БОС-ны албаны дарга Г.Ганбатаас өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Танай албаны өвлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-БОС-ны албаны харьяа гурван анги маань Замын хэмжээнд нийт 4500 орчим өрх айл, 270 орчим байгууллага албан газрыг өөрийн халаалтын 37 уурын зуух, ус дулаан дамжуулах 10 төвөөр дамжуулан дулаан, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангадаг. Манайхан зуны улиралд маш өндөр ачаалалтай ажилладаг. Барилгын засвар үйлчилгээгээ хийхийн зэрэгцээ дулаан үйлдвэрлэл, усаар хангах үйлчилгээг өвлийн улиралд ямар нэг тасалдал хүндрэлгүйгээр үзүүлж, өвлийг өнтэй даван туулахын тулд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийн гарган гүйцэтгэдэг. Манай албаны хэмжээнд энэ үйлчилгээг хариуцан ажилладаг нийт инженер техникийн ажилтан болон ажилтнууд гээд 670 орчим хүн ажиллаж байна. Эдгээр ажилтнууд маань өвлийн бэлтгэл ажлыг үндсэндээ тавдугаар сараас эхлэн төлөвлөж, ажлаа эхлүүлдэг гэхэд болно. Тухайлбал, халаалтын зуухнуудынхаа тоног төхөөрөмжид засвар хийх, солих, хэмжих, хянах багажуудаа баталгаажуулах, шинэ технологи нэвтрүүлэх, технологийн сууцны их болон урсгал засвар үйлчилгээг хийх, шугам сүлжээндээ хэсэгчилэн засвар хийх зэрэг нийт салбар нэгжийн хэмжээнд 293 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 195 ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
-Хөрөнгө оруулалт шаардсан томоохон ажлууд бий юу?
-Үүнээс томоохон ажлуудыг дурдвал халаалтны зуухны хурдын бойлерыг ялтсан бойлероор солих ажлыг энэ жил төлөвлөсөн байсан. Манай дулаан дамжуулах төвүүд бойлеруудыг солиод шинэчлээд дууссан. Мөн зуухнуудад давтамж хувиргагч инвертор суурилуулсан. Энэ нь цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл бууруулах, бага зэргийн хэмнэлт хийх зэрэг ач холбогдолтой байдаг. Мөн халаалтын дөрвөн зууханд зургаан тогоог шинэчлэн суурилуулсан. Ирэх өвөл халаалтын тал дээр ямар нэг хүндрэл гарахгүйгээр үйлдвэрлэл хэвийн явагдах нөхцөл бүрдлээ гэж үзэж байна. Мөн шинэ ажилтнуудад хуваарьт сургалтуудад хамруулах, өвлийн хувцасны нэгдсэн захиалга, ажилтнуудын болон нийт халаалтын зуухны хэрэгцээний хатуу түлшний захиалга хийх, зэрэг ажлууд хийгдэнэ. Нийт 25 өртөө зөрлөгийн технологийн сууцны дээвэр болон хаалга цонх, дотор засвар, мөн халаалтын зуухнуудын 680 уртын метр хэмжээтэй шугам сүлжээг шинэчлэн засах зэрэг нийт 1.3 тэрбум орчим төгрөгийн ажлыг гүйцэтгээд байна. Албаны хэмжээнд авч үзвэл өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 62 хувьтай байна. Өвлийг амжилттай даван туулах бүхий л өөрийн боломжит ажлуудыг гүйцэтгэж байна. Цаашид халаалтын улирал эхлэх хүртэл хүлээгдэж байгаа ажлууд бүрэн дуусна.
Б.Гүнжинлхам
