Нүүр Нийгэм Г.Ганболд: Тавантолгой Ганшуунсухайтын төмөр замыг төрийн мөнгөөр барьсан нь тог...
Нийгэм

Г.Ганболд: Тавантолгой Ганшуунсухайтын төмөр замыг төрийн мөнгөөр барьсан нь тогтоогдсон

G.Press 2 жилийн өмнө 60 үзэлт 0 сэтгэгдэл

 

Нүүрсний түр хорооны тайланг хэлэлцжээ. Энэ үеэр хянан шалгах сонсгол хийхээр төлөвлөсөн гурван асуудлын хүрээнд тайлан тавьж байгааг түр хорооны дарга Г.Ганболд онцоллоо. Тайланг нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд тавьсан. Түр хорооны даргын тавьсан тайлангаас онцлох зүйлүүдийг тоймлон хүргэе.

 

УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд:

-Төмөр замын асуудал дээр н.Батмөнх гэж шинжээч ажилласан. С.Батдөлийн хэрэг гэж яриад байгаа. Үүнийг шалгалтын явцад манай шинжээчид тогтоогоод Төмөр замын цагдаагийн газарт хэлж, шалгуулахаар түр хорооноос хүсэлт тавьж, илрүүлсэн.

-Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам. Тавантолгой Зүүнбаян бол гуравдугаар зэрэглэлийн төмөр зам. Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нэг км-ыг гурван сая гаруй ам.доллароор, Тавантолгой Зүүнбаянг нэг сая 50 орчим мянган ам.доллароор барьсан.

-Вагоны толгойтой холбоотой асуудал анхаарал татаж байгаа. Вагоны толгойн сонголт буруу байсан гэж дүгнэж байгаа. Нэгд, ТЭЗҮ-ээр 18 вагон оруулж ирэх байсан бол гэрээнд 16-г тусгасан байна. Гэхдээ одоо болтол вагоны толгойг оруулж ирээгүй байгаа. Монголын төмөр замын хэлж байгаагаар 9-10 сард нийлүүлнэ гэсэн. Нэг ноцтой зүйл нь Америкийн компаниас авч байгаа энэ вагон нарийн царигийн толгойг өргөн цариг руу шилжүүлсэн анхны модел. Энэ модел нь дэлхий дээр ашиглагдаагүй. Явах ангийг нууцад хамруулж гэрээ хийхээргүй байсан. Гэтэл нууцад хамруулсан.

-Бодь интернэшнл компанитай хийсэн анхны гэрээн дээр өнөөдрийн байдлаар нэмэгдээд 400 орчим сая ам.долларын нэмэлт гэрээ хийсэн байна.

-Богдхан төмөр замын хувьд шинжээчдийн гаргасан дүгнэлтээр 1.4 тэрбум ам.долларын гэрээ хийсэн байна. Засгийн газраас түр зогсоосон гэж байгаа боловч энэ оны эхний улирлын байдлаар зөвхөн Бодь компанид 26.6 сая ам.долларын хөнгөлөлттэй нүүрс олгосон байна.

-Гашуунсухайт дээр гэхэд нүүрс ачиж, буулгах хоёрхон талбай дээр наанаас 6 сая тонн нүүрс буулгаад цаашаа бүрдүүлэлт хийгээд гаргахад 1.1 сая тонн дутсан. Эсвэл наана 8 сая тонн нүүрс талбай дээр буулгахад цаашаа хоёр сая тонны илүү бүрдүүлэлт хийсэн гэх мэт зөрчил илэрсэн.

-Гашуунсухайт боомтоор хамгийн олон буюу өдөрт 170 машин бүртгэлгүй гарсан байгаа юм.

-Зүүнбаян Гашуунсухайтын ТЭЗҮ-г одоо болтол монгол хэл дээр орчуулаагүй, англи хувилбартай л байгаа. Тэгээд монголын талын хүмүүс очоод ТЭЗҮ-тэй танилцах гэхээр нууцад хамруулсан гээд үзүүлдэггүй. ТЭЗҮ-г ерөөсөө шинэчлээгүй. 1300 айлын орон сууц барина гээд ТЭЗҮ-д тусгасан байхад хоёр тал яриад л орон сууцыг болиод нүүрс буулгах талбай болгож өөрчилсөн.

-Гашуунсухайт дээр байгаа бас нэг ноцтой зүйл бол өөрсдөө хөрөнгө босгож барина гэчихээд Бодь интернэшнл “Эрдэнэс Тавантолгой” компаниас эхлээд 110 сая ам.доллар бэлнээр, 90 сая ам.долларын нүүрс урьдчилгаа болгож авсан. Тэгсэн хэрнээ Чалко, Норинко шиг бүх нүүрсэн дээрээ 13 хувийн хөнгөлөлт эдэлж байгаа. Тэгэхээр зах зээл дээрээс мөнгө босгож бариагүй болж байна. Уг нь ТЭЗҮ-д олон улсын байгууллага, ББСБ-аас мөнгө босгоно гэдэг агуулгаар хүүгийн зардалд 120 сая ам.доллар тусгасан байгаа.

-2013 онд Гаалийн ерөнхий газар дотоод шалгалтаараа нүүрсний хулгайг ирүүлсэн. 3758 авто машинаар 379 мянган тонн нүүрс гаргасан байна гэдгийг тогтоосон. Гэтэл тухайн үед эрүүгийн хэрэг үүсгээд явж байхад нь татвар нуун дарагдуулсан хэрэг байна гээд зүйлчлэлийг нь өөрчлөөд хэрэгсэхгүй болгосон. Ингээд энэ хэрэг даамжирсан.

 

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.