Замын захиргаанаас төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах бодлогын хүрээнд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авах төслүүдийг орон нутгуудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд барьж буй орон сууцуудын талаарх мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн Замын даргын нэгдсэн хурлын үеэр Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай өгсөн. Тодруулбал, Багахангай дахь 40 айлын орон сууцны суурь, зоорийн болон гуравдугаар давхрын каркасыг “Бүтээмжит хийц” ХХК өнгөрсөн жил хийсэн бол энэ сарын 17-ноос ажлаа үргэлжлүүлж эхэлжээ.
Мөн “Жи Эй Эл Инвестмент” ХХК-ийн барьж буй Сайншанд дахь 180 айлын хоёр блок орон сууцны А блокийг тавдугаар сард, Б блокийг ирэх есдүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Энэ орон сууцанд төмөр замын 135 ажилтан орох квоттой бол 35 нь захиалгаа өгөөд байгаа ажээ.
Замын-Үүдэд “АТТА ЧР” ХХК-ийн барьж буй 108 айлын хоёр орон сууцны Б блокийн дотор монтажийг хийж байгаа бол А блокийн барилга угсралт 40 хувьтай байна. Уг барилгыг энэ ондоо багтаан барьж дуусгах бөгөөд төмөр замын 39 ажилтан орох юм. Харин Дархан хотод хуучин барилгыг буулгаж газар дээр нь барих 132 айлын орон сууцны ажил удахгүй эхлэх гэнэ. Энэ орон сууцанд төмөр замын 80 ажилтан хамрагдах ажээ.
