Сая хол давсан хүн амтай, дээр нь өдөрт 500-600 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог нийслэлийн түгжрэл “хоолойд тулсан”. Үүнд хот дундуур дайран өнгөрдөг төмөр зам авто замтайгаа нэг түвшинд огтлолцдог хэд хэдэн гарам нөлөөлдөг нь нууц биш. Нөгөө талаар, хот доторх гарам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь тун хүнд асуудал болоод байгаа юм.
Харин Нийслэлээс БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр
төмөр замын 396 дугаар км дахь гарам, Геологийн төв лабораторийн уулзвар буюу 398 дугаар км, “Hermes” төвөөс урагш 402 дугаар км, Дүнжингаравын гарам буюу 407 дугаар км-т хоёр түвшний огтлолцол болох хонгилон гарц барихаар шийдвэрлэсэн. Түүнчлэн, 396 дугаар км-т барих хонгилон гарцын барилгын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн. Уг хонгилон гарцын ажил хүйтний улиралд зогссон байснаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос үргэлжилж байгаа юм.
Уг хонгилон гарц нь таван метрийн өндөртэй, есөн метрийн өргөнтэй, хоёр урсгал нь 139-169 метрийн урттайгаар баригдаж байгаа аж. Хэрэв ашиглалтад орвол уг хонгилон гарцаар хоногт 25 мянган автомашин нэвтрэх боломжтой гэж тооцоолж буй. Өнгөрсөн намар энэхүү гарцын ажил эхлэхэд энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй гэж байсан санагдана. Гэвч одоогоор уг гарцын ажлын гүйцэтгэл 60 орчим хувьтай явна. Энэ хонгилон гарцын ажлын явцыг газар дээрээс нь сурвалжлахаар өнгөрсөн Баасан гарагт зорьж очлоо.
Ажлын талбар дээр гүйцэтгэгч компанийн ажилчдаас гадна УБТЗ-аас аюулгүй байдлыг хангуулахаар манай төмөр замчид үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Замын II ангийн орлогч дарга Д.Одгэрэлтэй уулзлаа. УБТЗ-аас тухайн төсөл дээр ажиллаж буй гүйцэтгэгч компаний ажилтнуудын аюулгүй байдал болон ГТХАБ-ыг хангаж, тээврийг тасралтгүй явуулах үүднээс Замын II ангиас орлогч дарга Д.Одгэрэл, хэсэглэл хариуцсан инженер Н.Алтантүлхүүр, нэг бригадын дарга, хоёр дохиочин гээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм байна.
Замын II ангийн орлогч дарга Д.Одгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ хонгилон гарцын ажлын явцад галт тэрэгний хөдөлгөөн хэвийн явж байгаа учраас ажилчдынх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, галт тэрэгнүүдийг саадгүй нэвтрүүлэх үүргийг бид хариуцаж байна. Энэ гарцыг барихдаа түр дам нурууг ашиглан галт тэрэгний хөдөлгөөнийг тасалдуулахгүйгээр явуулж байгаагаараа давуу талтай. Үүний зэрэгцээ одоогийн байдлаар хоёр дахь гарцын барилгын ажил эхэлсэн. Өнгөрсөн шөнө (дөрөвдүгээр сарын 25-26-ны шөнө) энд байсан нэг түр дам нурууг 398 дугаар км-ийн хоёр дахь зуут руу зөөвөрлөсөн. Манай ангиас хоёр (64 тонн) дам нурууг өөрийн хоёр мотовозоор тээвэрлэх ажлыг зохион байгуулсан.
-396 дугаар км-ийн гарам маань хэр ачаалалтай гарам билээ?
-Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн, жижүүрийн зохицуулалт, УЗП, автомат хаалт дохиололтой гарам. Хоногт 40000-аас дээш тээврийн хэрэгсэл нэвтэрдэг нэлээд ачаалал өндөртэй.
-Хоногт энэ гармаар хэдэн галт тэрэг явж өнгөрдөг вэ?
-Сүүлийн үед ачаа эрчимчилт нэмэгдэж байна. Өчигдрийн байдлаар (дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар) л гэхэд 62 галт тэрэг явж өнгөрсөн байна.
-Нэг галт тэрэг явж өнгөрөхөд гарам дунджаар хэдэн минут хаагддаг вэ?
-Галт тэрэгний урт, хурдаас хамаарч янз бүр. Тиймээс нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар авч үзвэл 3-5 минут хаалттай байдаг. Ингээд бодохоор автозамын түгжрэлд тодорхой хувиар нөлөөлж байгаа. Нөгөө талаар, автомашины хөдөлгөөн, галт тэрэгний хөдөлгөөн эрчимжсэн энэ цаг үед гарам дээр хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад маш хүндрэлтэй болсон. Гармын жижүүр ганцаараа аюлгүй байдлыг хангуулах боломжгүй байдаг. Тиймээс энэ гарам дээр Төмөр замын Цагдаагийн газраас замын цагдаа ажиллуулж байна. Зарим тохиолдолд дүүргийн замын цагдаа нэмэлтээр ажилладаг. Ингэж замчид, цагдаа нар хамтарч гарам дээрх аюулгүй байдлыг нь хангадаг. Гармын жижүүрийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй автомашинууд дайрч орох, явган зорчигчид галт тэрэгний урдуур гүйж яаралтай тормос хийлгэх зэрэг зөрчлүүд түгээмэл гардаг учир төмөр замын цагдаатайгаа хамтран ажилладаг болсон.
-Энэ гарам дээр осол зөрчил хэр гардаг вэ?
-396 дугаар км дэх гарам дээр 2022 онд долоон зөрчил гарч байсан бол 2023 онд 14 бол өссөн. Хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн хэрээр эрсдэл өссөөр байгаа юм.
-Тэгэхээр энэ гарам ашиглалтад орсноор энэ бүх эрсдэл шийдэгдэх нь. Хэдийгээр ашиглалтад орохоор байна вэ?
-Гүйцэтгэгч компанийхан наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм билээ гэв.
Ийнхүү Нийслэлийн захиалгат энэхүү ажлыг БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” гүйцэтгэж буй юм.
Юутай ч энэ намар Толгойт дахь 396 дугаар км дэх гармыг хонгилон гарцаар сольсноор энэ хэсэгт үүсэх авто замын түгжрэл тодорхой хэмжээнд шийдэгдэхээс гадна ГТХАБ-д томоохон дэвшил гарах бололтой. Нөгөөтэйгүүр, энэ хонгилон гарцаар том оврын автомашин хүртэл чөлөөтэй нэвтрэх боломжтойн дээр ус зайлуулах системийг ч шийдвэрлэж байгаа тул нийслэлд өмнө нь баригдсан хонгилон гарцуудаас олон талаар давуутай болно гэсэн хүлээлттэй байна.
Дараа дараагийн хонгилон гарцын барилгын ажлууд ч ар араасаа эхлээд явах бололтой.
