Аравдугаар сарын 01.  “Ахмадын баяр”-ын өдөр.   Энэ өдрийг тохиолдуулан УБТЗ-ын Ахмадын холбооны дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин  Ю.Идэрчулуунаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-2022 оны гуравдугаар сарын 30-нд УБТЗ-ын ахмадууд хурлаа хийж таныг холбооныхоо даргаар сонгосон. Өнөөг хүртэлх хугацаанд ямар ажлуудыг амжуулав?

 

- Нэн тэргүүнд холбооны ажил бүх гишүүнийхээ өмнө ил тод байх ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн. Ахмадын холбооны ажил зөвхөн төв байшиндаа л хязгаарлагдаад байж болохгүй шүү дээ. Энэ ч утгаараа залуучуудын байгууллагатай ажлын эхний өдрөөсөө л нягт хамтарч ажилласан. Түүнчлэн, хийх ажлаа календарчилсан төлөвлөгөөнд оруулаад үүдэндээ байрлуулсан.  Бидний ажил яг л төлөвлөгөөний дагуу явж байгаа учраас бүх хүнд ил тод, хүмүүс ч юу хийх ёстойгоо түвэггүй мэддэг болсон. Дараагийн ээлжид шагнал урамшуулал. Намайг ажлаа авсан өдрөөс эхлээд л маш олон хүн зөвхөн энэ асуудлаар орж ирсэн. Шагналын  журам гаргаж, шагналыг тухайн байгууллагынх нь хороонд хариуцуулсан. Дээр нь, нийт ахмадынх нь 30-аас доошгүй хувь хуралдаж, тухайн хүний шагналын асуудлыг дэмжсэн байх хэрэгтэй. Энэ зарчим илүү шударга юм Мөн жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Шилдэг хороо, зөвлөл”-ийг календарчилсан төлөвлөгөөний хүрээнд тусгагдсан ажлыг хэрхэн гүйцэтгэсэнтэй нь уялдуулан тодруулдаг боллоо. Хийсэн ажлаараа тэргүүлж “Шилдэг хороо”-оор шалгарсан бол 800.000 төгрөгийн шагнал хүртэнэ гэдгийг тодорхой болгож өгсөн. Ингэснээр шударга, идэвхтэй өрсөлдөөн бий болсон.

 

-УБТЗ-ын ахмадууд урлаг соёлын идэвх оролцоогоороо бусад салбарынхнаас илт давуу санагддаг?

 

-Манай ахмадууд аливаад гомдохгүй үргэлж баяр хөөртэй байх ёстой. Ийм байхын тулд урлаг уран сайхан, спорт тэмцээндээ идэвхтэй оролцоод явах нь чухал. Энэ ч агуулгаараа Замын-Үүдийн ахмадууд өөрсдөө концерт бэлдээд Сайншанд, Сайншандынхан Чойр, Чойрынхон Багахангай хүртэл гэхчлэнгээр замын бүх хэсэгт явж тоглолт хийх боломжийг нь бүрдүүлсэн. Баянтүмэн тасагт хүртэл очиж тоглосон. Тэдний унааны зардал болон томилолтыг холбооноос олгосон. Ахмадууд маань урлагийн бригадаа хадаг бариад угтсан. Төмөр замчид ингэж л урлагаар цангаж байна. Эдгээрээс гадна манай ахмадууд Нийслэлийн ахмадын хороотой хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн нэрийн өмнөөс Хөх хотод очиж тоглолтоо толилуулахаар болоод байна. Түүнчлэн, ахмадын байрныхаа гадна дотно урсгал засварыг өөрсдийн хүчээр хийсэн гээд яривал урт жагсаал гарна. Өмнө нь бид,  “Ган эгшилэн” хамтлагийн гишүүддээ хүндэтгэл илэрхийлж, мөнгөн шагнал болон “УБТЗ-ын урлагийн анхдагч” тэмдгээр бүгдийнх нь энгэрийг мялаасан. Ингээд цахилгаан хөгжимтэй “Хос уянга” хэмээх хамтлаг байгуулсан, энэ  шинэ хамтлагийнхаа тоглолтыг “Ахмадын баяр”-аараа дэлгэн тавилаа.

 

-Ахмадуудад тулгамдаж байгаа гол асуудал юу байна вэ?

 

-Байрны асуудал л хамгийн хүнд байна. Энэ асуудлаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтартай уулзсан. Замын дарга Х.Хэрлэнтэй ч уулзсан. Ирэх онд буюу 2024 онд тухайн асуудлыг тодорхой хэмжээгээр шийднэ гэж ярьсан. Түүнээс гадна намайг ажлаа хүлээж авах үед манай холбооны эзэмшлийн таван хүний суудалтай автомашин актлагдсан, автобусных нь гүйлт гүйцсэн байсан. Одоогоор автобусыг бүрэн засварт оруулж ойр зууртаа явахтайгаа болгосон. Суудлын авто машиныг нь сольсон, шугам замдаа чөлөөтэй явж байна. Ирэх онд автобусаа шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Наадмын өмнө шинэ гэр авсан. Өнгөрөгч есдүгээр сард Хөлийн голд “Бэсрэг наадам”-аа хийлээ. Энэ мэтчилэн хүндрэлтэй асуудлыг хамтын хүчээр бага багаар шийдээд явна.