Нүүр Сурвалжилга Итгэлээр гагнагдсан харгуй зам
Сурвалжилга

Итгэлээр гагнагдсан харгуй зам

G.Press 8 цагийн өмнө 16 үзэлт 0 сэтгэгдэл

Хүний амьдрал төрсөн нутаг, өссөн орчин, туулсан зам, хийсэн хөдөлмөрөөс бүтдэг урт аялал. Тэрхүү аяллын замд хүн бүр өөрийн мөрөө үлдээдэг.

Төмөр зам гэдэг их айлд 25 гаруй жил сэтгэл зүрхээ зориулан ажиллаж яваа Д.Ганбатын амьдрал нь хөдөлмөр, хариуцлага, үнэнч сэтгэлийн нэгэн тод жишээ юм. Донидын Ганбат Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уудам тал нутагт өвөө, аавынхаа гар дээр өсөж торнисон нэгэн. Харин амьдралын гараа, ажил хөдөлмөрийн зам нь Өвөрхангай аймгийн Бат Өлзий сумтай холбогджээ. Цэргийн албанд байхдаа жолооч болж, түүнээс хойш жолооны хүрд, хөдөлмөрийн хариуцлага хоёрыг салгасангүй.

Түүний аав Ч.Донид Санхүүгийн техникум, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж, нэгдлийн ерөнхий нягтлангаар олон жил ажилласан хөдөлмөрч, хариуцлагатай нэгэн байж. Тиймээс аавынх нь замнал хүүгийнх нь амьдралын үнэт өв болж үлджээ. Ээж С.Рэгзэдмаа нь Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, цаг уурын мэргэжилтэй, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөсөн сайхан буурай бий. Д.Ганбат арван хүүхэдтэй айлын том нь.

1990-ээд оны эхээр амьдралын шинэ зам хөөж Улаанбаатар хотыг зорьсон тэрбээр хувь заяаны нэгэн учралаар төмөр замын салбартай холбогджээ.

Тэр үед төмөр замын амьдрал түүнд танил биш байсан ч нутгийн залуу П.Батсайханыхаа зөвлөснөөр 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түүний амьдралын шинэ хуудас нээгдэж, УБТЗ-ын Замын II ангитай ажил амьдралаа холбосон түүх эхэлжээ. Тэрбээр “Найз минь намайг энэ их айлын босгоор оруулж өгсөнд би үргэлж баярлаж явдаг” хэмээн дурслаа.

Тухайн үед төмөр замд ажилд орно гэдэг өндөр шалгууртай, нэр хүндтэй хэрэг байв. Харин хүний итгэл, нөхөрлөлийн үнэ цэн гэдэг заримдаа амьдралын хамгийн том замыг нээж өгдөг аж. Тэр мөчөөс хойш Д.Ганбат ажилдаа үнэнчээр зүтгэж, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөсөөр иржээ.

Түүний туулсан зам нь зөвхөн машин жолоодсон он жилүүд биш, харин итгэл, нөхөрлөл, хариуцлагаар бүтсэн амьдралын зам юм. Аав ээж нь төмөр замын талаар сайн мэддэггүй байсан ч хүүдээ, “Миний хүү ажлаа сайн хий, үүргээ хариуцлагатай биелүүл. Цаг минуттай ажил шүү” гэж захиж, тэр үгийг Д.Ганбат амьдралынхаа турш санаж явсан. Өнөөдөр тэрбээр “Аав ээжийнхээ итгэлийг алдаагүй байх” гэж боддог. Учир нь хүний хамгийн том шагнал зөвхөн цол, тэмдэг биш, харин хийсэн ажилдаа сэтгэл хангалуун, хүмүүсийн итгэлийг дааж үлдсэн явдал болов уу.

Д.Ганбат Замын II ангид аж ахуйн машины жолоочоор орж, “Газель” хэмээх бага оврын ачааны машинаар өдөр тутмын хэрэгцээний бараа материал, шаардлагатай зүйлсийг зөөнө. Тухайн үед нярав Нэргүй ахтайгаа хамт өглөөнөөс үдшийн бүрий хүртэл замын ажлаа амжуулж, хамт олныхоо төлөө зүтгэдэг болжээ. Зөвхөн машины жолоо барих бус харин энэ их айлын нэгэн эд эс болж, үүрэг хариуцлагаа үүрсэн хөдөлмөрийн он жилүүд байжээ. Тэрбээр, “Газель” машинаа арав гаруй жил барьж, өдөр тутмын бараа материал зөөх, замын ангид хэрэглэгдэх бүх ажлыг амжуулна. Машиндаа дасна гэдэг жолооч хүний нэг онцлог. Эвдэрсэн үед нь засаж, арчилж явсаар машин нь эзнийхээ нэгэн тал бие мэт дасал болдгийг жолооч нар мэднэ дээ. Тэр ч байтугай “Газель” өөрийнх нь нэр шиг болсон хөгжилтэй дурсамж түүнд бий.

Нэг удаа диспетчер нь “Газелийг дууд” гэж хэлэхэд нөгөө хүн нь “Машинтай нь уу, хүнтэй нь үү” гэж асуусан гэдэг. Ингээд л түүнийг хүмүүс “Газель” гэж дууддаг болжээ. Бүр ээж нь хөдөөнөөс гэрт нь ирсэн байх үед “Газель байна уу” гэж сурч асуухад ээж нь “Тийм хүн байхгүй” гээд хаалга хаах шахсан хөгжилтэй явдал ч бий. Тэр “Газель”-тайгаа 200 мянга гаруй километр зам туулсан байх хэмээн дурслаа. Замын ангийн харьяа газрууд, дов толгод, хонхор хотгор, замын нөхцөл бүрийг мэддэг болсон нь түүний олон жилийн туршлагын илрэл. Шинээр ирсэн жолооч нар зам асуух үед тэр үргэлж дуртайяа зөвлөнө. “Тэр замаар явбал тийм хонхор байна, тэр хавьд болгоомжтой яваарай” гэж хэлэх нь түүний энгийн атлаа үнэтэй туршлага байв. Учир нь замыг зөвхөн газрын зураг биш, олон жил явсан хүний нүд, сэтгэл мэддэг Д.Ганбат өнгөрсөн хугацаанд Ж.Борхүү, Б.Дашравдан, Д.Алтангэрэл зэрэг олон сайхан удирдлагатай хамт ажиллажээ. Тэрбээр, “Манай дарга нар ноён нуруутай, хүний төлөө сэтгэлтэй хүмүүс. Тэднээсээ их зүйл сурсан. Ж.Борхүү дарга миний амьдралын нөхцөл байдлыг ойлгож, дэмжсэн. Б.Дашравдан, Д.Алтангэрэл дарга нар ч хүний төлөө сэтгэлтэй, ажлаа мэддэг удирдагчид. Замын II анги гэдэг олон зуун хүний амьдрал, хөдөлмөрийг нэгтгэсэн том айл. Тийм байгууллагыг авч явахад зөвхөн дарга биш, ажилтан бүрийн хичээл зүтгэл чухал.

Замын хүн гэдэг замаа мэддэг, хүний итгэлийг даадаг хүнийг хэлдэг. Ялангуяа, удирдлагын жолооч байна гэдэг итгэл даах, хүний зан ааш, ажил хэрэг, амьдралын хэмнэлийг нь ойлгож сурах нарийн мэдрэмж шаарддаг ажил. Олон жил удирдлагуудтайгаа хамт явсан учраас хүний сэтгэлийг үг хэлэхээс нь өмнө мэдэрдэг болсон. Дарга өглөө ажилдаа баяртай орж ирж байна уу, эсвэл ямар нэгэн зүйл сэтгэлд нь нийцээгүй байна уу гэдгийг алхах гишгэх, дууны өнгө, харцнаас нь хүртэл анзаардаг болдог. Ажил бүтэмжтэй сайхан байвал хүн өөрийн мэдэлгүй баяр хөөрөөр дүүрдэг. Харин ажил хэрэг жаахан бүтэлгүйтсэн үед дуу цөөнтэй, бодлогоширсон зэргээс нь шууд мэдэгдэнэ. Олон жил хамт явсан хүмүүсийн хооронд ойлголцол бий болдог. Заримдаа юу хэлэх гэж байгааг нь хэлүүлэлтгүй мэдэх ойр дотно харилцаа үүсдэг. Хүн дуугүй байхаар нөгөө хүн ч тайвширдаг. Дарга нартайгаа олон жил ажиллахдаа нэг ч удаа муудалцаж байгаагүй” гэж өгүүлж байв.

Түүний тайван дөлгөөн, бодлоготой зан чанар олон жил итгэлтэй жолооч байхад нь тусалжээ. Ганбат амьдралынхаа ханиа ч төмөр зам хэмээх их айлаас олсон хүн. Түүний хань Д.Пагма нь Багахангайн Замын ангид гармын жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн. Нэлээд хожуу гэр бүл зохиосон ч өнөөдөр үр хүүхэд, ач зээ нараа тойруулан сайхан амьдарч байна. Ийнхүү хоёр хүний амьдрал төмөр замын замналтай огтлолцож, нэгэн гэр бүлийн түүх болон үргэлжилжээ. Д.Ганбат хоёр хүүтэй, эхнэр нь дөрвөн хүүхэдтэй нийлж өдгөө өнөр өтгөн гэр бүлийг бүтээсэн байна. Хүүхдүүд нь өсөж том болж, өөр өөрийн замаа сонгосон ч эцгийнхээ хөдөлмөрч зан, хариуцлагатай амьдралаас үлгэр дуурайлал авч ажиллаж амьдарсаар яваа. Жолоочийн ажил гэдэг гаднаас харахад зөвхөн залуур мушгин жолоо барих мэт боловч үнэндээ асар их хариуцлага шаарддаг. Өдөр шөнө, цаг агаар, нөхцөл байдлыг үл харгалзан дуудсан цагт явж, хүний итгэлийг даах ёстой мэргэжил. Д.Ганбат энэ хариуцлагыг олон жил үүрч ирсэн. Ажлаа хийхдээ гэр бүл, хувийн амьдралаа хойш тавих үе олон байсан ч байгууллага, хамт олныхоо төлөө үнэнчээр зүтгэжээ. Ялангуяа, шуурхай ажлын жолооч байна гэдэг өдөр шөнийг ялгалгүй, дуудсан цагт бэлэн байхыг шаарддаг онцгой үүрэгтэй. “Гэрээ мартана шүү дээ” гэж тэр дурсахдаа инээмсэглэнэ.

Өдөр шөнөгүй ажиллах үе олон. Орой гэртээ ирж амарч байтал утас дуугарна. Зарим үед гэр бүлийнхэн нь хүртэл “Чи яг ямар ажил хийдэг юм бэ, үзэгдэх нь ховор юм” гэж тоглоом шоглоомоор хэлдэг байсан гэдэг. Гэвч Д.Ганбат өөрийн үүргээ мэддэг байлаа. Залуу насандаа тэр ядарснаа ч мэдэрдэггүй байв. Шөнө өдөргүй явсан ч ажилдаа дуртай байсан учраас ядрах нь бага байж. Харин нас ахихын хэрээр хүний хамгийн үнэт зүйл бол эрүүл мэнд, нойр амралт гэдгийг ойлгож эхэлсэн байна. Тиймээс өнөөдөр тэр “Залуу хүн энэ ажлыг хийж, туршлага хуримтлуулаг” хэмээн бодож, гавьяаныхаа амралтад гарчээ.

Гэвч олон жил хамт ажилласан хүмүүс нь түүнийг явуулах дургүй, “Жаахан байж бай” хэмээн тогтоох үе ч байсан гэнэ. Учир нь олон жилийн хөдөлмөрөөрөө тэр хамт олныхоо итгэлийг олсон хүн. Д.Ганбатын хөдөлмөрийг үнэлж, 2012 онд “Онц тээвэрчин” цол олгож, байгууллагын аваргаар шалгаруулж байсан бол 2019 онд “Тэргүүний төмөр замчин”, 2026 онд “Төмөр замчны алдар” зэрэг эрхэм шагналыг хүртээсэн байна.

Жолооч хүний бас нэг том хариуцлага нь унаж байгаа машинаа хайрлаж, тордож явах. Д.Ганбат машиндаа үргэлж эзэн шиг ханддаг. Машиныг элдэв чимэглэлээр биш, байгаагаар нь цэвэрхэн, цэмцгэр байлгахыг эрхэмлэдэг. “Цэвэрхэн машинд суухад хүн өөрөө хүртэл биеэ цэгцэлдэг” хэмээн тэр ярьдаг. Шөнө орой хэдэн цагт ч ирсэн машинаа угааж, цэвэрлэж байж амарна. Өглөө нь харахад шинэ мэт цэвэрхэн, бэлэн байлгах нь түүний хэвшил байжээ. Энэ нь зүгээр нэг цэвэрлэгээ биш, хийж буй ажилдаа хандах зөв хандлага юм.

Даргынхаа итгэлийг дааж, машины эзэн шиг байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй явсан энэ хүн олон жилийн хөдөлмөрөөрөө өөрийн түүхийг бүтээсэн төмөр замчин билээ. 

 

П.Түмээ 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.