БОС-ны албаны дарга Г.Ганбатаас доорхи хоёр асуултад хариулт авлаа.
-Төмөр замчдын өвөлжилтийн байдал хэр байна вэ. Нүүрсний чанар муу байгаа талаар гомдол гарсныг хэрхэн шийдвэрлэв?
-2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд их засвар болон урсгал засвараар 293 арга хэмжээг төлөвлөн 100 хувь биелүүлсэн.
Өвлийн халаалтын хэрэгцээнд 68185 тонн нүүрсийг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаар дамжуулан “Монкоул Петро Майнинг” ХХК-аас татан авч галлагаанд ашиглаж байсан боловч “Нүүрсний чанар муу байна” гэсэн хэрэглэгчдийн гомдлын дагуу татан авалтыг зогсоосон. Яаралтай “Шивээ-Овоо” ХК-тай гэрээ байгуулан нүүрс татан авалтыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар, нийт нүүрсний 60 хувийг татан авч, хэрэглэгчдэд өгөөд байна. Ахуйн хэрэгцээнд хэрэглэх нүүрсийг “Шарын гол” ХК-аас авч байгаа. Төмөр замчдынхаа ая тухтай амьдрах, ажиллах нөхцөл бололцоог хангахын төлөө бид хичээн ажиллаж байна.
-Эрхэт зөрлөгт замчдын сууцанд гал түймэр гарсны мөрөөр ямар ажил зохиов. Цаашид технологийн орон сууцнуудын галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Зүүнхараа зангилааны харьяа Эрхэт зөрлөгийн замын хэсгийн долдугаар байрны 4 тоот замчин М-ын байранд гал түймэр гарсан талаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 14.23 цагт дуудлага ирснээр Салхит Цэрэгжүүлэн хамгаалах анги болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангиас гал унтраах таван машинтай баг шуурхай очиж, галыг 17.30 цагт бүрэн унтраасан. Хэсгийн замчид ажилчид гал түймрийг унтраах, бага насны хоёр хүүхдийг аврах, айл гэрийн эд хогшил болон “Ган зам” дэлгүүрийн бараа материалыг авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулснаар хүний амь нас эрсдээгүй. Тус хэсгийн тавдугаар байрны сул байсан 3, 4 тоотуудыг яаралтай засварлаж, арванхоёрдугаар сарын 28-ны өдөр байр нь шатсан хоёр айлыг шилжүүлэн оруулсан.
Энэхүү гал түймрийн зөрчилтэй холбогдуулан Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 251Б, БОСА-ны даргын 242Б цахилгаануудын дагуу 2023 онд тус албаны хэмжээнд ердийн галлагаатай 280 гаруй орон сууц, 20 орчим ажлын байранд үзлэг шалгалт хийсэн. Энэ ажлын хүрээнд 358 оршин суугч-ажилтанд галын сэрэмжлүүлэг зөвлөмж өгсөн. Үзлэгээр 400 шахам үл тохирол, зөрчил илрүүлснээс 130 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн хугацаатай 68 мэдэгдэл өгсөн. Цаашид Барилга ашиглалт, үйлчилгээний ангиуд галлагааны улирлын хугацаанд галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Б.Гүнжинлхам