Энэ удаагийн зочинтой ярилцах зуураа саяхны нэг үйл ажиллагаан дээр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш “Удамтай төмөр замчин гэдэг өөр юм. Хоёр дахь, гурав дахь үеийн төмөр замчид олон байх тусмаа төмөр замын салбар найдваржина” хэмээн хэлсэн нь эрхгүй санаанд буусан билээ. Үнэндээ, ажил мэргэжилдээ гаргуун, амжилт бүтээлийн эздийн дийлэнх нь удам залгасан төмөр замчин байж таардаг нь дээрх үгийг батлах шиг. Замын III ангийн дөрөвдүгээр хэсгийн замчин, Замын мэргэжлийн аварга Л.Батнасан гурав дахь үеийн төмөр замчин юм. Түүний өвөө Д.Гунгааням 1968 онд Чойр ГУА-д жолоочоор ажилд орж, 1994 онд тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Харин Батнасангийн аав Г.Лхагва гуай Замын III ангид жолоочоор 39 жил 10 сар ажиллаад 2005 онд гавьяаны амралтдаа гарсан байна. Ээж Ч.Аюурзана нь төмөр замчдын эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд насаараа зүтгэсэн сувилагч гээд яривал Л.Батнасан ёстой удмын төмөр замчин хүн.
Дөрвөн хүүхэдтэй айлын дунд хүү сургуулиа дүүргээд эр цэргийн албанд морджээ. Цэргээс халагдаад ирэхэд нь аав нь түүнийг замчин болгох бодолтой байгаагаа хэлж. Төмөр замчдын тосгонд төрж өссөн түүнд аавын саналаас цааргалах зүйл байсангүй. Ингээд 2001 онд Замын III ангийн нэгдүгээр хэсэгт буюу Наран-Элгэн зөрлөгөөс ажил амьдралын гараагаа эхэлжээ. Шив шинэхэн замчин Бор-Өндөрийн замын их засварын цонхон дээр хуваарилагдан очоод ёстой нэг хүн шиг нэгдэж, яралзтал ажиллах замчин залуусын хэмнэлд хөл нийлж байснаа мартдаггүй аж.
Тэр үед н.Энхтөр гэх замчинд “шавь орж”, төмөр замчны ажил, амьдралын эхний хуудсыг эргүүлсэн эгэл түүхийг хүүрнэлээ. Түүний багш одоо ч ажлаа хийж байгаа хэмээв. Харин одоо тэрбээр өөрөө олон залуу замчинг ажлын гараанд хөтөлж, амьдралд дөрөөлүүлсэн туршлагатай багш болсон. Наран-Элгэн зөрлөгт есөн жил ажиллаад Замын дөрөвдүгээр хэсэгт шилжин иржээ.
Л.Батнасан “Анх намайг замчин болж байхад гол зам модон дэртэй. Модон дэртэй зам засвар арчилгаа их шаардана. Замчид бид шугам замд дэр мод солих ажлыг байнга л хийдэг байлаа. Одоо бол төмөр бетон дэртэй болсноор замчдын ачаалал нэлээд хөнгөрсөн санагддаг. Замчны ажил хийж чаддаг хүндээ сайхан ажил. Сайхан хамт олны хүчинд би нэр бүтэн явна” хэмээв. Ер нь, аварга маань үг дуу цөөтэй тун даруухан хүн аж. Түүний амнаас үг унагана гэдэг сэтгүүлч миний хувьд тун хялбаргүй байсныг нуугаад яахав.
Замын мэргэжлийн аваргын шагнал хүртсэн тухайд нь асуувал “Нэр хүндтэй сайхан шагнал хүртсэндээ анги, хэсгийн хамт олондоо баярлаж явдаг. Аав минь “Аав нь төмөр замд 40-өөд жил ажиллахдаа Удирдах газрын хүндэт самбарт зургаа тавиулж үзээгүй. Хүү минь хүндэт самбарт зургаа тавиуллаа” гэж их баярласан. Би чинь төмөр замд 20 гаруй жил ажиллахдаа Удирдах газарт хөл тавьж үзээгүй явсан хүн. Шагнал авахдаа анх удаа Удирдах газарт орж үзлээ. Албаны дарга маань өрөөндөө хүлээж авч баяр хүргэсэн. Дээр нь, хэсгийн мастер маань намайг шагналаа авахаар явахад хоёр хүн хамт явуулсан. Шагналаа аваад гараад ирэхэд хань минь, хэсгээсээ хамт явсан хоёр маань цэцгийн баглаатай угтсан. Маш сайхан санагдсан” гэлээ.
Л.Батнасан зам сумын бригадад ажилладаг байна. Нийт есөн хүнтэй энэ хэсэг Чойр өртөөний 32 суман шилжүүлгийн засвар арчлалтыг хариуцан ажилладаг. Зам сумын хэсэгт хамгийн туршлага, чадвартай замчид ажилладаг аж.
Замын дөрөвдүгээр хэсгийн мастер С.Батхишиг “Би Л.Батнасантай 2010 оноос хойш хамт ажиллаж байна. Намайг бригадын дарга байхад миний бригадад ажиллаж байсан. Л.Батнасан удам дамжсан замчин. Аав нь манай хэсэгт насаараа жолоочоор ажилласан хүн. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэдэг. Ажлыг заавал хүнээр хэлүүлээд байдаггүй. Өөрөө их санаачилгатай. Олон жил ажилласан туршлагатай замчин. Гэхдээ олон жил ажилласан замчин болгон сайн байдаггүй шүү дээ. Би Батнасангаа аливаа ажлын эвийг олдог, ур чадвар сайтай, юм юманд эвлэгхэн замчин гэж тодорхойлно. Зам сумын бригадад олон жил ажиллаж гаршсан. Зам суман дээр технологийн хамгийн нарийн ажилбарууд хийгддэг. Янз бүрийн тохиргоо хийх шаардлага гардаг. Тэдгээрийг замчин болгон хийж чаддаггүй. Л.Батнасанд ажил даалгасан байхад санаа зовдоггүй. Маш найдвартай. Манай урдаа барьдаг замчдын нэг. Зам сумын бригадынхан бол шөнө дөлөөр ч, бороотой, цастай, шуургатайд хэдийд ч дуудагддаг. Хэзээ ч итгэл алдаж байгаагүй найдвартай хүн дээ. Энэ зан чанар нь хамт олондоо сайхан үлгэрлэл болдог.
Хувь хүний хувьд ч хамт олондоо хүндлэгдсэн, түшигтэй нэгэн. Архи дарс уудаггүй гээд яриад байвал сайн чанарууд олон доо. Ааш зангийн хувьд ч их түвшин, хамт олонтойгоо эвтэй.
Л. Батнасанг багшаа гэж хүндэлдэг олон замчин бий. Түүний шавь нараас инженер, мастер, бригадын дарга болоод дэвшээд явсан залуус олон. Манай хэсэгт ийм туршлагатай сайн замчид цөөнгүй. Тэдний маань тэргүүнд Л.Батнасан маань явдаг. Мастерын хувьд түүнийг “Замын мэргэжлийн аварга” харин ч хожуу боллоо гэж боддог. Аварга бол аварга л байдаг юм байна. Ажлыг бол яруухан хийдэг хүн дээ. Түүнийг ангийн удирдлагууд ч хүндэтгэдэг” хэмээн аваргынхаа тухай үг харамгүй магтав.
Эцэст нь, С.Батхишиг мастер “Хэсгээсээ Замын аварга төрүүлнэ гэдэг сайхан шүү дээ. Би хувьдаа “Замын мэргэжлийн аварга”-ын шагналыг төмөр замын хамгийн хүндтэй том шагнал гэж бодож явдаг. Төмөр замчид ид хийж бүтээж байх үедээ авдаг шагнал шүү дээ. Хэсгээсээ шалгараад, ангийн хэмжээнд дахин шалгарч, Замын аваргад нэр дэвшинэ гэдэг том даваа. Түүний цаана Замын анги бүрээс ирсэн шилдэг ажилтнуудаас шалгарч, аварга болно гэдэг ховор амжилт шүү. Тэдэн дотор нэр нь тодроогүй эгэл баатрууд үлдэж байгаа. Шилдэг сайн төмөр замчин бүр хүртэж чаддаггүй шагнал. Тийм ч учраас төмөр замчид энэ шагналыг маш их хүндэтгэж хүлээж авдаг. Би өөрөө 2018 онд “Замын аварга” болохдоо тэр их хүндлэлийг мэдэрч байлаа. Хүнд их урам, эрч хүч өгдөг сайхан шагнал. “Цол дагаж бяр нэмдэг гэдэг шиг Замын удирдлагууд хүртэл үзлэгээр ирээд “Манай аварга...” гээд уулзахад улам л хичээж, аваргын нэрийг хамгаалж ажиллахыг хичээдэг. Л.Батнасан аварга маань өөр шигээ олон шилдэг замчдыг бэлтгэх байхаа” хэмээв.
Л.Батнасангийн хувьд төрсөн ах дүүсээсээ ганцаараа аавынхаа ажил мэргэжлийг өвлөсөн хүн. “Одоо танайхаас дөрөв дэх үеийн төмөр замчин төрөх болов уу?” гэхэд “Манайх гурван охинтой. Ёстой тэрийг хэлж мэдэхгүй байна. Охид маань өөрсдийнхээ хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгоцгоох байх” гэв. “Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эхнэр байдаг гэдэг. Түүний гэргий О.Оюунтунгалаг хувийн байгууллагад ажилладаг аж. Ийм нэгэн гурав дахь үеийн удам залгасан замчин залуутай хөөрөлдлөө.
Монголчууд үр хүүхдүүддээ “Хүний удам судрыг нь харж нөхөрлө, ханил” хэмээн захьдаг. Энэ үгийг утгыг эргэцүүллээ. Удам судар гэдэг бол тухайн хүний хүмүүжил төлөвшил, итгэл үнэмшил, ёс суртахууныг хэлдэг аж. Түүнээс эд баялаг, эрх мэдлийг нь хар гэсэн үг огтхон ч биш аж. Монголчууд амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гэдэг үздэг билээ. Төмөр замчид бол хариуцлагатай, сахилгатай, хамтач, нийтэч, ачаалал даадаг хүмүүс. Төмөр замчдын хүүхдүүдийн өсөж төрсөн орчин нь өөрөө төмөр замын дэг сургууль ч байж болох. Тиймээс ахмад үеийнхэн удам дамжсан төмөр замчдыг өөрсдийн үр хүүхдүүдээс төрүүлэхийг хүсдэг. Тэдний үр хойч ч ясны төмөр замчин болдог бизээ.
