Төмөр замчдын хотхоны жилээс жилд өнгө төрхөө зассаар байгаа. Шинээр барилга орон сууц баригдаж, цэцэрлэгжилт тохижилтын ажлууд хийгдсээр байна.  Гол гудамжуудын авто замыг шинэчилж, явган хүний замыг засаж байгаа боловч зам дагуух мод, бут, сөөгийг тайрч засах ажил орхигдож эхэллээ. Ялангуяа Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх Замчдын гудамжны авто замын хойд талаар иргэд явган явахад саад төвөг их байна. Зам дагуух орон сууц, үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн авто зогсоол байхгүй учраас ногоон байгууламж, явган хүний зам дээр машин тэргээ эмх замбараагүй тавих нь элбэг. Явган зорчигч үүнийг тойрч явахад төвөгтэй. Учир нь явган хүний зам талбай дээрх өндөр улиаснуудын хормойд сагсайж ургасан мөчир навчнууд саад тээг болж байна. Иймд тохижилт үйлчилгээ хариуцсан байгууллагууд үүнийг анхааралдаа авч, зам засварын ажлыг хийхдээ автомашины зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэж, зорчиход саад тээг болж байгаа  улиасны голоос дээшээ 2,5-3 метр хүртэлх мөчир, навчнуудыг танаж хөрөөдөж цэвэрлэх хэрэгтэй байна. 

Дашрамд дурдахад жолооч нар ч авто зам дагуух хашлага давуулан машинаа тавихаа больцгоож, бие биенийхээ хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйтэй болов уу.