Улаанбаатар татах хэсгийн Тоног төхөөрөмжийн цехийн цахилгаанчин Ганчулууны Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өөрийг тань алс баруун хязгаар нутгийн хүн гэж сонслоо. Төмөр замчин болсон зам хэр урт байв?
-Би Говь-Алтай аймгийн Цээл суманд төрж өссөн л дөө. Тийм болохоор өмнө нь төмөр замын талаар ямар нэг төсөөлөл, ойлголтгүй байсан. Намайг дунд сургуулиа төгсөхөд авга ах маань “Төмөр замын Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв гэж байгуулагдсан. Тэнд нэг жил суралцаад мэргэжил эзэмшиж, ажилтай болдог. Чи төмөр замчин болбол зүгээр дээ” гэж зөвлөсөн. Авга ахынхаа зөвлөсний дагуу хотод ирж, МСҮТ-ийн цахилгаанчны ангид орсон. МСҮТ-д 2008-2009 онд суралцаад Улаанбаатар Татах хэсгээс ажлын гараагаа эхэлсэн. Одоо 15 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд бодохоор төмөр замчин болсон зам минь ер нь дардан байж дээ.
-Шинээр байгуулагдсан МСҮТ-ийн анхны төгсөгчдийн нэг болсон хэрэг үү?
-Намайг орсон жил МСҮТ хоёр дахь элсэлтээ авч байсан. Гэхдээ цахилгаанчны анги нь анхны элсэлтээ авч байсан юм билээ. Манай анги 35 хүүхэдтэй. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо ер нь ойролцоо байсан. Хамгийн хөгжилтэй нь, манай анги гурван Бат-Эрдэнэтэй байсан. Би Говь-Алтайгаас, нөгөө хоёр маань Хөвсгөл, Дорнодоос ирсэн. Бид эх орны алс хязгаар нутгуудаас нэг ангид ирж найз нөхөд болцгоосон. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг шиг бид гурав тэрүүхэндээ дотно нөхөрлөнө. Сургуулиа төгсөөд Би Улаанбаатар татах хэсэгт, нэг нь Зорчигчийн вагон депод, нэг нь ЭХУХ-ийн I анги гээд гурвуулаа хотод хуваарилагдсан шүү. Одоо ч бид гурав хоорондоо холбоотой сайхан нөхөрлөдөг. Манай ангийнхан Дархан, Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүд гээд шугам замын өртөөдөд хуваарилагдаж байлаа. Тухайн жил, МСҮТ-ийг төгссөн 400 гаруй хүүхэд бараг 100 хувь ажлын байраар хангагдаж байсан шүү. Сайхан өгөөжтэй сургууль шүү.
-Сургуулиа төгсөөд ажлын талбарт орж ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Оюутан байхдаа намар, хаврын дадлагад гарна. Төмөр замын төсөөлөлгүй явсан би чинь дадлага хийхээр энэ депогийн хаалгаар анх орж ирээд гайхах бишрэх хосолж байсан санагдана. Манай ангиас дөрвөн хүүхэд Цахилгаан тоног төхөөрөмжийн цехэд дадлага хийсэн. Тэр сарын хугацаанд төмөр замд дурласан даа. Үнэхээр сонирхолтой, сайхан санагдсан болохоор эзэмшиж байгаа мэргэжилдээ улам шамдаж суралцъя гэж хичээх болсон. Тухайн үеийн цехийн мастер Д.Лхагвасүрэн гуай “Та дөрвөөс нэгийг нь л ажилд авна” гэнэ. Тэгэхээр нь дадлагаа гайгүй чанартай хийгээд ажилтай болчихыг хичээнэ. Намар, хаврын дадлагаа гайгүй хийсэн юм болов уу. Дадлага хийж байх хугацаандаа сонгогдоод долдугаар сарын 1-нд төгсөөд, наймдугаар сарын 1-нд ажилдаа орсон. Нэг мэдсэн 15 дахь жил рүүгээ орчихлоо. Энэ хугацаанд зургадугаар зэрэгтэй цахилгаанчин болсон.
-Ингэхэд тоног төхөөрөмжийн засварчин гэхээр өдөр тутамдаа ямар ажил хийдэг вэ?
-Депогийнхоо 400-аад цахилгаан тоног төхөөрөмжийн засварыг хариуцаад ажиллаж байна. Бүх л цахилгаан тоног төхөөрөмжийг засварлах чадвартай байх ёстой гэсэн үг. Манайд Япон тоног төхөөрөмжүүд ч бий. Гүүрэн кранууд, токарийн машинууд, гэрэл чийдэн солихоос эхлээд цайны газрын цахилгаан тогоо хүртэл засварлах хэрэг гарна. Тоног төхөөрөмжийн цахилгаанчны ажлын хүрээ их өргөн. Өдөр тутмын ажлын тогтсон хуваарь гэж байхгүй. Хаана ч, хэзээ ч, ямар ч тоног төхөөрөмж дээр засвар хийх шаардлага гарч магадгүй. Тэр бүхэнд бэлтгэлтэй байх ёстой.
Анх ажилд орж байхад гүүрэн крануудад гэмтэл нэлээд гардаг байсан. Сүүлийн хэдэн жилд их засварууд хийгээд харьцангуй гайгүй болсон.
-Өөрийн тань ажилдаа ягштал баримталдаг зарчим бий юу?
-Цахилгаанчин бол хамгийн гол нь аюулгүй байдлаа маш сайн хангаж ажиллах ёстой. Хүчдэлийг байнга салгаж, маш анхаарал болгоомжтой ажиллах ёстой. Нэг л хөнгөн хуумгай үйлдлээр ямар ч аюул эрсдэл учирч болно. Өөрийн болон бусдынхаа аюулгүй байдлыг үргэлж бодож ажиллах ёстой. Тэгэхээр аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал гэж хэлнэ дээ. Аливаа ажлыг найдвартай бат бөх хийхийг чухалчилдаг. Ажлыг дутуу хагас, аргацаах байдлаар хийх дургүй.
Ер нь, тэгээд батлагдсан графикийн дагуу сар бүрийн төлөвлөгөөт үзлэгээ хийгээд арчилгаа үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгээд явбал гэмтэл саатал бага гардаг. Цагийн юмыг цагт нь чанартай гүйцэтгэх нь чухал.
-Залуу хүний хувьд өмнөө тавьсан зорилго бий байх?
-Ажлынхаа хажуугаар Үндэсний техникийн их сургуульд инженерээр суралцаж байгаа. Хоёр дахь жилдээ сурч байна. Ирэх жил төгсөнө дөө.
-Өөрийг тань энэ цехийн шилдэг ажилтнуудын нэг гэсэн. Танай байгууллага залуусынхаа хичээл зүтгэлийг хэрхэн үнэлдэг вэ?
-Энэ ташрамд хэлэхэд, би үнэхээр сайхан хамт олон дунд ажилладаг. Цахилгааны инженер Г.Эрдэнэжаргал, мастер Ц.Бямбаа гээд удирдлагууд маань мундаг хүмүүс байдаг. Манай цехийнхэн 25-уулаа. Манай залуус ажлыг шажигнуулна шүү. Миний хувьд 2013, 2023 онд цехийн аварга, 2022 онд үйлдвэрийн аваргаар шалгарч байсан. 2022 онд “Онц хөдөлгөөнчин”-өөр шагнуулсан. Шагнал урамшуулал гэдэг хүнд их урам зориг, хүч өгдөг шиг санагддаг. Хамт олондоо талархаж явдаг шүү.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цагаараа хөдөө л явах дуртай. Багаасаа адуу малтай ноцолдож өссөн болохоор мал дээрээ очих дуртай.
-Нутаг хол болохоор тэр бүр очиж чаддаг уу?
-Намайг дунд сургуулиа төгсөөд оюутан болоод хот руу явах болоход аав, ээж хоёр маань дагаж ирээд Баруунхараад суурьшсан. Одоо ч тэндээ мал ахуйгаа эрхлээд амьдарч байгаа. Би дээрээ гурван ахтай, айлын бага хүү л дээ.
Багадаа хурдан морь унадаг байлаа. Миний унасан морь гайгүй ч давхина. Тэгээд ч тэр үү уяач нар надаар морио унуулах гэнэ. Аав өөрөө морь уядаг болохоор голдуу өөрийн морийг унадаг байлаа. Аймаг, сумын наадамд айраг түрүү нэлээд авдаг байлаа. Бие жижиг, хөнгөн болохоор зургаан настайгаасаа эхлээд 16 хүртлээ 10 жил хурдан морь унасан шүү. Моринд дуртай.
Ээлжийн амралт наадмын үеэр таарвал нутагтаа очиж, сумынхаа наадмыг үзэх дуртай. Наадам наадмаас сумын наадам хамгийн сайхан санагддаг.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Би 2014 онд гэр бүлтэй болсон. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань хувиараа ажилладаг. Том хүү сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг. Чөлөөт цаг гэснээс цаг зав гарвал эхнэрийнхээ ажилд тусална. Жимс ногоо оруулж ирж, сүлжээ дэлгүүрүүдэд өгдөг. Ер нь, завгүй л амьдраад байх юм /инээв/.
Тэгээд жаахан зав гарвал аав, ээж хоёр дээрээ очно. Аав, ээж хоёр миний ээлжийн хуваарийг андахгүй. Ээлжнээс буухад л утасдаад “За ээлжнээс буув уу. Одоо тэгээд юу хийх гэж байна. Дараагийн ээлжнээсээ буугаад яах юм” гээд... Хэзээ ирэх вэ л гээд байгаа нь тэр шүү дээ /инээв/.
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Гүнжинлхам