Байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр нэвтрүүлсэн болон нэвтрүүлэх боломжтой сайн туршлага санаачилгыг сурталчлах, харилцан туршлага солилцох, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор УБТЗ-ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хяналтын албатай хамтран зохион байгуулагдсан тус хурал 5 сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, Инженерийн болон байгалийн шинжлэх ухаан, технологи, Нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаан гэсэн гурван сэдвийн чиглэлийн дагуу 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тус хурлын сүүлийн шатанд нийт 11 илтгэл хэлэлцүүлэгдэж, шилдгүүдээ тодрууллаа.

Тээврийн хяналтын албаны инженер Э.Өнөрбаяр “УБТЗ-ын хэмжээнд тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлууд”, Техникийн бодлого стандартчиллын албаны инженер, доктор О.Дэмбэрэлсүрэн “Галт тэрэгний аюулгүй байдлын тээврийн менежментийн систем бий болгоход анхаарах асуудлууд”, ШУТИС-ийн МехТС-ийн багш, доктор С.Ариунбаяр ”Нийлүүлэлтийн хэлхээн дэх виртуал байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх адаптив загвар” илтгэлүүд тус тус уригдсан илтгэлээр оролцлоо.

Хэлэлцүүлэгдсэн шилдэг илтгэлээс ТЗДС-ийн багш, доктор Г.Баярцэцэгийн “PAF модель, вектор оновчлолын аргыг ашиглан чанарын зардлыг шинжлэх нь” сэдэвт илтгэл тэргүүн байр, тусгай байрт багш, доктор Я.Гэрэлт-Од, багш Б.Танхилсайхан нарын “Төмөр замын далангийн хог ургамалтай тэмцэх биологийн судалгаа”, Г.Баярцэцэг, Ө.Гансүх нарын “Зорчигч тээврийн салбарын хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” илтгэлүүд тусгай байрт шалгарлаа. Судлаач нарынхаа цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье.