Улаанбаатар Худалдааны төвийн дарга Г.Энхмаагаас сар шинийн баяртай холбогдуулан тодруулга авлаа.
-Улаанбаатар худалдааны төв удахгүй болох сар шинийн баярт зориулж төмөр замчдадаа ямар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай төвөөс цагаан сарын үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 01-нд Чойрын "Ган зам", 02-нд Багахангайн "Ган зам" дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үзэсгэлэн худалдааны үеэр хэвийн боов, цагаан идээ, чихэр, жимс өргөн сонголттой байхаас гадна гэр ахуйн бараа, тавилгыг зах зээлийн үнээс хямдаар борлуулна. Мөн үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг сурталчилсан шууд бичлэгийг цахим сүлжээнд хийхийн зэрэгцээ тэр үеэрээ азтан шалгаруулна.
Түүнчлэн, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар худалдааны төвийн харьяа шугам замын бүх дэлгүүрүүд эд цагаан сарын баярт зориулсан худалдаа явагдана. Энэ жилийн онцлог гэвэл төмөр замчид, үйлчлүүлэгчдэдээ зориулж үндэсний үйлдвэрлэлийн шинэ, содон бараа бүтээгдэхүүнийг голлон худалдаалахыг зорьж байна.
-Танайхаас Зорчигч үйлчилгээний төвийн баганат танхимд үзэсгэлэн худалдаа явуулдаг байснаа цар тахлын жилүүдэд тасарсан. Энэ жил уг үйл ажиллаагаагаа сэргээх үү?
-Энэ жилийн цагаан сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод олон газарт болж байна. Тиймээс бид уламжлалт үйл ажиллагаагаа энэ онд өнжөөд харин шугам замд ажиллаж, амьдарч буй төмөр замчдадаа зориулсан худалдаа үйлчилгээг голлон явуулахаар зорьж байна. Нийт төмөр замчдаа бидний зохион байгуулах үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалж байна.
-Танд баярлалаа.
