Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. 23 дахь долоо хоногт хоёр гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 5-ны 15.00 цагт Баянтүмэн тасгийн Эрээнцав өртөөнөөс бэлэн бус замналаар галт тэрэг явуулсан байна. Мөн 6-ны 12.16 цагт Авгынгол зөрлөгөөр 1293 дугаар галт тэрэг шууд өнгөрөх үед авто угсраа салсан гологдол бүртгэгджээ. Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон дөрөв, бусдаар тооцогдсон гурав, судалж байгаа нэг, нийт найм гарсан байна. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал дөрвөн нэгжээр өсөж, дутагдал 20 нэгжээр буурчээ. Тээврийн хувьд оны эхнээс зургадугаар сарын 4-нийг дуустал 15083.6 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.2 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1370.4 мянган тонноор илүү байна. Оны эхнээс 10658.1 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 104.5 хувиар биелүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 911.3 мянган тонноор илүү байв. Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 4676 вагон буулгаж, хоногт дунджаар 33 вагон дутуу буулгасан байна. Орон нутгийн 170700, транзит 108800, экспорт 257900, импорт 78200 тонн буюу нийт 615600 тонн ачаа тээвэрлэжээ. “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 43 вагон дутуу буюу 413, “Шивээ-Овоо” ХК 32 вагон дутуу буюу 312, “Эрдэнэт” үйлдвэр таван вагон дутуу буюу 95 вагон ачсан бол “Шарын гол” ХК төлөвлөгөөний дагуу 360 вагон ачжээ. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.99 км/цагаар, галт тэрэгний дундаж жин 3386.6 тонноор, зүтгүүрийн бүтээмж 1529.2 мянган бохир тонн/км-ээр, вагон эргэлт 4.1 хоногоор тус тус биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 19 галт тэрэг 1626 минут зогссон байна. Галт тэрэг солилцоо Замын-Үүд Эрээний өргөн царигаар 115 галт тэрэг /758.8 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /764.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болов. Нарийн царигаар 57 галт тэрэг /446.4 вагон/ хүлээн авч, 55 галт тэрэг /430.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.8-8.1 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар 60 галт тэрэг /349.2 вагон/ хүлээн авч, 60 галт тэрэг /352.4 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.5 галт тэрэг солилцжээ. Тайлант долоо хоногт чингэлгийн 79 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор илүү, оны эхнээс нийт 16682 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 152 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2410, импортын 657 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 219, импорт 45 чингэлгээр дутуу байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 491 чингэлэг, 2554 вагон ачаа байна. Түүнчлэн, Зорчигч тээврийн алба, Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга нар ажлаа танилцуулав. Зорчигчийн галт тэргэнд оны эхнээс энэ сарын 7-ныг хүртэл 94 зурмагийн тасалдал гарсан байна. Харин зорчигч тээвэрлэлт төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт 131.5, сараар мөн 131.5, оны эхнээс авч үзвэл 109.3 хувиар биелсэн байна. Их барилгаар Замын хэмжээнд 43 ажил төлөвлөсний 24 ажлыг гүйцэтгэж, 19 ажил эхлээгүй байгаа аж. Их засвараар 141 ажил төлөвлөсний 64-ийг нь гүйцэтгэж, 77 нь эхлээгүй байна. Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн ирэх өдрүүдэд хур бороо ихтэй байх тул үер уснаас урьдчилан сэргийлж хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэг даалгаврыг өглөө.
М.НАРАНБОЛД
