Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тэдний тал хувь нь буюу 300 мянга гаруй нь татвар, торгуулиа хугацаанд нь төлдөггүй, түүнийг хянах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын хүртээмж хангалтгүй тул дүрмээрээ бус дураараа хөдөлгөөнд оролцож, түгжрэл гацаа үүсгэгчдийг хянах тогтолцоо өнөөдрийг хүртэл сул явж иржээ.

Гуравдугаар сарын нэгнээс үнэгүй олгох тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID хэрэглээнд нэвтэрнэ. Ингэснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирч, нийслэлийн хэмжээнд өдөрт ажилладаг 250 замын цагдаа зам дээр зогсох бус дэлгэцийн цаанаас хөдөлгөөн зохицуулахаар болж байна.

RFID технологийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөнөө зохицуулахад ашиглаж байгаа ба автомашины салхины шилэн дээр байрлуулах наалт нь идэвхгүй чип бөгөөд энэ нь гаражийн хаалга онгойлоход ашигладаг чип, дэлгүүрийн бараа хулгайд алдагдахаас хамгаалдаг ялтсан наалт зэрэгтэй ижил зүйл юм.  Тиймээс таны байршлын мэдээллийг хэн нэгэн хянах вий гэдгээс айх хэрэггүй, иргэнд ээлтэй аюулгүй технологи юм.

Энэ технологи нэвтэрснээр замын хөдөлгөөнд дүрэм зөрчин дураараа оролцон түгжрэл үүсгэдэг, гаргасан зөрчлийнхөө торгуулийг төлдөггүй хариуцлагагүй жолооч нарын орон зайг үгүй болгох юм. Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрынхан RFID нэвтэрснээр зөрчил гаргагсдын тоо эрс буурч, хяналт сайжирснаар замын түгжрэл мэдэгдэхүйц буурна гэж үзэж байна.