Замын аж ахуйн албаны харьяа Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрийн дарга Ю.Ганхуягтай энэ жилийн дэр мод бэлтгэл, ажил үйлчилгээнийх нь талаар ярилцлаа.
-Төмөр замын дэр мод, сумын дүнзнээс авхуулан салбар нэгжүүдийн зарим мод, модон эдлэлийг хийдэг гол үйлдвэрийн энэ жилийн ажил хэрхэн эхлэв?
-Энэ оны хувьд манай үйлдвэр Сэлэнгэ аймгийн гурван сум болон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт гээд нийт 7.5 мянган шоо метр модны зөвшөөрөл авсан. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутгаас авах модоо бүрэн бэлтгэж дууссан. Одоо Хан Хэнтийд мод бэлтгэх хоёр бригад ажиллаж байгаа. Өнөөгийн байдлаар 12 мянган погон метр сумын дүнз үйлдвэрлээд байна.
-Өнгөрсөн оны мод бэлтгэлийн зөвшөөрлөө бүрэн ашиглаж чадсан уу? Үлдсэн бэлэн бүтээгдэхүүн хэр байгаа вэ?
-Тиймээ, зөвшөөрлөө бүрэн ашиглаж, төлөвлөгөөт бүтээгдэхүүнээ бүрэн үйлдвэрлэж борлуулсан. Үйлдвэрийн хашаанд 13 мянган погон метр сумын дүнз, 200 гаруй дэр модны үлдэгдэл бэлэн байгаа. Мөн цэвэр банзан модон материал 200 гаруй шоо метр байна. Энэ жил бид 27 мянган дэр, 26 мянган погон метр сумын дүнз үйлдвэрлэхээр төлөвлөсөн.
-Мод бэлтгэх талд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллахад хүндрэл тулгарч байна уу?
-Ойн газар болон Байгаль орчны яамнаас энэ жил Сэлэнгэ аймагт өгсөн 35 мянган шоо метр мод бэлтгэх зөвшөөрлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ сумдадаа, харин сумдын ИТХ аж ахуйн нэгжүүддээ хуваарилсан. Одоо сумдад хуваарилах модны нөөц байхгүй. Хагас жилээр аймгаас нөөц хуваарилбал, манайх 3.8 мянган шоо метр модны зөвшөөрөл нэмж авбал бид энэ оны төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж чадна.
-Тухайн аймаг, сумдын ИТХ-аар танайд зөвшөөрөл олгосон ч зарим ТББ, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол гардаг уу?
-Тийм тохиолдол зарим үед гардаг. Гэхдээ манай төмөр замын байгууллагаас тухайн орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж өгч буй ажил үйлчилгээнээс их шалтгаалдаг. Жилээс жилд мод бэлтгэдэг сумдадаа нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замаас хийдэг ажил улам идэвхжиж байгаа. Үүний үр дүнд 2026 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аймгаас өгсөн эрхийн 50, Түшиг сумын 60 хувийг нь манай үйлдвэр авсан. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт 50га газарт 2000 шоо метр мод бэлтгэх зөвшөөрөл авсан. Сум орон нутагт зарим хүмүүс ард иргэдэд буруу ойлголт өгөх, турхирах асуудал их гардаг. Тэр бүхэнд залруулга, танилцуулга сайн хийгээд л ажиллаж байна даа.
-Та өөрөө тэр бүхэнтэй очиж уулзаж, нүүр тулдаг байх. Эсэргүүцэж буй хүмүүсийн гол тавьдаг шаардлага нь юу байдаг вэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээндээ олон нийтэд харагдахуйц ажил хийхийг шаарддаг. Манай байгууллага Ойн тухай хуулийг мөрдөж ажилладаг болохоор сум орон нутагт мод бэлтгэх явцдаа ямар нэгэн зөрчил гаргадаггүй. Энэ нь ч тухайн орон нутагт мод бэлтгэдэг бусад үйлдвэрээс давуу тал болдог. Бид жил бүр авсан модныхоо хариуд стандартын дагуу 350 мянган мод тарьж ойжуулдаг. Мөн тухайн сумынхаа сургууль, цэцэрлэгт сандал ширээ хийж өгөх, хүүхдүүдийн дунд болон сумынханд тэмцээн уралдаан гэх мэт олон ажил зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ УБТЗ-ынхаа үйл ажиллагаа, давуу талыг ард иргэдэд таниулах сургалт сурталчилгааг ч хийдэг. Нийт бэлтгэсэн модныхоо 30-аас доошгүй хувийг тухайн орон нутагт нь борлуулах шаардлага тавьдаг ч манай үйлдвэр ашгийн бус байгууллага учраас боломж байдаггүй. Тиймээс мод бэлтгэлээс үлдсэн хаягдлыг ой цэвэрлэгээний хүрээнд өндөр настан, өрх толгойлсон ээжүүдэд түлш болгон буулгаж өгөх гэх мэтчилэн орон нутагтай хамтран ажилладаг. Мөн нийтийн эзэмшлийн замыг нь засаж, эвдэлсэн бол сайжруулдаг.
-Жил бүр мод бэлтгэдэг учраас цагаалах газар нь улам л холдох, бороо устай үед зам нь эвдрэх гээд хүндрэл их тулгардаг байх?
-Монгол Улсын нийт газар нутгийн есөн хувь нь л ой. Үүнээс Сэлэнгэ аймагт ойгоор бүрхэгдсэн сум олон. Тус аймгийн дөрвөн сумаас манай үйлдвэр модоо бэлтгэдэг. Үндсэндээ 60-70 жил бэлтгэсэн учир ойрхон хэрэглээний модгүй болсон. Жилээс жилд л ойн гүн рүү нь орж авч байгаа. Тиймээс технологийн буюу ойн зам хийх шаардлага тулгардаг. Ер нь, мод бэлтгэхэд хамгийн их тулгардаг хүндрэл бол зөвшөөрөл шүү дээ. Одоо тухайн орон нутгийн ИТХ-аар орохгүйгээр Ойн газар нь мод бэлтгэх асуудлыг өөрсдөө шийдэж, хуваарилдаг болох тухай яригдаж байна. Хэрэв энэ нь биеллээ олбол бидэнд ашигтай. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэрийн хүчин чадалд нь тулгуурласан хуваарилалт хийдэг болно гэж харж байгаа.
-Мод бэлтгэхдээ насжилтыг нь хардаг уу?
-Мод бэлтгэхэд үйлдвэрлэлийн огтлолт, арчилгааны огтлолт, цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил гэсэн дөрвөн төрөл байдаг. Манай үйлдвэр энэ дөрвөн төрлөөр тусгай зөвшөөрөлтэй. Ихэвчлэн дэр мод хийдэг учир бид үйлдвэрлэлийн огтлолт буюу 180-300 насалж, болц нь гүйцсэн модыг сонгодог. 2020 оноос хойш арчилгааны буюу ойг сийрүүлэх чиглэлээр завсрын огтлолт хийж байна.
-Тоног төхөөрөмж болон машин техникийн хүрэлцээ, чадамж ямар байна вэ?
-Манайх ОХУ-д үйлдвэрлэсэн хөрөө рам ашигладаг. Орчин үеийн шинэ рамын судалгаа хийж байгаа. 2027 оноос алба болон Замын захиргаандаа танилцуулж, төлөвлөгөө авахаар бэлтгэж байна. 2019 онд орчин үеийн МГ4 трактор худалдаж авсан. Үлдсэн техникүүд маань ДТ4 бульдозерын ашиглалтын хугацаа дууссан. Техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Модны нөөц хол, ойн гүн рүү орох тусам хүндрэлтэй болж байна. 14 тээврийн хэрэгслээр мод ачиж буйн гурав нь ЗИЛ-131, үлдсэн нь ЗИЛ-130 машин. Ер нь, ЗИЛ-130 машиныг парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа.
-Захиалсан, хүлээж байгаа автомашин байгаа юу?
-Энэ онд шинэ машин худалдаж авах төлөвлөгөө байхгүй. Харин нэг унагалдай буюу бага оврын экскаватор авна. Ингэснээр зургаан хүн гараар мод ачдаг байсан бол техникээр ачих боломж бүрдэж, хөдөлмөр хөнгөвчилнө гэсэн үг. Мөн энэ жил гурван автомашинд их засвар хийнэ.
-Замын бодлого бол жилээс жилд модон дэрний хэрэглээг багасгаж, төмөр бетон дэрэнд шилжих шүү дээ. Үүнийг дагаад та бүхний бэлтгэдэг дэр модны тоо буурч байгаа юу?
-Гол замдаа жил бүр зам шинэчлэлт хийж, төмөр бетон дэрэнд шилжиж байна. Гэвч Бор-Өндөр, Шарынгол, Хөтөл, Багануур гэхчлэн салбар, салаа замдаа модон дэр хэвээрээ байгаа шүү дээ. Тиймээс одоохондоо модон дэрийн хэрэглээ буурах боломжгүй байна. Мэдээж цаашид нийтээрээ бетон дэрэнд шилжлээ гэхэд модон дэр, сумын дүнзний үйлдвэрлэл багасаж таарна.
-Дэрийг тосон болон усан идээлэгтэй гэж бэлтгэдэг шүү дээ. Танай үйлдвэрийн хувьд?
-1995 оноос хойш манай үйлдвэр усан идээлэгтэй модон дэр үйлдвэрлэж байгаа. Идээлэг гэдэг нь 6-8 жилээр эдэлгээний насыг уртасгах технологи шүү дээ.
-Танайх мод үржүүлгийнхээ хүрээнд жилд хэчнээн тарьцыг бусад байгууллага, хувь хүмүүст нийлүүлж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид мод үржүүлгийн нийт 29 га гурван газарт үйл ажиллагаа явуулж байна. Эндээ өөрийн дотоодын хэрэгцээ буюу бэлтгэсэн модныхоо хариуд ойжуулахад жил бүр 300-350 мянган тарьц гаргадаг. Мөн УБТЗ дөрвөн сая мод тарих амлалтын хүрээнд манай үржүүлэгт хоёр сая навчит мод ургаж байна. Энэ онд 500 орчим навчит мод гаргах нөхцөл бүрдсэн. 2025 оны намрын мод тарилтын байдлаар нийт 380 орчим мянган модыг өртөө, зөрлөг, төмөр замын бусад ногоон байгууламжид тариад байгаа.
-Өнгөрсөн жил “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих” зорилтын хүрээн төмөр замчид ажилласан шүү дээ. Танай үйлдвэрийн хувьд хүний нөөцийн тогтвор суурьшил ямар байна вэ?
-Манайх байнгын 131, улирлын чанартай 10 хүний орон тоотой ажилладаг. Одоогийн байдлаар таван орон тоо дутуу байна. Ер нь, хүний нөөцийн тогтвор суурьшлын хувьд харьцангуй гайгүй. Өнгөрсөн оны сүүлч гэхэд орон тоо бүрэн байсан. Улирлын чанартай хугацаатай гэрээгээр ажилтан авахтай холбоотой л одоо дутуу харагдаж байгаа юм.
-Танайх бас мужаан цехтэй шүү дээ. Энэ цехэд ажлын захиалга их байдаг уу?
-Мужаан цехдээ 2013 онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар багаж, тоног төхөөрөмж авсан. Үүнээс хойш төмөр замынхаа салбар нэгжүүдийн захиалгаар ширээ, сандал, хувцасны шүүгээ гэхчлэн бүх төрлийн модон тавилгыг хийж байна. Мөн зиг заг хавтан үйлдвэрлэдэг. Төмөр замчдынхаа захиалгыг их хийдэг болохоор гаднаас захиалга авч чаддаггүй. Ачааны вагон засварын депогийн өөрсдөө хийдэг байсан найман нэр төрлийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны сүүлчээс манай үйлдвэр хийж эхэлсэн. Тиймээс манай мужаан цехийн ажил нэлээд нэмэгдсэн.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
М.Наранболд
