Нүүр Цаг үе И.Мөнхбаяр:Өвлийн бэлтгэл 75 орчим хувийн биелэлттэй байна
Цаг үе

И.Мөнхбаяр:Өвлийн бэлтгэл 75 орчим хувийн биелэлттэй байна

G.Press 1 жилийн өмнө 59 үзэлт 0 сэтгэгдэл

 

Техникийн бодлого стандартчиллын албаны инженер И.Мөнхбаяраас Замын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын явц ямар байгааг тодрууллаа.

 

-2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Замын даргын долдугаар сарын 4-ний А/602 тоот тушаалаар баталсан. Уг төлөвлөгөөнд 18 чиглэлээр 136 ажил хийхээр тусгасан. Өвлийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Замын ерөнхий инженерийн удирдлага дор сар бүрийн хоёр болон дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт ажлын хэсгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, хэрэгжилтийн явцад хүндрэл гарсан, удааширсан асуудлуудыг хэлэлцэн тодорхой үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Үүнээс гадна Зам тээврийн сайдын долдугаар сарын 31-ний А/158 тоот тушаалын дагуу УБТЗ ХНН өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг сар бүрийн 15, 25-ны дотор яаманд тайлагнаж байгаа.

Замын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэх хурлыг наймдугаар сарын 29-нд хийсэн. Энэ хурлаар есдүгээр сарын 1-н гэхэд Замын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг 75 хувьд хүргэх үүрэг даалгавар өгсөн. Зарим алба, хэлтэс, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөн.

Тухайлбал, Барилга орон сууцны албанд ТЗДС, Политехник коллежийн анги танхимын засварыг есдүгээр сарын 15-ны дотор дуусгах, Орхонтуул зөрлөгийн халаалтын зуухны өргөтгөлтэй холбогдуулан цахилгааны хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх трансформаторын зардлыг шийдвэрлэхийг Төлөвлөлт, эдийн засгийн албанд, дээрх ажлыг энэ сарын 20-ны дотор хийж дуусгахыг Эрчимний төвд үүрэг болгосон.

Мөн ажилчдын ахуйн хэрэглээний нүүрсний хангамжийг хийхдээ ажилчдын саналыг авч, хөнгөлөлтийг мөнгөн хэлбэрээр болон хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох ажлыг зохион байгуулах, ажилчдын өвлийн хувцасны нийлүүлэлтэд бэлтгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн. Дараагийн хурлыг Ерөнхий инженер энэ сарын 12-нд хийхээр товлосон.

 

-Замын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын хэрэгжилт одоогийн байдлаар хэдэн хувьтай явна вэ?

 

-Бүх алба, хэлтэс, салбар нэгжүүд бэлтгэл ажлын тайлангаа манай албанд ирүүлж, энд нэгтгэн дүгнэж байгаа. Ер нь, Замын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд 75, аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувьд хүргэх үүрэг чиглэл өгсөн. Манайд ирүүлж байгаа тайлангаас харахад албадын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Зарим албаны хувьд 80-аас дээш хувьтай байхад зарим албаны хувьд 55, 60, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Гэхдээ энэ нь төлөвлөсөн ажлууд хугацаа нь болоогүй байгаатай холбоотой. Тухайлбал, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний паркийн өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэгийн хугацаа болоогүй байна. Шаардлагатай сэлбэг материалаа захиалах, татан авах зэрэг бэлтгэлээ хангаж байна. Ерөнхийдөө Замын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын явц 75 орчим хувьд хүрсэн. Есдүгээр сарын 12-нд хийх хурлаар гүйцэтгэлийн тайлан илүү тодорхой гарна.   

 

-Уурын зуух, дулааны шугамын засварууд дууссан уу?

 

-Зүүнхараа I зуухны 11-13, II зуухны 21-38 дугаар худаг хүртэлх 110 м таван хос шугамын засвар, Багахангайн 17 дугаар хэсгийн худгаас ТҮГ, Эрчим хүчний хэсгийн худаг хүртэлх таван хос шугам, Чойр II зуухны 260 метр дулааны шугам, арс худалдааны төвийн узелийн 1-2 дугара худаг хүртэлх 500 м дулааны шугам солих их засварыг хийж дууссан. Энэ жил уурын зуухны халаалтын дөрвөн тогтоог шинээр солих их засварын ажлыг хийхээс Салхит, Зүүнхараагийн I зуухны тогоог сольсон. ....

Мөн Сайншандын I зуух, Олон-Овоо, Улаан-Уул, Зүүнбаянгийн халаалтын зуухны яндан шинэчлэн солих засварыг наймдугаар сарын 24-нд хийж дууссан. Түүнчлэн, Хангал зөрлөгт 12, Авгынгол зөрлөгт дөрөв, Долоодын хөндий, Шаргын-Овоо, зөрлөгийн зургаан айлын, технологийн дөрвөн барилгын гадна фасадын их засварыг хийж дууслаа.

 

-Ажилчдын өвлийн хувцсыг хэдийд олгох вэ?

 

-Ажилчдын өвлийн ажлын 9044 ширхэг хувцас худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулж, долдугаар сарын 25-нд гэрээ байгуулсан. Мөн өвлийн 9421 хос гутал худалдан авах гэрээг байгуулсан. Ажлын өвлийн хувцас, гутлыг аж ахуйн нэгжүүдэд есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 1-ний хооронд олгохоор төлөвлөсөн. Тухайлбал, хойд хэсэглэлд есдүгээр сарын 20-24-нд, урд хэсэглэлд 24-26, төвийн хэсэглэлд 26-30-нд олгоно.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.