“Гурван үеийн уулзалт зөвлөгөөн-2026” Багануур өртөө, Баянтүмэн тасагт энэ сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай боллоо. Зохион байгуулах бүрэлдэхүүнд Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал, Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн А.Содбаяр, Б.Гэрэлмаа нар багтсан юм. Дэд тэргүүн А.Содбаярын “Алсын хараа” сургалтаар эхэлсэн уулзалт бэлэгтэй, асуулт хариулт, харилцан яриагаар дүүрэн өрнөсөн. Багануур өртөөний уулзалтад хоёр, гурав дахь үеийн төмөр замчид оролцож, дурсамжаа хуваалцаж байсан нь бахархмаар байв. Багануур зангилааны дарга Н.Алтанхуягийн сэтгэл ихэд хөдөлсөн нь илт, уулзалтын бүх арга хэмжээнд идэвхтэй оролцож, өртөөнийхөө хамт олноо хөгжөөж, манлайлж байв. Тэрбээр хоёр дахь үеийн төмөр замчин аж.
Багануур өртөөний хамт олон байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын стратегийн чухал ажил нүүрсний тээвэрт хүчин зүтгэж, үе үеийн ахмадуудынхаа ажил үйлсийг одоо ажиллаж байгаа ажилтнууд болон ирээдүйн залгамж халаа залуучууддаа уламжлан авч түмэн олны гэрт гэрэл гэгээ, халуун дулаан орчинг бүрдүүлэхэд хүчин зүтгэсээр явна. Тус өртөөний төмөр замчид тухайн бүс нутагтаа төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж, дулааны цахилгаан станцуудын хэрэгцээт нүүрсний 80 хувийг тээвэрлэж, эрчим хүчний чухал түүхий эд болох нүүрсний тээврийг тасралтгүй, аюулгүй зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Багануур өртөө нь өнгөрсөн онд 4.7сая тн ачаа тээвэрлэсэн байна.
Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн Б.Гэрэлмаа 2025 онд хийсэн ажлынхаа талаар товч танилцуулга хийсэн. “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Залуучуудын байгууллагатай хамтарч “Случайны вагон” төсөлд зургаан залууг сонгон шалгаруулснаар тэд олон улсын мэргэжил нэгт залуустай нөхөрлөж, хамтын ажиллагаанд оролцох боломж нээгджээ. Залуучуудын хөгжлийн академийн багш нарыг чадавхжуулах “Манлайллын хөтөлбөр” сургалтад 12 сургагч багшаа хамруулжээ. “JCI Mongolia” байгууллагатай хамтран ALPHA төслийн хүрээнд Хүүхдийн секторын Сурагчдын дотуур байрны хүүхдүүдэд сэтгэлзүйн онцлог, тэдгээрт тохирсон цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Бүтээлч сэтгэе” эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн цахим зөвлөгөөн, Хятад хэлний анхан шатны онлайн сургалт, “Технологийн шийдэл AI-2025” шилдэг технологи шалгаруулах болзолт уралдаан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд Зам, тээврийн яамтай хамтран салбарын залуучуудыг дэмжих бодлогын бичиг баримтын төслийн хэлэлцүүлэг, эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.
Залуучуудын төв байгууллагын 10 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хугацаанд “Гурван үеийн уулзалт зөвлөлгөөн”-ийг найман удаа зохион байгуулж, жилээс жилд уулзалтын өнгө аяс, агуулга нь чамбайрч, улам өргөжин тэлж, өртөө зангилааны төмөр замчдын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болж чаджээ. Тухайлбал, өнгөрсөн жил нийт оролцохоор төлөвлөсөн хүний тоо 1280, гүйцэтгэлээр 1790 хүн оролцсон нь энэ зөвлөлгөөнийг өгөөмж, хүлээлтийг илтгэх биз ээ.
Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн”-ий “Алсын хараа” сургалтын агуулга, утга санааг нь тодруулсан сайхан дурсамж яриа өрнүүлснээр бусад оролцогчдын сэтгэлийн хөгийг нээж өгсөн.
Тэрбээр, 2017 онд Л. Халтар даргын удирдлага дор УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн алсын хараа, зорилтоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хөгжил, шинэчлэлийн хөтөлбөрөө баталсан. Өнөөдөр бид тэр алсын харааг зүгээр нэг баримт бичиг биш, бодитоор хэрэгжиж буй үйл явц гэж харж байна. Энэ алсын харааны хамгийн чухал үнэт зүйл нь хүн. Ахмад төмөр замчдын хуримтлуулсан туршлага, орчин үеийн технологи, мөн 24 цагийн турш тээврийг тасралтгүй авч яваа залуу төмөр замчид юм. Би үүнийг нэг модтой зүйрлэдэг. Ахмадууд нь үндэс, туршлага нь иш, залуучууд нь мөчир, ирээдүй нь үр жимс. Үндэс бат байж, мөчир ногоорч төмөр зам урагшилна. 2017 онд бид Монголыг дайран өнгөрөх олон улсын транзит тээврийн коридорыг хөгжүүлж, тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Тэр үед 2020 онд 25 сая, 2025 онд 33.9 сая, 2030 онд 53.4 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж төлөвлөж байсан. Үүний тулд зөрлөгүүдийг шинээр барьж, өргөтгөж, замаа шинэчилж, хурдыг нэмэгдүүлсэн. Үр дүнд нь 2020 онд 27 сая, 2025 онд 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, зорилтоо биелүүлсэн. Одоо 2030 оны 53.4 сая тонн бол биднээс илүү өндөр зохион байгуулалт, илүү их үр ашиг, илүү зоригтой шинэчлэлийг шаардаж байна. Миний хувьд УБТЗ-д 37 жил ажилласан хүний хувьд нэг зүйлийг итгэлтэй хэлнэ. Төмөр замчид нэгдэж чадвал, ямар ч зорилтыг биелүүлж чаддаг. Алсын хараа гэдэг бол холын мөрөөдөл биш. Өнөөдөр нүд цавчилгүй зүтгэж буй төмөр замчдын зүрх сэтгэл дээр бодитоор бүтэж буй ирээдүй хэмээн хүүрнэсэн.
Төмөр замчин гэдэг өөрөө агуу нэр цол
Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн,” Гурван үеийн уулзалт бол түүх юм. Хүний сэтгэл зүрхэнд хоногшиж, дуунд мөнхөрч үлддэг. Тэгш ой болоход ном болж үлддэг. Залуучууд ахмадуудтай ажиллаж, дэргэдээс нь суралцаж байж төмөр замчин болдог. Холоос хайх хэрэггүй, халуун тогоондоо чанагдаж, ахлахаасаа суралцдаг онцлог салбар бол төмөр зам. Ахмад болох амархан. Харин залуу байхдаа хүн ахмад болно гэж бодолгүй, зүтгэсээр явдаг. Гэхдээ төмөр зам хүнээс мэргэжил, сахилга бат, хариуцлага шаарддаг. МСҮТ, коллеж, их сургуулиар мэргэжил эзэмшиж байж л ажлын талбарт гарна. Учир нь бид бол үйлчилгээний хүмүүс. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, гадаад улс гээд хамрах хүрээ асар том. Төмөр замчин гэдэг өөрөө агуу нэр цол юм. УБТЗ бол байгууллагын соёл төлөвшсөн газар. Сахилга бат, хариуцлага, нарийн тооцоолол энд секунд, миллиметрээр хэмжигддэг. Тийм ч учраас хоёр, гурав дахь үе нь удирдлагын түвшинд хүрч байна. Алсын хараа нь ганц хүний мөрөөдөл биш. Гурван үеийн нэгдэл. Ахмадын ухаан, залуу үеийн хүч, байгууллагын соёл нийлж байж төмөр замын ирээдүй урагшилдаг. Өнөөдөр бид зам дээр ажиллаж байна. Маргааш түүх болж үлдэнэ. Харин төмөр зам үргэлж үлдэнэ” хэмээн дурсамжийн галт тэргийг хөглөсөн юм
2006 он. 407 дугаар км-т А.Содбаяр аавтайгаа явж байхад парадын галт тэрэг явж, зүтгүүр дуу чимээ ихтэй,туслах машинч дүрэмт хувцастайгаа цонхоороо даллаад өнгөрчээ.Тэр мөчид “Би төмөр замчин болно” гэсэн бодол төрсөн байна. Мөрөөдөл ингэж л эхэлдэг. Нэг агшин, нэг дүр зураг, бас даллалт. Гэхдээ мөрөөдлийн зам шулуун байгаагүй. аравдугаар төгсөөд шалгалт өгч, “вагон жолооддог хүн болно” гэсэн зорилго тээж, ямар ч ойлголтгүй бүтэн жил суралцжээ. Сэтгэл нь зүтгүүр рүү, бие нь өөр замд. Гэхдээ тэр бууж өгөөгүй. “Би зүтгүүрчин болох байсан юм байна” гэж багшдаа, эцэг эхтэйгээ, удирдлагатайгаа ярьж байж ангиа сольсон. 2020-2025 онд засварын чиглэлээр ажиллаж, өнөөдөр хүссэн мөрөөдөлдөө ойртож, Зорчигчийн галт тэрэгний туслах машинч болжээ. Төмөр замд мөрөөдөл ганц өдөр биелдэггүй. Гэхдээ зөв замаар явбал заавал зүтгүүрийн толгойд хүрдэг гэж ярьсан нь бусдын сэтгэлд тод, дулаахан үлдлээ.
Багануур өртөөний Ахмадын хорооны дарга Д.Даваасүрэн, 1983 онд Багануур өртөө байгуулагдахад УБТЗ-ын техникумыг нөхрийн хамт төгссөн, хоёр нялх хүүхэдтэй, залуу гэр бүл ирж байжээ. Эзгүй хээр талд олон залуус Багануур өртөөг босгож байлаа. Тэрбээр пүүлэгч, кассир, билетийн кассаар ажиллаж, шөнөжин бичгийн машин тоншино. Хятад руу мод, Орос руу нүүрс ачна. Тэр үеийн хэцүү хөдөлмөр өнөөдрийн бахархал минь болжээ. 2014 онд тэтгэвэрт гарсан ч өртөөнөөсөө салж чадалгүй, ахмадын хорооны даргын үүрэгт ажлыг авсан нь төмөр замчин гэдэг мэргэжил тэтгэвэртэй хамт дуусдаггүйг харууллаа хэмээн халуун дотноор дурсав. Тэдний хөвгүүд ч удам дамжсан төмөр замчид болжээ.
Бригадын дарга, 23 настай Т.Цэнд малын эмч ч болж магадгүй байж. Гэхдээ “зам байхгүй бол төмөр зам утгагүй” гэсэн нэг үг түүний замыг тодорхойлсон. МСҮТ-д ганцхан замын анги байлаа. Эхэндээ эргэлзсэн. Гэхдээ ангийнхандаа дасжээ. 2022 онд Булагтайн 24 дүгээр км-т анхны ажлын өдөр хадалт хийж зогсоод “Би ямар хэцүү ажил дээр ирчихэв ээ” гэж бодол төрснөө ч нуусангүй. Харин дараа нь ойлгосон. Мэргэжлийг голох биш, хүсэл сонирхлоо хөгжүүлэхэд ажил хэцүү санагдахаа больдог. Өнөөдөр тэр төмөр замчин болсноороо бахархаж, “Тэргүүний залуу” медалиа гялалзуулсаар явна.
Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал дурсамжийн галт тэргээр аялуулсны төгсгөлд “Нормын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийх нь замчдын бахархал. Та нарын “зам” гэсэн үг бодит бүтээн байгуулалт болдгийн нэг жишээ нь 2019 онд Зүүнбаян-Тавантолгойн 416 км төмөр зам харуулсан. Тухайн үед техникгүй, материалгүй мэт санагдсан ч 20 сая шоо.метр газар шорооны ажил хийж, 16 гүүр, 400 гаруй хоолой барьж, хоёрхон жилийн дараа анхны галт тэрэг явсан. Ахмад төмөр замчдын туршлагаар тэжээгдэж, хөдөлмөрөөр бэхжиж, итгэлээр урагшилдаг. Өнөөдөр та суралцагч байж магадгүй. Маргааш та зам барина. Нөгөөдөр нь тэр замнал түүх болно. Харин төмөр зам үе үеийн ажилчдын мөрөөдлөөр үргэлж урагшилна” хэмээн дүгнэж хэлснээр “Дурсамжийн галт тэрэг” Баянтүмэн тасаг руу өртөөлсөн билээ.
Бага хүчээр их ажлын ард гарч чаддаг хамт олон
Баянтүмэн тасаг 1939 оноос ачаа, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Захиргаа аж ахуй, ачаа тээвэр, хөдөлгөөний хэсэг, зүтгүүрийн депо, замын анги, воганы аж ахуйн хэсэг, холбоо, орон сууцны засвар, арчлалтын хэсэг, түлш агуулах, цэрэгжүүлсэн хамгаалах салаа, их эмч гэсэн 11 нэгжид 234 хүний орон тоотой, галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг 238 км замд ханган ажиллаж байна. 200 гаруй ахмад төмөр замчид энд амьдарч байна. Баянтүмэн тасаг УБТЗ-ын харьяа, гол замаасаа алслагдмал, зүүн бүсэд байрлалтай төмөр зам. 1980 оны тэртээ тус тасаг нь 1000 гаруй орон тоотой, тухайн үедээ сая тонн ачаа тээвэрлэж, татаасны биш өөрсдийн ашгаасаа үндсэн төмөр замдаа өгдөг байсан түүхтэй. Баянтүмэн тасгийн хамт олон жилд 20000 бетон болон модон дэрийг солих үүрэг даалгавартай. Тухайлбал, өнгөрсөн онд Замын захиргааны дэмжлэгээр төмөр бетон дэр 13767, модон дэр 3911, дүнз 291 ширхгээр тус тус хангагдаж, хүн хүч дутмаг байдлыг үл харгалзан Баянтүмэн тасгийн нийт ажилчдынхаа хүчээр бүрэн сольсон байна. Зөвхөн замчин, зүтгүүрчин гэж нэг мэргэжлээрээ ажилладаггүй. Бүгд хөрвөж ажилладаг чадвар нь Баянтүмэн тасгийнхний онцлог юм. Бага хүчээр их ажлын ард гарч чаддаг хамт олон. Баянтүмэн тасгийн хэмжээнд технологийн орон сууцны хангалт боломжийн, Замын захиргаа анхаарал хандуулж, 2.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дөрвөн өртөө, зөрлөгийг эрчим хүчинд холбосон. Амьдрах орчин нь нэг шатаар ахиж, үүнийг дагаад интернэттэй болж харилцаа холбоо сайжирсан.
Баянтүмэн тасгийн удирдлагууд жил бүр зохион байгуулагдаж буй “Гурван үеийн уулзалт зөвлөгөөн”-д ямар хүмүүс оролцуулах тал дээр ач холбогдол өгдөг. Энэ жилийн уулзалтад шинэ ажилтан, мөн 2-3 жил ажиллаж байгаа төмөр замчдыг бүрэн хамруулах бодлого барьжээ. Уулзалтад хүрэлцэн ирж оролцож буй баг хамт олон, хүндэт гавьяат тээвэрчид, энд цугларсан ахмадуудын биеэрээ туулсан замнал, түүх дурсамж яриа нь уулзалтад оролцож байгаа хүмүүсийн чихэнд, сэтгэлд илүү үлддэг. Уулзалтын дараа залуусын урам зориг сэргэсэн нь удирдлагуудад нь анзаарагдаж мэдрэгддэг байна. Уулзалт болж жил тойроод ирэх хүртэл өмнөх жилийнхээ уулзалтын тухай хөөрөлдөнө. Өмнөх жилийн сургалтаар лектор багш ийм зүйл ярьсан. Тийм хөгжилтэй тоглоом тоглуулсан. Тэр ахмад ингэж ярьсан. Манай Баянтүмэн тасгийн ахмадуудын дурсамж яриа, хөгжилтэй, сургамжтай зүйл нь тийм байсан гэж ярьцгаадаг.
Баянтүмэн тасгийн хамгийн залуу, 21 настай VII хэсгийн замчин Т.Идэрбатад Замын даргын нэрэмжит бэлгийг гардуулав. Гурав дахь үеийн төмөр замчин, сургалтын инженер н.Саранчимэгийг УБТЗ-ын Залуучуудын байгууллагын “Тэргүүний залуу” алтан медалиар шагнасан. Ахмадын хорооны даргын дурсамж хөвөрч, хөгжилтэй яриа, ая дуу, ерөөлөөр ундарсан энэ уулзалт бидний гурван үеийг холбож, төмөр замын үнэт зүйлсийг амилуулсан сайхан мөч боллоо. Өнөөдөр энд хуваалцсан дурсамж, бахархал, урам зориг залуу үеийг хөдөлгөж, ахмад үеийг нэр төртэйг мэдрүүлж, төмөр замын түүх үргэлжилсээр байгааг харуулсан сайхан мөчүүд олон байв. Гурван үеийн уулзалтад Баянтүмэн тасгийн хамт олон онцгой ач холбогдол өгдөг нь олон хүний яриа, дурсамжаас тодхон мэдрэгдсэн. Энэ уулзалт зүгээр нэг учрал биш. Өнгөрснөө хүндэтгэж, өнөөдрөө баталгаажуулж, маргаашаа итгэлтэйгээр угтах мөч юм. Баянтүмэн тасгийн хамт олон энэ сайхан уламжлалыг нандигнан хадгалж, төмөр замын үнэт зүйлийг хүн хүний сэтгэлд шингээж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ уулзалт дуусах ч дурсамж нь үлдэнэ. Тэр дурсамж төмөр замын замналтай хамт удаан, маш удаан үргэлжилнэ.
П.Түмэндэмбэрэл
