Энэ жилийн их засварын ажлыг Агуйт-Мааньт хооронд гурван цонхоор таван км зам тавьсныг Замын даргын үзлэгийг угтан өнгөрөгч Баасан гарагийн 19.30 цагийн үед хөдөлгөөнд нээлээ. Энэ онд Агуйт-Мааньт хооронд нийт 17.4, Зүүнбаянд гурав, Хонхор-Хоолт хооронд 27 км замд их засвар хийх төлөвлөгөөтэй байгаа аж. ЗЗМС-ын дарга Л.Жаргалсайхан “Эхний таван км замыг хөдөлгөөнд нээхэд замчин, ажил удирдагч, оператор нийлээд 180 орчим хүн ажиллалаа. Дээр нь, машинч, холбоочид, өртөөнийхөн гээд нийт 230-аад хүн ажилласан. Р65 зам төмөр, CZ бэхэлгээтэй төмөр бетон дэртэй, стандартын шаардлага хангасан зам тавьж байна. Энэ хооронд Р50 зам төмөртэй, дэр модны аж ахуй 40-өөс дээш хувь нь чанарын шаардлага хангахгүй, галт тэрэгний хөдөлгөөн хязгаарлах хэмжээнд хүрч техникийн муудсан зам байсан” хэмээн үзлэгийн комисст танилцууллаа.