2024 оны Замын даргын нэгдүгээр улирлын үзлэг дуусаж дүнгийн хурлаа хийлээ.

- Замналд тавих хяналтыг сайжруулах, Тээвэр зохион байгуулалт болон Зүтгүүрийн аж ахуйн албад хамтран ажиллах

- Технологи, техникийн баримт бичгүүдийн боловсруулалтыг сайжруулах

- Илчит тэрэгний засвар үйлчилгээг чанаржуулах, техникийн бэлэн байдлыг найдвартай хангах

- Эрсдэлийн үнэлгээ, норматив гүйцэтгэлийг чанаржуулах

- Гарам, Аюултай бүсийн дэглэмийг хангуулах чиглэлээр зангилаадын дарга нар идэвхи зүтгэлтэй ажиллах

- Төвийн хэсгийн зам сумын үзлэгээр цариг тэлэх, хажуу зөрүү, уулзварын зай томорсон нийтлэг гэмтлүүд илэрснийг анхаарч ажиллах

- Зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүн, зам сумын арчилгаа үйлчилгээнд шаардлагатай сэлбэг, материалын хангалтыг НХ алба шуурхай зохион байгуулах

- Шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах

- Техникийн сургалтыг чанаржуулах

- Шинэ залуу ажилтнуудад ажлын арга барил, зөв дадал, хэвшил эзэмшүүлэх нь Аюулгүй байдлыг хангуулахад чухал ач холбогдолтой болохыг НЗрб Ш.Нямсүрэн дарга хурлын үеэр нийт алба, салбар нэгжүүдийн удирдлагуудад онцлон сануулаад хурлыг дүгнэж холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн. Мөн "Байгууллага төвтэй" биш "ажилтантай төвтэй" байгууллага болохоор зорьж байгаа болохыг илэрхийлээд 2024 онд бид Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг нийт төмөр замчиддаа уриаллаа.

Хурлын төгсгөлд идэвхи зүтгэлтэй ажилласан гурван ажилтныг хүндэт цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

- УБТЗ-д тасралтгүй 28 жил ажиллаж байгаа Замын II ангийн сэв шалгагч Бэлэгдэмбэрэл овогтой Пүрэвжаргалыг "Төмөр замчны алдар" цол тэмдгээр урамшуулав. Б.Пүрэвжаргал нь 2023 онд 17 хурц ноцтой гэмтэлтэй зам төмрүүдийг илрүүлэн солиулах арга хэмжээ авч болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж хамт олноо түүчээлэн ажилласан, ажлын туршлага, сурч мэдсэн зүйлээ шинэ залуу ажилтнуудад харамгүй хуваалцаж, зааж сургаж, үлгэр дуурайлал болж ажилладаг өндөр мэдлэг, ур чадвартай тэргүүний төмөр замчдын нэг юм.

- УБТЗ-д 23 жил ажиллаж байгаа Улаанбаатар татах хэсгийн шаварчин-будагчин Базар овогтой Лхагвадоржийг "Тэргүүний төмөр замчин" цол тэмдгээр шагналаа. Б.Лхагвадорж нь Сэргээн босгох галт тэрэгний байнгын бэлэн байдал, техник, механизмын бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Б.Лхагвадорж нь 2023 онд Сэргээн босгох галт тэрэгний байнгын бэлэн байдалд байх ёстой камаз, кран, механизм, техникүүд нь дулаан зогсоолд багтахгүй урт байсан тул гараж сунгах ажилд идэвхи санаачлагатай, сэтгэл зүтгэлтэй ажиллаж чанартай гүйцэтгэжээ. Мөн депогийн ТР-1, 2, 3, шинэ хуучин заалнуудын засварын ажил, дээврийн засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэж байсан, залуу үеээ дэмжин тусалж ажилладаг, хамт олондоо үлгэр дуурайлал болсон байгууллагын тэргүүний ажилтнуудын нэг юм.

- Эрчим хүчний яамны "Эрчим хүчний тэргүүний ажилтан"-аар Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн лабораторын техникч Төмөрхүлэгийн Ням-Очирыг тус тус шагнав.