УБТЗ-ын Барилга, орон сууцны албаны дарга Г.Ганбаттай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа
-Танай албаны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ?
-2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт тэрбум гаруй төгрөгийн, 15 ажлыг төлөвлөсөнөөс 98 хувийн биелэлттэй явж байна. Тухайлбал, КВР-1.8 тогооны тендер зарлагдаж, тендерт ялсан компани есдүгээр сарын 24-ний өдөр тогоог хүлээлгэн өгсөн. Мөн есдүгээр сарын 28-ны өдөр Зүүнхараа I,II дугаар зууханд тавигдах тогоонууд ачигдсан. Бид ирэх аравдугаар сарын 3-ны өдөр гэхэд өвлийн бэлтгэл ажлыг зуун хувь хийж гүйцэтгэхээр зорьж байна.
Манай албаны хэмжээнд 37 уурын зуух галлахаар төлөвлөсөнөөс есдүгээр сарын 15-ны өдрөөс бүх зуухыг галлахад зуун хувь бэлтгэж дууссан байна. Одоогоор Сүхбаатараас Наран-Элгэн хүртэлх, хорин таван уурын зуух усаа шахсан. Наран-Элгэнээс Замын- Үүд хүртэлх, уурын зуухнуудын усыг шахаж, тогоог баталгаажуулах ажлыг хийсэн. Зуухнууд төлөвлөсөн хугацаандаа, сааталгүй галлаж эхэлсэн. Өнгөрсөн сард Шивээ-Овоогийн уурхайгаас 134 вагон буюу 8710 тонн нүүрсийг татан авахаар төлөвлөж зуун хувь татан авсан. Одоогийн байдлаар, нүүрсний агуулахууд маань хамгийн багадаа арав хоногийн нүүрсний нөөцтэй байна. Бид нүүрсний нөөцийг хамгийн багадаа 15 хоногийн нөөцтэй болгох зорилго тавин ажиллаж байна.
- Барилгын ажлууд хэр явагдаж байна вэ?
- Замын нэгдсэн төлөвлөгөөнд багтсан барилгын ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх тал дээр, мөн ойн хүрээнд яаралтай гүйцэтгэх барилгын ажлуудыг хийх тал дээр анхааран ажиллаж байна. Манай албаны гүйцэтгэж байгаа их засвар, их барилгын ажлыг оны эхэнд төлөвлөсөн байдаг. Бид өөрийн хүн хүчний нөөц бололцоогоороо арав орчим тэрбум төгрөгийн ажлыг авч, гүйцэтгэж байна. Үүнээс галт тэрэгний өртөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд дээврийн есөн ажил, зорчигчийн нам тавцанг сунгах, тохижуулах гурван томоохон ажил, Багахангайн зөрлөг дээр гармын жижүүрийн байрыг шинээр барих ажил, өртөөдийн холбооны байр, ажилтнуудын амрах, цайлах байрыг засах гэх мэт хоёр орчим тэрбум төгрөгийн ажлыг нэмэлтээр хийсэн. Мөн Замын даргын үзлэгээр нэн яаралтай хийж гүйцэтгэх хоёр ажилд томилогдсон нь Зүүнбаянгийн хоёрдугаар байрны 12 айлын орон сууцны дээвэр, 31 дүгээр зөрлөгийн хоёр айлын орон сууцны засвар гэх мэт ажлуудыг хорин найман хоногийн дотор хийж гүйцэтгэсэн байна.