УБТЗ ХНН Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс гадны зарим байгууллага туршлага солилцох уулзалтыг үе үе хийдэг болсон билээ. Тухайлбал, энэ сарын 21-нд Иргэний нисэхийн үндэсний төвийн удирдлагын багийн төлөөлөл хүрэлцэн ирж туршлага судаллаа. Замын I орлогч дарга А.О.Казаков зочдод талархал илэрхийлээд “Зам, тээврийн салбарынхан харилцан туршлага солилцох нь маш чухал. Биднээс та бүхэн, та бүхнээс бид суралцах зүйл их бий” гэсэн юм. Мөн Техникийн бодлого стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар УБТЗ-ын онцлог, цар хүрээ, ачаа тээврийн хүчин чадал, амжилт бүтээл, хойшдын зорилго чиглэл, бодлого зэргийг танилцуулж, мөн “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-г нэвтрүүлснээр тухайн ажлыг хэн, хэрхэн гүйцэтгэх, юуг, яаж хийх гэхчлэн бүх зүйл тодорхой, ойлгомжтой болсныг онцлоод стандартуудыг хэрхэн нэвтрүүлэн ажиллаж буйгаа дэлгэрэнгүй танилцууллаа. Улмаар, Диспетчерийн нэгдсэн төв болон СХЗГ-аас батламж гардсан Замын II анги, Улаанбаатар татах хэсэг, Төмөр замын түүхийн музей зэрэг байгууллагатай танилцууллаа. ИНҮТ-ийнхөн Замын II ангийн үүдээр ороход л стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлсэн байгууллага гэдэг нь харагдаж буйг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, ажлын танилцуулга, ХАБ-ын зааварчилгаа өгч буй байдал, мөн өрөө тасалгааны зохион байгуулалт, танилцуулах самбар, галын аюулаас урьдчилан сэргийлсэн мэдээлэл, хана, шалны тэмдэглэгээ, бичиг баримтын боловсруулалт зэрэг нь анхаарал татсаныг тэд онцолсон юм. Түүнчлэн, Зам оношилгооны төв болон Улаанбаатар татах хэсгийн засварын цехийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ИНҮТ-ийн Бизнес хөгжил төлөвлөлтийн газрын менежер Д.Одгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Манай Иргэний нисэхийн газар 2400 орчим ажилтантай. Засгийн газрын хэрэгжүүлэгч томоохон агентлаг. Энд ИНҮТ буюу үйлдвэр үйлчилгээг нь хариуцдаг хүмүүс ирж танилцлаа. Аюулгүй ажиллагааны болон Чанарын удирдлагын тогтолцоог бид арваад жилийн өмнөөс хэрэгжүүлээд явж байгаа. Манайх дотроо олон алба, газартай. Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог арав орчим, Чанарын удирдлагын тогтолцоог таван байгууллага хэрэгжүүлдэг. Бидний хувьд “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-г хэрэгжүүлэх асуудал нэлээд тулгамдаж байна. Үүнтэй холбоотой УБТЗ ХНН-т ирж танилцлаа. Нэвтрүүлсэн туршлага, арга барилтай нь танилцаад олон зүйлийг ойлгож авлаа. Ер нь, ирсэн зорилго маань биелэлээ. Амжилттай хэрэгжүүлсэн байгууллагад нь очиж туршлага солилцсон нь их үр дүнтэй ажил боллоо. Улаанбаатар татах хэсэг, Замын II анги нэгдсэн тогтолцоог маш амжилттай хэрэгжүүлсэн байна. Ер нь, бид ч УБТЗ-ын жишгээр үе шаттай хэрэгжүүлэх нь зөв юм гэж ойлголоо.

 

-Нэг нь агаарын, нөгөө нь төмөр замын тээвэр гүйцэтгэдэг адилхан л тээврийн байгулууллага шүү дээ. Онцлогийн хувьд ойролцоо, эсвэл тэс өөр ч зүйл байгаа. Өнөөдөр танилцсанаар танайд загварынх нь дагуу шууд нэвтрүүлж болохоор зүйл хэр байв?

 

-Замын II ангийнхан бичиг баримтыг стандартын дагуу бүрдүүлсэн нь их таалагдлаа. Бид үүнийг нь нэвтрүүлж болохоор байна. Зүтгүүрийн депо ч үүнээсээ эхлээд л бүх зүйл нь тодорхой юм. Хэн юу хийхийг нарийн төлөвлөсөн, үйл ажиллагааны цагийн хуваарь гээд бүгд тодорхой гардаг юм байна. Энэ байдлыг бид ч хэрэгжүүлэх ёстой гэж ойлгосон. Ер нь, цаашид манай Чанарын удирдлагын газрынхан ирж нарийвчлан үзэж, туршлага судалж, бичиг баримттай нь танилцах нь зүйтэй байх.

 

-Хөндлөнгийн нүдээр харж, танилцахад зөвлөмөөр, дутагдалтай зүйл бас харагдсан байж магадгүй юм?

 

-Ер нь, УБТЗ өөрөө маш том байгууллага. Олон салбар нэгжтэй, 16 мянган ажилтантай. Ийм том байгууллагыг нэгдсэн тогтолцоогоор удирдаж, хэрэгжүүлж буйг нь харах үнэхээр сайхан юм. Миний хувьд суралцах, өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх зүйл л олныг олж харснаас биш дутагдалтай зүйл ер харсангүй. Манай хувьд нэвтрүүлсэн хоёр стандартаа хоорондын уялдааг нь холбох, дээр нь Эрүүл ахуй, Байгал орчны тогтолцоо, Хүний нөөцийн менежментийн тогтолцоо гээд олон стандартыг бүрэн нэвтрүүлэх шаардлагатай байгаа.

 

 

 М.Наранболд