УБТЗ ХНН-ийн Олон улсын Тээвэр зуучийн төвийн дарга Г.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын Тээвэр зуучийн төв энэ онд хэр үр бүтээлтэй ажиллаж байна вэ?
-Манай төв нь транзит, экспорт, импорт, орон нутгийн тээврийг хойд, урд чиглэлд хийж байна. Одоогийн байдлаар, бид 54 мянган тонн ачаа тээвэрлэж, хагас тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.
-Танайхаар хэчнээн байгууллага, хувь хүмүүс үйлчлүүлдэг вэ?
-Манай төв дотоодын 40 гаруй компани болон хувь хүмүүст олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Мөн гадаадын агент болох БНХАУ, ОХУ болон гуравдагч орны 10 гаруй компанитай хамтран ажиллаж байна.
Тухайлбал, Олон улсын Тээвэр зуучлагчдын холбоо (FIATA), Олон улсын Агаарын тээврийн холбоо (IATA), Олон улсын Гаалийн зуучлагч байгууллагуудын холбоо (IFCBA), Транс-Сибирийн Тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл (КСТП), Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо (МТЗНХ), Монголын Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо (МГЗМХ) зэрэг байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тэдний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
-Тээвэр зуучийн бусад компаниудаас танай ялгарах онцлог, давуу болон сул тал юу вэ?
-Манай улс зах зээлийн нийгэмд шилжиж байх үед УБТЗ-ын ХЭГ-ын дарга Р.Раш бусад орны төмөр замуудын адил өөрийн гэсэн тээвэр зуучийн байгууллагатай болох шийдвэр гаргаж, байгуулсан байдаг. Тэгэхээр манай төвийн давуу тал нь тээвэр зуучлалын салбартаа 32 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан анхны тээвэр зуучлалын томоохон нэр хүндтэй компаниудын нэг. Монголын төдийгүй гадаад зах зээлд танигдсан, байнгын хамтран ажилладаг харилцагчидтай байгууллага. Хэсгийн том өртөөдөд салбартай. Дээр дурдсан, олон улсын болон дотоодын томоохон холбоодын гишүүнчлэлтэй, мэргэжлийн туршлагатай баг хамт олон.
Сул талын хувьд нуулгүй хэлэхэд өөрийн талбай эзэмшлийн терминал, баталгаат агуулах, хөдлөх бүрэлдэхүүнгүй, гадаад орнуудад албан ёсны төлөөлөгч, төлөөлөгчийн газаргүй. Машин техник хэт хуучирснаас үйл ажиллагааны өртөг өндөр, тээврийн захиалгад тэнцэхгүй байх тохиолдлууд гарч байна. Тиймээс тээвэр зуучлалын цогц үйлчилгээг гадны ханган нийлүүлэгч болон УБТЗ-ын бусад салбар нэгжийг түшиглэн явуулж байна.
-Сүүлийн үед танай төвийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаанд өөрчлөлт орсон уу?
-Энэ оны эхэнд бид УБТЗ-ын даргын А-01 тушаал “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төвийн орон тоог хамгийн боломжит байдлаар буюу 34 хувиар бууруулсан. Ингэснээр хөдөлмөрийн тэгш хуваарилалтыг хийж, гологдол дутагдалгүй ажиллаж байна.
Мөн долдугаар сараас УБТЗ-ын даргын 86Б цахилгааны дагуу зардал хэмнэж, түрээсийн оффист байсныг буцаан УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн оффист шилжин үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
- Төвийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, бэрхшээл бий юу. Байгаа бол шийдвэрлэх гарц гаргалгааг хэрхэн харж байна вэ?
-Үйл ажиллагааны хувьд хэвийн явагдаж байна. Харин давагдашгүй хүчин зүйл буюу дайны нөлөөллөөс ОХУ-ын банкууд хоригт орж төлбөрийн шилжүүлгэд хүндрэл үүсэж гүйлгээ хийгдэхгүй байна. Энэ нь ачаа тээврийн хэмжээнд нөлөөлсөн. Мөн гуравдагч орноос ОХУ-аар дамжин өнгөрөх 73, 85, 84, 87 ГНГ кодтой ачаануудыг тээвэрлэхийг хориглосон тул тээвэр зохион байгуулж чадахгүй болсноор биднээс шалтгаалаагүй нөхцөл байдал үүсээд байна.
Одоо бидэнд өөрийн талбай эзэмшлийн терминал, баталгаат агуулах, хөдлөх бүрэлдэхүүн байхгүй байгаа нь томоохон тээвэр зуучлалын компаниудтай өрсөлдөх чадварыг бууруулж байна. Уг асуудлаар бид Замын нэгдүгээр орлогч даргад удаа дараа санал хүргүүлж, шат дараатай арга хэмжээ авч байна. Жишээ нь тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, гааль, агуулах, авто хэсгийн цогц байдлыг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн салбар зам бүхий талбайтай болох юм.
Цаашид тус төвийг өнөөгийн тээвэр зуучлалын компаниудын зах зээлийн өрсөлдөөнт талбарт ажиллахад УБТЗ ХНН-ийн харьяа охин компанийн үйл ажиллагааны хэлбэрт шилжсэнээр илүү үр дүнд хүрнэ гэж харж байна. Бид энэ саналыг Замын удирдлагуудад удаа дараа уламжилж байгаа. Цаашид дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
-Хөрш орнуудын эдийн засаг хамтын ажиллагааны өсөлт танай төвийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж бодож байна.
-Мэдээж эерэгээр нөлөөлнө. Төрийн өмчит олон байгууллага байна. Манай байгууллага ч дотоод, гадаадын нэр хүндтэй компаниудтай холбогдон хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх нь шинэ боломжуудыг нээхээс гадна, салбарын хөгжилд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
-Танай энэ жилийн төлөвлөгөө хэрхэн биелэхээр байна вэ? Ирэх жилийн хувьд ажил ямар хийх бол?
-Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй тээвэр зуучлалын компани байна. Манай байгууллагын хийсэн судалгаагаар 2025 онд бусад зуучийн тээврийн хэмжээ буурсан байна. Манай төвийн тээврийн хэмжээ ч мөн адил буурсан үзүүлэлттэй байгаа нь Замын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлж байна.
Гэхдээ манай төвийн хувьд зардал хэмнэж, орлогоо нэмэгдүүлэхээр хүн бүр хичээнгүйлэн ажиллаж байна. Ирэх жил тодорхой үр дүнд хүрч зорилтоо биелүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
-Танай төвийн хүний нөөц, боловсон хүчний хангалт, чадавхийн талаар хэлэх зүйл байна уу?
-Мэргэжлийн туршлагатай, ур чадвартай баг хамт олон ажиллаж байгаа. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн 35 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Орон тоо буурсантай холбоотойгоор зарим ажлын байранд өөрчлөлт орж, ажлын ачаалал нэмэгдсэн. Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ажилтнуудын ур чадвар, хувь хүний хөгжил, баг хамт олныг идэвхижүүлэхэд чиглэгдсэн сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Яг одоогийн байдлаар та бүхэн үйлчлүүлэгчдэдээ ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ?
Тээвэр зуучлалын үйлчилгээ
-
Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр
-
Экспорт, импортын вагон илгээлтийн тээвэр
-
Экспорт, импортын чингэлгийн тээвэр
-
Аюултай ачааны тээвэр
-
Хүнд, хэтрүү овор бүхий ачааны тээвэр
-
Төсөл, тусламжийн ачааны тээвэр
-
Агаарын тээврийн зуучлал
-
Түүвэр ачааны тээвэр
-
Ре-экспортын тээвэр
Гаалийн үйлчилгээ
-
Гаалийн бүрдүүлэлт
-
Гаалийн зуучлалын үйлчилгээ
-
Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ
Агуулах талбайн үйлчилгээ
-
Агуулах, талбайн үйлчилгээ
-
Чингэлэг түрээсийн үйлчилгээ
-
Нэг цонхны үйлчилгээ
Авто тээврийн үйлчилгээ
-
“Хаалганаас хаалганд” хүргэх үйлчилгээ
-
Автокраны үйлчилгээ
-
Алсын зайн авто тээврийн үйлчилгээ
Даатгал
-
Ачаа тээврийн даатгалын үйлчилгээ
-
Байгууллагын хариуцлагын даатгал
