Л.Гунгаажанцан: Эмээлт, Цомог зөрлөгт программ хангамжийн өөрчлөлт хийснээр радио галт тэрэг явах боломж бүрдлээ
Дохиолол холбооны албаны дарга Л.Гунгаажанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд өмнө нь энэ албаныхаа даргаар ажиллаж байсан туршлагатай хүн. Эргэж томилогдоод ч багагүй хугацаа өнгөрлөө. Танай алба энэ оны ажлын төлөвлөгөөгөө өнөөгийн байдлаар хэдэн хувьтай биелүүлээд байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Тиймээ, өнгөрсөн хавар Замын даргын тушаалаар дахин Дохиолол холбооны албаны даргаар томилогдлоо. Миний бие төмөр замд нийт 18 жил ажиллаж байна. Энэ оны төлөвлөгөө, тайлан оны эхнээс гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайлбал, өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө аравдугаар сарын 15-ны байдлаар 100 хувьтай биелсэн. Албаны дохиолол холбооны байгууламжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр хийдэг их засварын ажлын төлөвлөгөөний биелэлт материалын хангалтаас хамаарч наймдугаар сараас эхэллээ. Материалын хангалтыг эртнээс төлөвлөж, гүйцэтгэлийг хангуулах нь ойлгомжтой. Их засвараар төлөвлөгдсөн ажлуудыг хаагаад эхлэхээр биелэлт нь сайн гарах байх, Их барилгын ажлын төлөвлөгөөний биелэлт мөн ийм шалтгаантай. Он дамжсан дуусаагүй үйлдвэрлэлийн ажлууд албаны хэмжээнд хэд хэд байна. Замын-Үүд 2 – Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замын ажил хийгдэж байна. Энэ ондоо багтааж угсралтын ажлыг дуусгана. Программ хангамжийн өөрчлөлтийг оноос өмнө дуусгавал, төмөр замд үр өгөөжөө өгч эхэлнэ. Замын-Үүд-1 өртөөний хилийн бүс дэх паркын ажлын хувьд гадна байгууламжийн угсралт хийсэн, одоо дотор угсралтыг хийх ёстой. Программ хангамжийн үнийн саналыг авах, хэрэгжүүлж дуусгах ажил үлдсэн. 36 дугаар зөрлөг, Цайдам зөрлөгийг МПЦ -р тоноглох ажил төсөл, угсралтын шатандаа Москва хотод хийгдэж байна. Энэ ондоо бид урьдчилаад модулийг суулгах суурийн ажлыг дуусгана. Тиймээс Ногоон толгой зөрлөгийн өргөтгөлийн ажлыг энэ жил замчид, холбоочид эхлүүлж чадахгүй болж байна.
Хангай зөрлөгийн өргөтгөл хийгдэж байна. Дохиолол холбооны ангийн хувьд угсралт, суурилуулалтыг арваннэгдүгээр сард дуусгахаар ажиллаж байгаа. Программ хангамжийн өөрчлөлтийг дараа жил хийнэ. Өнгөрсөн жил өргөтгөл хийсэн Эмээлт, Цомог зөрлөгүүдийн программ хангамжийн өөрчлөлтийг аравдугаар сард дууссан. Уг өргөтгөлийн ажлын үр өгөөж одооноос гарч эхэлнэ. Одоо энэ хэсэгт радио галт тэрэг явах боломжтой болсон. Эдгээр зөрлөгүүдийг галт тэрэгний зохицуулагч ажлын байрнаасаа удирдаж болно.
-Дохиолол холбооны шугамын найдваржилтыг дээшлүүлэх, шинээр нэвтрүүлэх ажлын хүрээнд юу хийж байна вэ?
-Дохиолол холбооны шугам гэж холбооны агаарын шугамыг яриад байх шиг байна. Агаарын шугамын хувьд гол зам дагуудаа нөөцөд зогсож байна. Гол замдаа холбоо, дохиоллыг 100 хувь шилэн кабелиар шийдсэн туршлага бидэнд байгаа. Энэ ажлыг орхигдуулснаас энэ жил гурван удаа агаарын шугамтай холбоотой гэмтэл гарч, галт тэрэг зурмагаас гаргалаа. Салаа замуудад агаарын шугамыг шилэн кабелиар солихоор төлөвлөх хэрэгтэй.
-УБТЗ-д хоёрдогч шилэн кабелийн ажил үргэлжилж байгаа. Өнөөгийн байдлаар, энэ ажил хэдэн хувьтай явна. Тулгамдаж буй асуудал байна уу?
-2013 онд хоёрдогч шилэн кабелийн ажлыг эхлүүлсэн, энэ жил үлдсэн 250 км шилэн кабелийг суурилуулж дуусгахаар ажиллаж байна. Энэ үлдсэн 250 км дээр хувьчилж ярих юм бол 60 хувь гарах байх. Тулгамдаж байсан асуудлыг шийдсэнээр энэ ажил эхэлсэн. Одоо суурилуулсан хоёрдогч шилэн кабелиа бүрэн ашиглахгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ. Жишээ нь, 2019 оны аравдугаар сард Монголын талаас татсан кабелийг хэрхэн холбох шийдэл, шийдвэрийг сая ОХУ-ын Иркутск хотноо болсон гурван улсын хилийн хэлэлцээрийн протоколын дагуу ирэх оны хоёрдугаар сард хоёр талын ИТА нар гаргах юм.
-Тоног төхөөрөмжийг өргөтгөн, сайжруулах, ГТХАБ-ыг хангаж эрсдлийг бууруулах, найдваржилтыг хангахад хөрөнгө оруулалт, их барилга, их засвартай холбоотой шаардлагатай материал сэлбэг гол асуудал болдог. Аж ахуйн нэгжүүдэд материал сэлбэгийн хангалт удаашралтай байгаагаас ажил нь дулаан цагт эхлэхгүй, хугацаа их алдаад байх шиг. Танай харьяа ангиудад ч энэ байдлаар оройтон эхэлж буй ажил олон байна уу?
-Дээр дурдсанчлан тийм асуудал байна. Үүнтэй холбоотойгоор их барилга, их засварын ажлууд ес, аравдугаар сард эхэллээ. Энэ байдлыг аль нэг алба, хүнтэй холбоод асуудлаас гарах гарцыг олохгүй. Ажлыг сайн төлөвлөж, төлөвлөгөөнийхөө араас хөөцөлдөж байж л багасгана гэж би бодож байна. Ихэнх бараа, материал гаднаас нийлүүлэгддэг. Зарим тохиолдолд Монголд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн хүртэл гаднаас нийлүүлэгдэж байна. Чанаргүй материал нийлүүлэгдсэнийг буцаалаа. Энэ бүхэн эргээд ажил төлөвлөлтөд нөлөөлж байна.
-Аж ахуйн нэгжүүд худалдан авалт, борлуулалт хийх 10 сая төгрөгийн эрхтэй гэдэг байх аа. Харин ажлаа шуурхай хийхийн тулд үүнээс илүү эрхтэй баймаар байна гэж салбар нэгжүүдийн удирдлагууд ярьдаг. Энэ талаар та албаны даргын хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Энэ асуудал урьд нь төмөр замд байж л байсан. Эдийн засгийнхаа боломжоос хамаараад энэ хязгаарыг багасгаад, сайжирсан үедээ ихэсгэдэг. Шуурхай ажлын үед энэ хязгаар нэг талаасаа чөдөр, тушаа болж л байна.
-Замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд жил бүр зарим өртөө, зөрлөгийн замыг уртасгаж байна.Үүнтэй уялдаад тэдгээр өртөөдөд чанга яригч, камерын хяналт зэрэг нь дутагдаж буй талаар төмөр замчид үзлэгийн үеэр их ярьж байна. Энэ оны төлөвлөгөөнд энэ чиглэлийн ажил байгаа юу?
-Өртөө, зөрлөгүүдийг өргөтгөх үед холбоочид маань чанга яригчийн хүчин чадлыг нэмэх, хамрах хүрээг томосгох зэрэг ажлыг хийдэг. Энэ жил Цомог зөрлөгийн чанга яригчийн системийг сайжруулах ажлыг хийж дууслаа. Одоо Улаанбаатар-1 өртөөний чанга яригчийн хамрах хүрээг тэлэх ажил эхлээд явж байна. Энэ арваннэгдүгээр сард дуусгана. Улирлын үзлэгээр нэлээд олон зөрлөгийн чанга яригчийн хүчин чадлыг нэмэх үүрэг даалгавар өгсөн. Одоогоор тендерт нь шалгарсан албан байгууллага байхгүй байна. Камерийн хувьд манай алба маш том камерийн аж ахуйтай болсон байна. Хүн хүчний ч асуудал байна. Камер суурилуулаад дараа нь арчилгаа үйлчилгээний зардал, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцдог байх хэрэгтэй. Камер буюу дүрс бичлэгийн систем нь болоод өнгөрсөн үйл явдлыг баримтжуулах л систем. Аливаа эрсдлийг бууруулахад урьдчилсан төлөвлөлт хэрэгтэй.
-Замын-Үүд өртөөний галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын пультыг шинэчлэх гэж байгаа юм билээ. Энэхүү шинэ пульт нь ямар давуу талтай вэ. Цаашид өөр өртөө зөрлөгийнхийг шинэчлэх үү?
-Хяналтын самбарыг нь дохиолол холбооны III ангийн ИТА-ууд сольсон. Эндээс албаны ИТА нар очиж гурван хоног ажилласан. Ажил муу төлөвлөсний үр дүнг хүртсэн. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нд удирдлагын самбарыг солих цонхны ажил хийгдэнэ. Цаашид ийм төрлийн хяналт, удирдлагын самбарыг бид төлөвлөхгүй. Зарцуулж байгаа мөнгөтөй нь харьцуулахад үр өгөөж муу шийдэл. Бидэнд электрон хяналтын самбарыг ашиглах техникийн нөхцөл бүрдээд байна. Энэ тал руу нь техникийн хөгжүүлэлтийг явуулна.
-Таныг албаны дарга байхад алсын удирдлагатай анхны жижүүргүй зөрлөгийг нээсэн санагдана. Одоо Замын хэмжээнд ийм алсын удирдлагатай нэлээд хэдэн боллоо. Эдгээр зөрлөгийг нээснээр техник, эдийн засгийн хувьд ямар үр дүн гарсан бол?
-2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд шиг санагдаж байна. УБТЗ-ын 859 км-т Монголын Улсын хэмжээнд анхны 100 хувь МПЦ -р тоноглогдсон 36 дугаар зөрлөгийн ажлыг дуусгаж, нээлтээ хийсэн. Энэ зөрлөгийн их барилгын ажлын үеэр 200 км хоёрдогч шилэн кабелиа суурилуулж, ЛПС-г шилэн кабелиар шийдсэн төдийгүй анх удаагаа чанга яригч болон камерийн системийг алсаас хянаж удирддаг шинэ техникийн шийдлийг манай албаны хамт олон гүйцэтгэж байжээ.
Эдийн засгийн үр ашгийн хувьд арчилгаа үйлчилгээний зардал бүх чиглэлээр хэмнэгдсэн. Хажуу өртөөнөөс нь энэ зөрлөгүүдийг удирддаг тул наад зах нь таван жижүүрийн цалин хэмнэгдэнэ гэсэн үг. Энэ зөрлөгүүдийг анх цувраа байрлалтай парктайгаар хийсэн тул галт тэргийг зогсолтгүйгээр зөрүүлж байна. Хэчнээн галт тэргийг зөрүүлж, тэр хоорондын замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлснийг тооцох юм бол эдийн засгийн үр өгөөж өндөр гарах байхаа.
-СИРДП-Е ашиглалт, цаашид танайхтай холбоотой шийдвэрлэх ямар ажил байна вэ?
-Юуны өмнө СИРДП-Е систем гэж нэрийн талаар авч үзэх хэрэгтэй. Энэ төсөл хэрэгжсэнээр ямар системтэй болсныг дурдья. Одоо УБТЗ-д релен болон МПЦ дээр суурилсан хоёр төрлийн цахилгаан төвлөрүүлэлтийн систем байдаг. Хоорондын замын хориглол болох релен хагас автомат хориглол, гол тоологч дээр суурилсан өртөө хоорондын хориглол, радио хориглолын гэсэн гурван төрлийн хоорондын замын хориглолын системтэй болжээ. Энэ хоёр бүлэг хориглолын системийг нэгтгээд удирдаж байгаа системийг нь диспетчерийн буюу галт тэрэгний зохицуулагчийн төвлөрүүлэлт гэж нэрлэдэг. Одоо өртөөний цахилгаан төвлөрүүлэлт, радио хориглолын, диспетчерийн төвлөрүүлэлт гэж гурван том систем дээр асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Эдгээр системүүдийн ажиллагаа нь бүгд программ хангамж дээр суурилдаг. Диспетчерийн болон радио хориглолын төвлөрүүлэлтийн программ хангамжид асуудал байгаа, эдгээрийг засаж залруулах боломжтой гэж харж байгаа. Сая СИРДП-Е хэлтэс, 1520 мэргэжилтэнтэй хамтарч дээр дурдсан Цомог, Эмээлтийн ажилтай хамтатган зарим нэг алдааг цонхны ажлын үеэр зассан. Урьд нь ч энэ чиглэлээр олон ажил хийсэн байдаг. Тоног төхөөрөмжийн сэлбэг нөөцөө шавхаж байна. Ашиглалтын явцад болон баталгаат хугацааны туршилтын үед гол тоологч, түүний блокууд, диспетчерийн болон радио хориглолын төвлөрүүлэлтийн блок, плат хавтангууд гэмтэж, эвдэрсэн, эдгээрийг засаж , сэлбэх ажлын яриа хэлцэл байнга хийгдэж байна. Асуудлуудыг шийдэх, цааш хөгжүүлэх талаар албан дээр төлөвлөсөн ажлууд бий. Өөр нэг томоохон асуудал нь эдгээр системүүдийн тоног төхөөрөмж, программ хангамжийн сервис үйлчилгээний асуудал юм.
-Замын даргын үзлэгээр явж байхад Дохиолол холбооны ангиудад, ялангуяа говийн бүсэд хүний нөөц тулгамдсан асуудал болж буйг ярьж байна. Энэ талд албаны зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Говийн бүсийн боловсон хүчний асуудал дээр анхаарч байгаа. Замын захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа боловсон хүчний бодлого, "Говийн төмөр замчин" хөтөлбөр, шагнал урамшууллын тушаал, сарын үр дүнг тооцох журам, цаашлаад менежментийн нэгдсэн тогтолцоо, ГТХАБ-ын бодлогын бичиг баримтуудыг анхааралтай уншиж судлах юм бол энэ асуудлыг шийдэх аргыг олж харах байх. Жишээ нь менежментийн нэгдсэн тогтолцоо, ГТХАБ-ын бодлогын бичиг баримтыг судалж байхад ямарваа асуудлыг системд байна гэж дарга нар хардаг байх ёстой юм байна лээ. Өөрөөр хэлбэл, манай ангийн дарга нар аж ахуй дээр нь асуудал байвал хамгийн түрүүнд ангийн удирдлагынхаа түвшинд асуудал байгаа эсэхийг харах хэрэгтэй. Асуудлыг харахгүйгээр шууд ажилтныг буруутгаж үр дүнгийн шагналт цалинг хасаад байвал асуудал хүндэрч байгаа юм. Энэ асуудал ганцхан манай аж ахуй дээр ч биш бусад албадад байгаа харагддаг. Урдаа бариад ажиллах дүрэм журам, бодлогын бичиг баримтуудыг нь Замын удирдлагаас гаргаад батлаад өгчихсөн байна, тэгэхлээр бидэнд түүнийг хэрэгжүүлэх ур чадвар, менежер хүний ухаан хэрэгтэй.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
М.Наранболд

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.