Японы судлаачид агаараас нарны гэрлийн тусламжтай ялгаж авсан ус, нүүрстөрөгчийн давхар ислийг урвалд оруулах замаар хиймэл шатахуун үйлдвэрлэх туршилтыг саяхан гүйцэтгэжээ.

Өнгөрсөн сард Осака хотод туршилтыг гүйцэтгэжээ.  Одоо туршилтын үр дүнг боловсруулж байгаа ба хэрвээ амжилттай болбол анхны синтетик аргаар гаргаж авсан шатахуун болох гэнэ.

Туршилтыг гүйцэтгэхдээ Sustainable Energy Inc компани эхлээд агаар дахь CO2-ыг нарны гэрлийн тусламжтай “фотокаталист” аргаар урвалд оруулж, өөрсдийнх нь нэрлэдгээр “радикал ус” хэмээх бодисыг гаргаж авдаг байна. Энэ нь холбоогүй электронууд бүхий молекулуудаас тогтох тул химийн урвалд сайн ордог гэнэ.

Үүн дээрээ “seed fuel” болгож жинхэнэ шатахуун нэмэхэд CO2 нь ижил төрлийн хиймэл шатахууныг тасралтгүй үйлдвэрлэж эхэлдэг юм байна.

Жишээ нь керосин нэмбэл синтетик керосин үйлдвэрлэж эхэлнэ. Ингэж гаргаж авсан хиймэл шатахууныг дараа дараагийн үйлдвэрлэлд “seed fuel” болгон ашиглах боломжтой гэнэ.

Нэгэнт агаарт агуулагдаж буй нүүрстөрөгчийн давхар ислийг түүхий эд болгон ашиглаж буй тул шинээр нэмэгдүүлэхгүй ажээ.

Өөрөөр хэлбэл шатахуун үйлдвэрлэхэд ашигласан болон шатаахад буцааж ялгаруулсан нүүрстөрөгчийн давхар ислийн харьцаа тэнцвэртэй тохиолдолд зорилго биелсэн гэж үзэх юм байна.

Туршилтын үеэр Осака хотын Цүрүми Рёкүчи цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан цахилгаан автомашин цэнэглэгч генераторыг синтетик шатахуунаар ажиллуулжээ.

Одоо хэмжилтийн үр дүнг боловсруулж байгаа бөгөөд үүнээс хамаараад нүүрстөрөгчийн харьцааг тэнцвэржүүлэх дараагийн шатны сайжруулалтыг хийх юм байна.