Зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрт ямар төрлийн гэмтэл үүсэж байгаа тухайд Зүтгүүрийн аж ахуйн албаны засвар эрхэлсэн орлогч дарга Л.Дагвадоржоос тодрууллаа.

 

-УБТЗ-ын тээвэрт ашиглагдаж байгаа нийт зүтгүүрүүд нь хувьсах гүйдлээс тогтмол гүйдлийн цахилгаан дамжлагатай. Энэ дамжлага нь зүтгүүрийн дизель-генераторын төхөөрөмжөөс үүссэн хувьсах гүйдлийг татах цахилгаан хөдөлгүүрийн тусламжтай хос дугуйг эргэлтэд оруулах буюу цахилгаан энергийг механик энергид шилжүүлдэг. Зүтгүүрийн болон түүний эд ангиудыг зүтгүүрийн ажилласан хугацаа, гүйлтээс хамааран үечилсэн, урсгал, дунд, их засваруудыг тогтмол хийх ёстой. Жишээ нь, ЭД133 серийн татах цахилгаан хөдөлгүүр (цаашид ТЦХ) -ийг үйлдвэрлэгчийн зүгээс тогтоосон “ИАКВ.652331.003 РЭ” засварын зааврын дагуу зүтгүүрийг 825 мянган километр ажилласны дараа ТЦХ–т дунд засвар, 1.65 сая километр ажилласны дараа их засварыг тус тус хийх ёстой. Тус серийн  ТЦХ нь УБТЗ ХНН-ийн гол замын тээвэрт ажиллаж байгаа 2ТЭ116УМ, 2ТЭ116УД серийн зүтгүүрүүд буюу нийт гол замын зүтгүүрийн 39 хувийг эзлэх зүтгүүрүүдэд суурьлуулагдсан байгаа ба нэг зүтгүүрт 12 ширхэг ТЦХ –тэй, нийт 420 ширхэг юм. Сүүлийн жилүүдэд зүтгүүрийн хоногийн дундаж гүйлт нь 560 км буюу ТЦХ –ийг дөрвөн жил тутамд дунд эсвэл их засвар хийх шаардлагатай. Энэ нь жил бүр 100 ширхгээс багагүй ТЦХ–ийг засварлуулах ёстой боловч 30-50 ширхгийг засварлуулж байна. Дунд болон их засвар хийхгүй ТЦХ – г ажиллуулснаар ороомгийн тусгаарлалтын эсэргүүцэл алдагдах, механик эд ангиуд металлийн ядаргаанд орох зэргээр гэмтэл үүсэх эрсдлүүд нэмэгддэг.  

 

-Үүсээд байгаа гэмтэл, хүндрэлтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Бид өнөөдрийн байдлаар зүтгүүрийн бүх төрлийн цахилгаан хөдөлгүүрүүдийн үечилсэн болон урсгал засваруудыг өөрсдийн нөхцөлд засварлаж байгаа. Харин дунд болон их засварыг гэрээний аргаар гүйцэтгүүлдэг. Цаашид дунд болон их засвар хийх зорилго тавин ажиллаж байна. Тус зорилгын хэрэгжилтийн хүрээнд одоо байгаа засварын бааз дээр тулгуурлан хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн ороомгийг солих, голыг шинээр зорж бэлтгэх, мөн якориос гэмтэлтэй голыг сугалах, шинэ голыг суулгах гэх мэт ажлуудыг амжилттай эхлүүлээд байгаа. Удаан хүлээгдсэний эцэст цахилгаан машины их засварын цех барих газар сонголтыг хийсэн. Одоогоор  зураг төслийн ажлууд эхлээд байна. ТЦХ-ийн их засварыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулдаг мөн шаардлагатай хэмжээгээр засварлуулж чадахгүй байгаа нь ТЦХ–ийн хомсдолд орсон. Өнөөдрийн байдлаар, 2ТЭ116УМ серийн  таван зүтгүүр ТЦХ байхгүй шалтгаанаар зогсож байна. 2023 оны төлөвлөгөөний дагуу засварлуулсан ТЦХ-үүдийн эхний ээлжийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан 2ТЭ116УМ-029 зүтгүүрт суурилуулах ажлыг эхлүүлээд байна.