Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазартай цөөн хором ярилцлаа.

 

-2023 онд Зангилааны даргын эрхэлсэн ажлынхаа хүрээнд ямар ажлуудыг амжуулав?

 

-Миний бие 2017 онд Хойд хэсэглэлийн нийгмийн асуудал хариуцсан орон тооны зангилааны даргаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Сүхбаатар зангилааныхаа хэмжээнд УБТЗ ХНН болон орон нутгийн чанартай хөрөнгө оруулалтыг чамгүй татаж ажиллалаа.  Ажилчид тав тухтай орчинд ажиллаж, амьдрах  нөхцөлийг хангасан, байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулсан, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн гээд үнэ мөнгөөр хэмжигдэшгүй өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалтыг хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал, 2018 онд анхны есөн давхар барилгаа Сүхбаатар зангилаанд амжилттай барьсан, Сүхбаатар өртөө болон эргэх депогийн гадна фасад, ТҮГ-ын завсар гээд олон ажлыг энд дурдаж болно. Энэ бол манай зангилааны хамтын зүтгэлийн үр дүн юм. Тийм ч учраас 2022 онд манай хамт олон Замын хэмжээний “Шилдэг зангилаа”-гаар шалгарсан. Миний хувьд аймаг, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Сүхбаатар зангилаандаа татаж ажиллалаа.

 

-Төмөр замын тээврийн ажилд модны эрэлт хэрэгцээ маш чухал байдаг. Гэтэл Байгаль орчны яамны хэмжээнд мод бэлтгэлийг хориглоод байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой асуудлыг маш эергээр шийдсэн жишээнүүд олон байгаа гэж сонссон?

 

-Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Мод боловсруулах үйлдвэр болон модны нөөцтэй сумдын удирдлагатай хамтран ажилласны үр дүнд модны гэрээг аймгийн удирдлагын зөвшөөрлийн дагуу байгуулж, дэр модны хэрэгцээг хангуулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүнээс гадна Зүүнхараа өртөөнд 40 айлын орон сууц барих ажилд нийт 500 сая төгрөгийг орон нутгийн төсөвт нь суулгууллаа. 25 дугаар км-т хонгилон гарц барих бүтээн байгуулалтын ажилд аймгаасаа 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгууллаа. Мөн Орхонтуул, Зүүнхараа зэрэг  төмөр замын уурын зуухтай газруудад аймгийн ЗДТГ-ын нөөц сангаас 230 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүллээ. Бүжинхэн цэцэрлэгийн дулааны шугамыг төвийн дулаанд холбож энэ оноос бяцхан үрс маань тав тухтай, дулаан орчинд сурч хүмүүжиж байна. Үүнд аймгаас 30 сая, Замын даргын шийдвэрээр 10 сая гээд нийт 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Төмөр замчдын маань хүүхдүүд тав тухгүй орчинд сурч хүмүүжих нь эргээд ханиад томуу тусах, өвчлөх үүнээс нь улбаалан ажилтнууд ажлаасаа чөлөө авах, ажлын байрандаа сэтгэл тайван ажиллаж чадахгүй байх зэрэг олон сөрөг үр дагавартай байсныг ийнхүү шийдвэрлэсэн. Өмнө нь, төрийн байгууллагад ажиллаж, орон нутгийн удирдлагатайгаа ойр харилцаатай явдгийн хувьд төмөр замчид руугаа чиглэсэн, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг амжилттай татаж, тэр бүхэн нь нүдээ олсон оновчтой шийдэл болж байгаад сэтгэл хангалуун явдаг. Энэ нь, нөгөө талдаа аймгийн иргэдийн ахуй, амьдралд ч үр өгөөжөө өгч байна гэсэн үг.  Дээр нь, УБТЗ гэх өндөр алдар хүнд дагалдаж яваа учраас миний зүгээс тавьсан саналыг орон нутгийн удирдлага нааштайгаар хүлээж авдаг юм болов уу. Нэг үгээр хэлбэл, энэ бүхэн дан ганц надаас шалтгаалсан ажил биш юм.

 

-Танай зангилааны ихэнх ажлын байр хүйтэн, зутруу байгаа нь ажиглагдлаа. Үүнийг цэцэрлэгийн жишгээр орон нутагтай хамтран шийдэх боломжтой юу?

 

-Замын Ерөнхий инженерийн үзлэгээс гаргасан үүрэг чиглэлийн дагуу Сүхбаатар өртөө, Эргэх депо, Замын хэсэг, ТҮГ зэрэг байгууллагын дулааны шугамыг аймгийн төв шугамын нэгдүгээр конторт холбохоор ярилцлаа. Энэ ажлыг 2024 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн ирэх долдугаар сарын 1-нээс зөвхөн Сүхбаатар өртөөнд бус Эрдэнэт, Дархан, Зүүнхараа чиглэлд төслийн баг ажиллуулж, миний бие ахлахаар болсон. Энэ хүрээнд миний бие Эрдэнэт зангилаанд ажиллалаа. Тус зангилааны төмөр замчид маань олон санал санаачилга дэвшүүлсний нэг нь орон сууцны асуудал. Улмаар тухайн асуудлаар орон нутгийнх нь удирдлагуудтай уулзаад А зэрэглэлийн бүсэд төмөр замын ажилчдын 80 айлын орон сууц барих газрын зөвшөөрлийг нь авахаар тохиролцсон. Мөн 2024 онд Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдад зориулсан 500 айлын орон сууцны бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбогдуулан  Сэлэнгэ аймгийн засаг дарга, УБТЗ ХНН-ийн дарга, төслийн гүйцэтгэгч “Сэлэнгэ мөрөн” ХХК-ийн захирал нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Энэ хүрээнд Сүхбаатар зангилааны ажилтнууд, залуу гэр бүлийн төлөөлөл болсон 120 хүний захиалгыг эхний ээлжинд өгөөд байна.  Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл  манай зангилааны ажилтнууд орон сууцны хүрэлцээ хангамжаар гачигдалгүй болох юм.

 

-Ялангуяа, цар тахлын үеийн маш хүнд нөхцөлд Сүхбаатар зангилааны хамт олон хамгийн түрүүнд тулж ажиллан амжилттай давсан шүү дээ?

 

-Цар тахалтай холбоотой маш хүнд нөхцөлүүд тулгарч байсан ч төмөр замчдынхаа хамтын сэтгэлийн үр дүнд бүхнийг амжилттай давж чадсан. Дээрээс нь Замын даргын дэвшүүлсэн бодлого шийдвэрүүд эхнээсээ биеллээ олж, цалин хөлсний шинэчилсэн систем, удаан жилийн нэмэгдэл амжилттай хэрэгжиж эхэллээ. 2023 онд нийт төмөр замчид үр дүнгийн шагналаа 200 хувиар бодож авахаар боллоо. Энэ бүхний үр дүнд хувийн хэвшил рүү шилжсэн, гадаадад ажиллахаар явсан боловсон хүчнүүд маань буцаж ирж байна. Шинэ залуу ажилтнууд ч ажилдаа дур сонирхолтой, сэтгэл өөдрөг ажиллаж байна.

 

 СҮХБААТАР ӨРТӨӨ

 

          Хойд хилийн өртөөнийхөн шинэ онд амжилтаа ахиулна

 

Өдгөөгөөс 75 жилийн тэртээ буюу 1949 оны арваннэгдүгээр сард Наушки-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг аялж эхэлснээр Сүхбаатар өртөөний хөгжлийн хуудас нээгдсэн түүхтэй.

Тус өртөө нь олон улсын болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэрт нээлттэй, хилийн хэсгийн ангигүй өртөө бөгөөд Хойт, Дулаан зөрлөг, Ерөө өртөөний ажлыг хариуцан ажилладаг. Түүнчлэн, хагас автомат хориглолоор тоноглогдсон, галт тэрэг хүлээн авах, явуулах 13 замтай. Мөн салаа болон тусгай зориулалтын хэрэгцээний 20 зам, галт тэрэгний тормоз урьдчилан турших хийн сүлжээ, компрессор, вагон салгалтгүй засварлах гагнуурын 1600 метр шугамтай. Үүнээс гадна тус өртөө нь 20 тоннын даацтай кран, 30 тоннын цахилгаан өргөгчүүд, 13 замын бүрэн автомат хамгаалалттай электрон вагон пүүгээр тоноглогдсон. Мөн хоногт дунджаар 10 хос галт тэрэг солилцож, 1100 гаруй вагон урсгалд нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа ба цаашид энэхүү үзүүлэлтйиг өсгөхөөр ажиллаж байгаа аж.

 

                         Вагон хүлээн авалт, явуулалт өсөв

 

Сүхбаатар өртөө нь ОХУ-тай ачаа, вагон солилцоог 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж, 2023 онд тус улсаас 2717 галт тэрэг буюу 112984 вагон хүлээн авч, ОХУ-д 2533 галт тэрэг буюу 113043 вагон хүлээлгэн өгчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 30-40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн галт тэрэг солилцоо нэмэгдэхийн хэрээр экспорт, импортын ачааны хэмжээ өссөн. 2023 онд экспортод 173610 тн ачаа хүлээлгэн өгч, импортоор 2741608 тн ачаа хүлээн авсан байна. Өнгөрөгч оны тоон болон чанарын үзүүлэлтийг өмнөх оноос давуулан биелүүлэх зорилт тавин ажилласны дүнд хэсэглэлийн хэмжээнд ачилт 43872 вагон,  буулгалт 3522 вагон болон өссөн. Түүнчлэн, статистик даац болон АНАВСЗ, ОНВСЗ, ажиллагаатай болон ажиллагаагүй транзит вагон/цагийн төлөвлөгөөг биелүүлэн, 160.2 тэрбум төгрөгийн тээврийн орлого оруулжээ.

 

                             Орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ

 

Тус өртөөний хамт олон зорчигч үйлчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд хүргэх, зорчигч тээврийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтийг биелүүлэх зорилт тавин ажилласан. Үүний үр дүнд зорчигч үйлчлүүлэгчдээс гомдол санал ирээгүй байна. 2023 онд 54 мянга 318 зорчигч тээвэрлэж,  723 сая 567 мянга 732 төгрөгийн орлого олсноор зорчигч орлогын төлөвлөгөө 142 хувиар биелсэн. Тээш явуулалтаар 28 мянга 958 байр 432 мянга 450 кг ачаан тээш тээвэрлэж, 169 сая 632 мянган төгрөгийн орлоготой ажилласан. Харин тээш ирэлтээр 73 мянга 105 байр, 1225 тонн 957 кг ачаан тээш хүлээн авчээ.

Түүнчлэн, ОХУ-аас ирсэн зорчигч үйлчлүүлэгч болон бусад шалтгаантай иргэдэд зориулсан "Итгэлтэй утас"-ыг "Монголын цахилгаан холбоо" ХХК-тай хамтран  ажиллуулж байна.

Үүнээс гадна, зорчигч болон тээш тээвэрлэлтийн талаарх мэдээллийг орон нутгийн ард иргэдэд шуурхай дамжуулах зорилгоор албан ёсны хаяг үүсгэж, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг цахимаар хүргэж хэвшлээ. Мөн тээш түгээгчийн ажлын байранд 85780808 дугаарыг ажиллуулж, Сэлэнгэ аймгийн холбооны лавлахад бүртгүүлсний дээр тээшийн талаарх бодит мэдээллийг ярьж хэлэх болон мессеж үйлчилгээгээр хүргэдэг болсон.

Цаашлаад, 2023 оны арваннэгдүгээр сараас тээш хүргэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, орон нутгийн иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг, хямд үнээр үзүүлж байгаад иргэд өндөр сэтгэгдэлтэй байна.

                         

Ийнхүү 2023 онд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан Сүхбаатар өртөөний хамт олон шинэ оны ажилдаа урам зоригтой оржээ. Улмаар, зорчигч үйлчилгээний нэр төрөл, чанарыг сайжруулан орлого нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, зорчигчийн заалан дахь мэдээллийн болон сурталчилгааны самбаруудыг нэгтгэн орчин үеийн хэлбэрт шилжүүлэн телевизороор гаргах, вокзалын жижүүрийн өрөөг засварлаж, өнгө үзэмжийг сайжруулахаар төлөвлөжээ. Мөн харилцагч байгууллагуудтай хамтран цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, сурталчилан таниулах сургалт зөвлөгөөн зохион байгуулах ажээ.

 

Б.Золжаргал