Нүүр Дугаарын сурвалжилга Ю.Нямжаргал: Замчид маань бодитой амжилт гаргасан
Дугаарын сурвалжилга

Ю.Нямжаргал: Замчид маань бодитой амжилт гаргасан

G.Press 2 жилийн өмнө 56 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өнгөрсөн 2023 онд Замын аж ахуйн албаны замчдын хувьд их бүтээн байгуулалт өрнүүлсэн жил байлаа. Тухайлбал, төмөр замын хоёр томоохон гүүр барьж, мөн төмөр зам доогуур автомашины хонгилон гарцууд хийснээс гадна их засвар болон Эрдэнэт, Шарын голын зам эрүүлжүүлэх хүчжүүлсэн дунд засварын ажлыг замчдын нэгдсэн хүчээр зохион байгуулсан билээ. Тиймээс тэдгээр ажилд идэвх зүтгэлтэй оролцож, томилолтоор олон хоног ажилласан замчдыг Замын аж ахуйн албанаас урьж, төмөр замын Түүхийн музейтэй танилцууллаа. Энэ үеэрээ галт тэрэгний нэгдсэн зурмагийг биелүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд идэвх зүтгэл гарган, ГТХАБ болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан замчдын төлөөллийг шагнаж, шагналыг Замын I орлогч дарга О.А.Казаков, Замын аж ахуйн албаны дарга, МУГТ Ю.Нямжаргал, тус албаны Замын их засвар хариуцсан орлогч дарга В.В.Каренда нар гардуулж, баяр хүргэлээ. Тодруулбал, “Төмөр замчны алдар” тэмдгээр зургаа, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр тав, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр таван хүний энгэрийг мялаасан юм. Мөн 350 мянган төгрөгөөр 11, 300 мянган төгрөгөөр 14, 250 мянган төгрөгөөр 15 замчин тус тус шагнууллаа. Энэ үеэр Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал “2023 он төмөр замчдын хувьд тээврийн дээд амжилт тогтоосон жил байлаа. Тээврийг нэмэгдүүлэхийн тулд зам байгууламжийн найдвартай ажиллагаа шаардлагатай. Энэ хүрээнд Замын захиргаа нэлээд хөрөнгө гаргаж их болон дунд засварын ажил хийсэн. Тиймээс энэ бүх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг замчдаа урамшуулах Замын даргын шийдвэр гаргасан. Албаных нь даргын хувьд энэ шийдвэрийг их баяртай хүлээж авсан. Улмаар, төмөр замынхаа Түүхийн музейд замчдадаа хүндэтгэлтэйгээр гардуулъя гэж шийдсэн юм. Бид замчдынхаа хүчээр Шарын голын гол замын хурдыг 70 км/цаг болгож нэмэгдүүллээ. Мөн Эрдэнэтийн зам 50 км/цаг байсныг 60, Дулаан-Ерөө хооронд тахир тойруу ихтэй хэсэгт хурд нь 65 км/цаг байсныг 70 км/цаг болголоо. Ингэснээр галт тэрэгний тоо, тээвэр нэмэгдсэн. Тэгэхээр энд шагнал хүртэж буй замчид маань ийм бодитой амжилт гаргасан хүмүүс юм” гэв. Түүнчлэн, энэ онд Агуйт-Мааньт, Хонхор-Хоолт хооронд нийт 27 км замд их засвар хийж, мөн ус өнгөрүүлэх хоолойнууд угсрахаар төлөвлөснөө албаны дарга танилцуулж, Замын ангиудын удирдлагууд замчдад баяр хүргэлээ.

 

Замын I ангийн XI хэсгийн шалгалтын бригадын дарга Д.Гансүх:

 

-Би 1997 онд Төмөр замын коллеж төгсөөд Замын I ангийн XI хэсэгт ажлын гараагаа эхэлсэн. 2004 онд Түнхэл өртөөн дэх XIII хэсэгт мастер болж найман жил ажилласан. Тэгээд 2012-2016 онд Үнэгт зөрлөг дэх XII хэсэгт мастер, өнөөг хүртэл XI хэсэгтээ бригадын даргаар ажиллаж байна. Миний хувьд 2023 онд Шарын голын гол замд бүтэн гурван сар томилолтоор очин ажил удирдсан. Ер нь, бид өөрийн хэсгийн үндсэн ажлаас гадна өөр хэсэг рүү олон сараар томилогдон, гэр орноосоо хол ажиллах тохиолдол их байдаг. Тиймээс бидний ажил хөдөлмөрийг үнэлэн шагнаж буй Замын захиргаа, Замын аж ахуйн алба, ангийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Манай хэсэг ангийн хэмжээндээ нэлээд томдоо орно. Бид өнгөрсөн онд 2500 төмөр бетон дэр сольж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоорондын замын техникийн байдлыг сайжруулсан.

 

 

Замын II ангийн XI хэсгийн мастер Д.Батжаргал:

 

-Манай хэсгийн хамт олон өнгөрсөн онд урсгал болон дунд засвар их хийсэн. Бидний ажлыг өндрөөр үнэлж, намайг төлөөлөл болгон энэ шагналыг олголоо. Маш их баяртай байна. Миний хувьд төмөр замд 32 дахь жилдээ ажиллаж байна. 1992 онд Замын II ангид ажилд орж, Цагаан хяр зөрлөгөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо мастераар ажиллаж байна. Манай XI хэсэг тахир тойруу ихтэй. Нийт 20 км-ийн урт бага радиустай 35 тахиртай. 2003 оноос хойш их засвар хийгээгүй. Харин энэ онд 10-аад км замд их засвар хийхээр төлөвлөсөнд баяртай байгаа.  

 

 

Замын III ангийн IV хэсгийн замчин Я.Эрдэнэбаатар:

 

-2008 онд ангийнхаа IV хэсэгт анх ажилд орсон цагаасаа л тасралтгүй замчнаар ажиллаж байна. “Тэргүүний төмөр замчин” хэмээх нэр хүнтэй шагналаар шагнуулсан маань С.Батхишиг мастертай хэсгийн хамт олны минь л хүч шүү дээ. Бид аливаа ажлын ард хамтын хүчээр л гардаг. Замчдын ажил их сайхан. Тиймээс хамт олондоо маш их баярлаж буйгаа энэ ташрамд хэлье. Мөн алба, ангийн удирдлага, Замын захиргаандаа талархал илэрхийлье. Өмнө нь би Зүүнбаянгийн 416 км шинэ төмөр замд ажилласан. Тэгэхэд намайг маш сайн ажиллалаа гэж дүгнээд, Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасанд баяртай байгаа.

 

 

Замын IV ангийн IV хэсгийн замчин Д.Чагнаадорж:

 

-Юуны өмнө шагнал олгосон удирдлагууддаа талархал илэрхийлье. Би цэргээс халагдаж ирээд 2000 онд Замын IV ангийн XI хэсэгт замчин болж байлаа. Тэр цагаас хойш олон том ажилд хэсгийнхээ замчидтай оролцсон. Сүүлийн жилүүдэд гэвэл Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км шинэ төмөр зам тавихад томилолтоор ажилласан. Өнгөрсөн онд Ерөөд 11 км, Мааньтад 1.5 км засвар гэхчлэн нэлээд явж ажиллалаа. Ерөөгийн хэсэглэл тахир тойруу ихтэй, нөхцөл их хүнд газар юм билээ. Ер нь, олон газар томилолтоор очиж ажиллах сайхан байдаг. Олон ч найз нөхөдтэй боллоо. Төмөр замд ороод л гэр бүлтэй болж байлаа. Нэг л мэдэхэд долоон хүүхэдтэй өнөр айл болсон байна. Миний амьдралын хамаг л сайн сайхан бүхэн төмөр замтай маань холбоотой.

 

Замын VI ангийн VI хэсгийн замчин М.Оюундалай:

 

-Би 1992 онд Замын VI ангийн Хангал өртөөн дэх VI хэсэгт замчин болж, өнөөг хүртэл энэ л хэсэгтээ ажиллаж байна. Миний 32 жилийн хөдөлмөрийг үнэлж “Төмөр замчны алдар”-аар шагнасанд маш их баярлалаа. Манайх тахир тойруу ихтэй, нэлээд хүнд хэсэг. Хэсгийн хамт олон маань хамтын хүчээр хариуцсан замаа маш сайн арчилж, өнөөгийн байдлаар 80 орчим хувь нь төмөр бетон дэртэй болоод байна. Энэ шагнал хэсгийнхний маань л хөлс хүч юм. Тиймээс хамт олондоо, ангийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

 

 

Зам засварын машинт станцын УК краны машинч Н.Энхболд:

 

-Би 1995 онд ЗЗМС-ын Салхит дахь Үе угсрах баазад замчнаар ажилд орж, өнөөг хүртэл энэ бааздаа л ажиллаж байна. 28  жилийн хөдөлмөрийг маань үнэлж “Тэргүүний төмөр замчин” гэх эрхэм хүндтэй шагнал олгосонд баяртай байна. Ажилд орж байсан үеийг бодвол манай үе угсрах бааз цаг үе, хөгжил дэвшлээ дагаад нэлээд өөр болсон. Техник, технологи ч шинэчлэгдэж байна. Анх жилд 10 гаруй км төмөр бетон дэртэй үе угсардаг байсан бол одоо 30, 40 км-ийг угсардаг боллоо. Миний хувьд Хангийн төмөр зам тавихад Зүүнбаянгийн Үе угсрах баазад очиж УК кран дээрээ ажилласан.

 

 

М.Наранболд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.