Энэ сарын 25, 26-нд Зүтгүүрийн аж ахуйн албанаас Зүтгүүрийн засварын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав. "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, “УБТЗ” ХНН-ийн тээврийн хэмжээ өсөн нэмэгдэхийн хэрээр төмөр замын тасралтгүй, найдвартай байдлыг хангахад зүтгүүрийн засварын чанар чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд зүтгүүрийн засварын чанарыг улам сайжруулж, тээврийг найдвартай зүтгүүрээр хангахын төлөө улам чармайн ажиллахыг чухалчилан дурдлаа.
Уг зөвлөгөөний үеэр Зүтгүүрийн аж ахуйн албаны Засварын хэлстийн дарга И.Сайнбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Замын хэмжээнд анх удаа засварын ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр та бүхэн ямар асуудлыг хөндөв, мөн зөвлөгөөний ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Бид өнөөдрийн зөвлөгөөнөөрөө 2011 онд шинээр 2ТЭ116УМ серийн 31 зүтгүүр худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар, дээрх зүтгүүрүүд 12 жил ашиглагдчихлаа. Өөрөөр хэлбэл, эдгээр зүтгүүр хугацаагаараа их засварт орох шаардлагатай болсон гэсэн үг. Бидний хувьд мэдээж, өнгөрсөн хугацаанд өөрсдийн хүчин чадалд тулгуурлан шаардлагатай засваруудыг цаг тухайд нь хийсээр ирсэн.
Өсөн нэмэгдэж буй тээврийн хэмжээтэй холбоотойгоор тус серийн зүтгүүрүүдийн техникийн найдвартай байдлыг хангах нь тулгамдсан асуудал болоод байна. Зөвлөгөөнөөр бид цаашдаа илчит тэрэгнүүдийнхээ их засварыг хэрхэх, засварын үйл ажиллагаанд баримталж буй бодлого, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх зэргийг хөндөн ярилцаж байгаагаараа онцлог юм. Энэ зөвлөгөөнөөс бид хэд хэдэн томоохон ажил төлөвлөх учиртай. Ингэснээр дараагийн зөвлөгөөнөөр төлөвлөгөөнийхөө гүйцэтгэлийг хэлэлцэж байхаар тогтсон. Мөн энэ удаа бид хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцүүлгээс цаашдын ажлын чиглэл зорилго, зорилт тодорхойлогдоно. Хэдий бага зэрэг оройтсон байж мэдэх ч эхлүүлж байгаа нь сайн хэрэг. Эндээс ахиц дэвшил гарна гэж харж байна.
-Тээврийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой сүүлийн жилүүдэд зүтгүүрийн паркыг багагүй хэмжээгээр нэмсэн. Мэдээж, үүнийг дагаад засварын ажлын хэмжээ төдийгүй гадагшаа засварт явуулах илчит тэрэгний тоо ч нэмэгдсэн байх. Ер нь, зарим шаардлагатай засварыг өөрсдөө хийх боломж хэр бүрдэж байна вэ?
-Гурван жилийн өмнө бид 22 ширхэг шинэ зүтгүүрээр ачааны паркаа шинэчилснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ тэрэгнүүд гүйлтээрээ, хугацаагаараа тодорхой хэмжээний засваруудыг шаардаж байдаг. ОХУ руу засварт явуулахаар маш их зардал, хугацаа шаардсан ажил болдог. Тиймээс бид зарим засварын ажлыг Монголдоо хийж нутагшуулах, үүний тулд боловсон хүчний бодлого, тоног төхөөрөмж, технологийн заавраа боловсруулах, норм үнэлгээгээ гаргах, сургалт явуулах гэх мэт маш их ажил зохион байгуулах шаардлагатай байгаа. Энэ бүгдийг цогцоор нь шийдэж байж засварын ажлаа эхлүүлэх боломжтой болно. Иймд одооноос бэлтгэл ажлаа базааж, бааз сууриа бэхжүүлэх нь чухал. Мөн Дархан, Сайншанд Улаанбаатар татах хэсгийг өргөжүүлэх, том засварууд хийх, барилга байгууламжаа өргөтгөх зэрэг ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Шинэ төмөр замууд ашиглалтад орж байгаатай холбоотойгоор “УБТЗ”-д боловсон хүчний шилжилт хөдөлгөөн ихээхэн гарлаа. Энэ бүх засварын ажлыг хийхэд ажиллах боловсон хүчний хүрэлцээ, хангамж хэр байна вэ?
-Боловсон хүчний бодлого нэн тэргүүний анхаарлын төвд байгаа асуудал. Нэг жишээ татъя. Бид Улаанбаатар татах хэсэгт Цахилгаан машины цех байгуулахаар ажиллаж байгаа. Таны хэлдгээр, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж нь шийдэгдээд энэ цех баригдлаа гэхэд хамгийн чухал нь ажиллах хүч. Тиймээс бид хүмүүсээ сургаж, ажиллуулахыг чухалд үзэж байна. Мэдээж, Оросын техник учраас заавар зөвлөгөөг нь орчуулаад түүгээрээ сургалт явуулж байна. Түүнчлэн, техник технологи, тоног төхөөрөмж, нийгмийн асуудал, цалин хөлс, боловсон хүчний бодлого, сургалт технологи, инноваци гээд олон асуудлыг зөвлөгөөнөөр хөндөн ярилцлаа. Шийдэх ч олон асуудал бий. Ингэж байж өсөн нэмэгдэж буй тээврийг хэвийн явуулж, засвар үйлчилгээ хэвийн хийгдэх боломж бүрдэнэ.