харин шинэ арга барилаар суралцах хүлээлт их байна.
-А/02 тоот тушаалын агуулгыг таниулан сурталчлахад чиглэсэн “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлын өдөр”-ийг Замын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Таны хувьд урд хэсэглэлд тус тушаалын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ямар ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Юуны өмнө Замын даргын А/01 тоот тушаал үнэхээр цаг үеэ олсон тушаал гэж ойлгож байгаа. Бидний гол бүтээгдэхүүн, үйлчилгээ бол тээвэр шүү дээ. Тэгэхээр бид тээврээ нэмэгдүүлж, тээврийнхээ чанарыг хангахын тулд А/02 тоот тушаалын хэрэгжилтэд онцгой анхаарах хэрэгтэй. Тус тушаалын хувьд ч мөн адил А/01 тушаалтайгаа нягт уялдаатай, цаг үеэ олсон тушаал. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлье” уриалгыг төмөр замчид таатай хүлээж авч байна. Эдгээр тушаалыг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, ажилтнууд хоорондын мэдээлэл солилцоог сайжруулж, улмаар ажилтнаас ирүүлсэн бодит мэдээлэлд үндэслэн эрсдлийг бууруулахад чиглэсэн ажлыг маш сайн зохион байгуулах төлөвлөгөөг гаргаад байна. Ялангуяа, урд хэсэглэлийн байцаагч нартайгаа нягт уялдаж, баг болж ажиллая гэж бодож байна. Дээр нь ажилтнуудыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн “Онц хөдөлгөөнчин” тэмцээнд ач холбогдол өгч, энэ мэт тэмцээн уралдаануудыг дэмжиж ажиллах бодолтой байна. Саяхан бид лектор багш нарыг урьж, сургалтыг арай шинэлэг байдлаар зохион байгуулсан. Ажилтнууд маань ам сайтай байна. Дараа дараагийн сургалтаа мэдээж илүү туршлагатай байдлаар хийнэ.