Улс орны эдийн засгийн хөгжлийн түүчээ болсон УБТЗ-д нэгэн онцгой үүрэгтнүүд бий. Тэд бол төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, холын замд тээвэрлэгдэж яваа олон мянган тонн ачааны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үйлсэд хараа цавчилгүй зүтгэж яваа эгэл баатрууд. Тиймээ, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаар овоглож, цомхон бөгөөд хүчирхэг бүтцээр өнгөрсөн 70 жилийн бахдам түүхийг бүтээсэн тус хамт олны түүхт ой өнгөрсөн долоо хоногт тохиолоо.
Аравдугаар сарын 24. Баасан гараг. 11.00 цагт: Өчигдөрхөн л намраараа мэт налайж байсан тэнгэр зэвхий саарал өнгөөр дүнсийж, ганц нэг цасан туйлаадас хаялан, тас хийсэн жавар хацар алгадах нь өвөл цаг хэдийнэ эхэлснийг илтгэнэ. Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын өмнө ёслолын улаан хивс сунайтал дэвссэн агаад түүний ард дүрэмт хувцсаараа гангарсан дайчид эгнэн жагсжээ. Мөн тэдний дунд энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан азай буурлууд, албаны хувцастай дарга удирдлагууд ч цугларсан харагдана. Вокзалын чанга яригчаар “Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн ачааны 1276 дугаар галт тэрэг тавцан талын нэгдүгээр замаар орж ирэх тул галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой” хэмээн зарлахтай зэрэгцэн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим сүр жавхаатай эгшиглэх нь тэр. “ЦХОБА-ны 70, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 20 жилийн нэрэмжит галт тэрэг” гэсэн тодоос тод бичгийг магнайдаа залсан галт тэрэг дуут дохиогоо хангинуулан ойртох үеэр “Ойн баярын нэрэмжит галт тэрэгний хамгаалалтад алхаад... Марш!” хэмээх команд орчныг сэрээн цуурайтаж, цэрэг эрсийн жавхаалаг алхаа нэгэн хэмнэлээр бөмбөрдөнө. Энэхүү сүр хүчит дуу чимээ, зол хийморь дүүрэн зураглалыг харсан хүн бүрийн сэтгэлд омогшил бахдал төрж, хацар жиндүүлсэн хүйтэн жаврыг ч тэрхэн зуурт бүр мөсөн мартах аж. Цэргийн сүр жагсаалдаа, жагсаалын сүр хөгжимдөө гэдгийн учир чухамдаа л энэ ажгуу.
Ойн баярын нэрэмжит 1276 дугаар галт тэргийг 55 вагон бүхий 3229 тонн ачаатайгаар аялуулсан бөгөөд тус галт тэрэгний машинчаар О.Эрдэнэ-Очир, туслах машинчаар Тэмүүжин, Ачаа хамгаалагч Нямдаваа нар ажилласан юм. Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд тус албаны үе үеийн түүхийг бүтээсэн ахмад буурлууд болоод Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй удирдлагууд, ЦХОБА-ны дарга Ариунбат, орлогч дарга Д.Ганболд нарын албаны хүмүүс, нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон дайчид оролцлоо.
Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн болон ЦХОБА-ны дарга Ц.Ариунбат нар албаны нийт бие бүрэлдэхүүнд хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ. Үүний дараагаар тэд “Ган зам палас”-т баярын хурлаа зохион байгуулсан юм. Хурлын эхэнд Замын дарга Х.Хэрлэнгийн мэндчилгээг Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн уншин сонордуулж, Замын I орлогч дарга О.А.Казаков албан ёсоор нээж үг хэлсэн билээ. Тэрбээр, тус албаны өнөөгийн түүхийг бүтээж, сэтгэл зүтгэл залуу халуун насаа зориулж ирсэн ахмад буурлууддаа халуун талархал илэрхийлээд “ЦХОБА-ныхан бол энгийн нэгэн хамгаалалтын ажилтнууд бус цомхон бүтэцтэй хэрнээ өндөр үүрэг хариуцлагатай арми юм. Тийм ч учраас УБТЗ-ын ачаа тээврийн бүрэн бүтэн байдал, төмөр замаар үйлчлүүлж байгаа эгэл жирийн ард иргэдийн аюулгүй байдал та бүхний хамгаалалтад байгаа гэж бодож, сэтгэл тайван амгалан байдаг юм. Танай хамт олны нөр их хөдөлмөр зүтгэлээр нийгэмлэгийн харьяаны бүх объектын аюулгүй байдал хангагддаг. Зөвхөн гадны халдагчийн аюулгүй байдлаар зогсохгүй галын аюулгүй байдлыг ч та нар бүрэн хариуцдаг. Тийм ч учраас тус албаны ажилтнуудыг чадавхжуулах, материаллаг баазыг нь сайжруулах чиглэлээр Замын удирдлага онцгой анхаарал хандуулж байгаа. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийг дагаад та бүхний ажлын ачаалал ч мөн өснө. Үүнтэй уялдуулан хүн хүчийг нэмэгдүүлэх чиглэлд ч анхаарлаа хандуулан ажиллах болно. Нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье” гэлээ.
Мөн энэ үеэр Чойр цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн дарга асан, ахмад төмөр замчин Баярсайхан нийт ахмадуудаа төлөөлж үг хэлсэн. Тэрбээр, “Юуны өмнө ЦХОБА-ны 130 ахмадынхаа нэрийн өмнөөс түүхт 70 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нэгэн цаг үед нэг зорилгын төлөө, тус албаны УБТЗ-ын өмнө хүлээсэн чиг үүргийн дагуу мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан мэргэжил нэгт нөхдийнхөө өмнө баярын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын таатай байна. Та бүхэндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе” гэв. Мөн МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг ЦХОБА-ны 70, ҮЭ-ийн хорооны 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тус алба нь УБТЗ ХНН үүсгэн байгуулагдсанаас хойш олон улсын гэрээ конивенцын хүрээнд үндэс сууриа тавьсан цөөн байгууллагын нэг болохыг онцлоод, “УБТЗ-ын ЦХОБА нь ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хангах эрх чөлөөг тунхаглаж, ҮЭ-ийн хороог одоогоос 20 жилийн өмнө албан ёсоор байгуулсан нь Монгол Улсын хүчний байгууллагуудын түүхэнд анхдагч болсон бөгөөд он цагийн хуудсанд тодоор бичигдэхүйц үйл явдал байсан. Энэхүү түүхэн гавьяаг байгуулсан ахмад буурлууд маань энэхүү баярын хуралд хүрэлцэн ирсэн байгааг харахад таатай байна. Мөн тухайн үед түүхэн шийдвэрийг дэмжсэн үе үеийн удирдлагуудыг ч мөн адил энэ өдөр цохон тэмдэглэх нь зүйтэй. Цэрэгжүүлсэн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хамгаална гэдэг нь нөгөө талдаа тус албанд тангараг өргөсөн алба хаагчдынхаа аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудал гээд олон зүйлийг цогцоор нь шийдэх үндэс суурийг бүрдүүлсэн эрхэм гавьяа юм. Та бүхнийхээ цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Та нар бол төмөр замчдынхаа сүр жавхаа нь юм шүү” гэлээ.
Ингээд баярын мэндчилгээг үргэлжлүүлэн тус албанд олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, онцгой гавьяа байгуулсан ажилтнуудыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа өрнөсөн юм.
Б.Дэлгэрхишиг
