БНСУ-ын Корейл корпорацийн ерөнхийлөгч бөгөөд Олон Улсын Төмөр Замуудын Холбооны Ази-Номхон далайн бүсийн Ассамблейн дарга Хан Мүн Хи тэргүүтэй төлөөлөгчид УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн баярт оролцсон билээ. Түүнийг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Замын дарга Х.Хэрлэн өнгөрсөн хавар БНСУ-д болсон Олон Улсын Төмөр Замуудын Холбооны Ерөнхий Ассамблейн үеэр манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан явдалд нь талархал илэрхийлээд УБТЗ-ын 75 жилийн ойн баярын үеэр дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Корейл болон УБТЗ ХНН-ийн хооронд 2015 онд санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Тиймээс энэхүү санамж бичгийг шинэчилж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тэрээр онцолсон юм. Ноён Хан Ми Хи уг хүсэлтийг хүлээн авахад бэлэн гэдгээ хэлээд УБТЗ-ын 75 жилийн ойн баярт урьсанд талархаж буйгаа уламжлав.