Нүүр Дугаарын сурвалжилга "Ган зам”-ын худалдагч
Дугаарын сурвалжилга

"Ган зам”-ын худалдагч

G.Press 2 жилийн өмнө 80 үзэлт 0 сэтгэгдэл

    

       Ц.Баярмаа говийн охин. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Говийн шаргал нарнаасаа хол явсангүй. 1998 оны хоёрдугаар сарын 16-нд "Жинчин" төвд ажилд орсноор  говийн төмөр замчин болж, тэр цагаас хойш тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байгаа. Төмөр замчин хүний хувьд “Замын мэргэжлийн аварга” болж, мэргэжил  нэгтнүүдээ манлайлна гэдэг өндөр шалгуур байдаг шүү дээ.

 Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн худалдагч Ц.Баярмаа туулай жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө шалгарч, Замын мэргэжлийн аварга болжээ гэх мэдээ түүнд их баяр, үл итгэх итгэл авчирсан гэдэг.  

Намайг ажилд орох үед "Жинчин" төв  байгуулагдсан юм. Уг нь, би наймдугаар анги төгсөөд Улаанбаатар хотод Хүнсний ТМС-ийн мах, махан бүтээгдэхүүний ангид 1986-1988 онд суралцаж төгссөн төмөр замын бус мэргэжлийн хүн. Сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт ажилласан. Тэндээ хэдэн жил ажиллаад 1998 онд Замын-Үүдийн "Жинчин" төвд ажилд орсон хэрэг. Ингэж л миний аав, ээжийнхээ удмыг залгаж, төмөр замчин гэж дуудуулах ажил, амьдрал маань нээгдсэн дээ. Аав, ээж маань хоёулаа төмөр замчин. Миний аав Г.Цэнд Замын IV ангид насаараа жолоочоор ажилласан хүн. Ээж З.Баасанбалжир маань мөн тус ангид замчнаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан юм. Аав маань бурхан болсон. Одоо ээж минь 80 гаран настай буурай ач зээгээ тойруулаад сууж байна. Бид аав, ээжээсээ 12-уулаа. Том эгч Д.Цэцгээ маань ээжийнхээ мэргэжлийг өвлөн замчнаар ажиллаж байгаад, дүү Ц. Болормаа УБТЗ-ын нийтийн хоолонд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ц.Болормаа маань хэдийгээр миний дүү боловч хүүхдийнхээ тоогоор эгчээсээ түрүүлсэн хэрэг. Одоо ах Ц.Баярцэнгэл, дүү Ц.Батбаяр, Ц.Батжаргал нар маань замчнаар, мөн дүү Ц.Батболд Барилга, орон сууцны III ангид засварчнаар, Ц.Болортуяа Зүүнбаянгийн "Шувуухай"цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Ингээд тоолохоор бид 12-ийн найм нь төмөр зам хэмээх их айлын ам бүлд багтдаг. Бидний олонх нь төмөр замчид учраас яах аргагүй төмөр замын тухай яриа, уур амьсгал цаашлаад дэг журам нь манайханд үйлчилдэг. Аавындаа цуглахад нэг мэдэхэд л төмөр замаа ярьцгаачихна. Бидний багад аав, ээж хоёр маань Замын-Үүдээс Сайншандын хооронд шугам зам дагаж ажиллана, томилолтоор их явна. Тэр тоолонд бид дагаад л явдаг сан. Тухайн үед нэг өртөө, зөрлөгт нэгээс хоёр жил ажиллаад бууриа сэлгэх нь элбэг шүү дээ. Тэднийгээ зөрлөгт ажиллах хугацаанд нь Замын-Үүдийнхээ сурагчдын дотуур байранд сууна. Харин 1984 онд Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноор тэндээ суурин байх болсон доо. Ээж минь одоо ч Зүүнбаяндаа амьдарч байна. 12 хүүхдийн 50 хол илүү тооны  ач, зээгээ тойруулан суугаа ижийгээрээ бахархахгүй байхын аргагүй" хэмээн хуучиллаа.

Ц.Баярмаа өөрөө  гурван хүүхдийн ээж, ам бүл тавуулаа. Том хүү Б.Дөлгөөн нь Замын-Үүдийн эргэх депод туслах машинч. Тэрбээр, хүү нь төдийгүй ахынх нь хүүхдүүд ч бас гурав дахь үеийн төмөр замчид болж, улс эх орныхоо хөгжилд хүч нэмж байгаад баяртай явдгаа ярьсан юм. Өөрийнхөө "төмөр замшиж" байх эхэн үеийнхээ талаар ярихдаа "Жинчин" төвд ажиллаж эхлэхэд хүмүүс төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай гэхийг сонсоод зүрхшээдэг сэн. Яваандаа, төмөр замынхаа дүрэм журмыг баримтлаад ирэхэд бүх ажил цаг нартай, дэс дараатай болохыг ойлгосон" гээд цааш нь "Хэрэглэгч, худалдан авагчдадаа хэрэгцээт бараа таваараар нь хурдан шуурхай үйлчлэх сайхан. Олон жил ажиллахаар үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай дэлгүүрээс минь гарахыг  хараад бид ч бас өөрсдөө баярладаг болдог юм билээ. "УБТЗ"-даа хөдөлмөрлөсөн 25 жилийнхээ 20-д нь худалдааны салбартаа ажиллалаа. Одоо гадуур дотуур явахаар хүүхдүүд хүртэл таниад "Ган замын эгч байна" гэдэг болсон. Дэлгүүрийн маань нэрээр авгайлж байгаа юм. Ажил хөдөлмөрөөрөө овоглуулах шиг бахархалтай зүйл хаана байх билээ" хэмээн сэтгэлээ уудлав.

Замын мэргэжлийн аварга болсон талаар нь сонирхоход " Нэг өдөр мэргэжилтэн залгаад "Баяр хүргэе" гэхээр нь юунд баяр хүргэж байгааг нь ч ойлголгүй, гайхтал "УБТЗ-ын мэргэжлийн аварга болсон байна" гэхэд нь маш их баярласан. Байгууллагаас тодорхойлолт явуулсныг мэдээгүй байсан болохоор ёстой л гэнэтийн бэлэг болсон шүү.  Өөртөө итгэхгүй, тээнэгэлзэх ч шиг. Шагналаа бол битүүний өдөр авсан. Түүнээс өмнө "Хүндэт самбар"-ын зургаа авахуулсан юм. Өмнө нь, Удирдах газарт орж үзээгүй, хааяа гадуур нь явахдаа тэрхүү самбарт байрлах  хөдөлмөрийн аваргуудын зургийг хараад өөрийн эрхгүй бахархаж "Мундаг хүмүүс вэ" гэж боддог сон. Нэлээд олон жилийн өмнө, би 30 орчим настай л байсан санагдана. Тухайн үед манай Замын-Үүдийн н.Сандаг мастерын зураг тэрхүү шилэн хоргонд байгааг харсан юм. Миний зураг нэг л өдөр энд тавигдах юм гэж огт санаагүй ч сэтгэлийн мухарт "Би ч бас сайн ажиллаад..." гэсэн хүсэл мөрөөдөл тээгээд л яваад байсан. Хүн өөрөө хичээх л юм бол биелшгүй мөрөөдөл гэж үгүй бололтой. Одоо бол манайхнаас Удирдах газар руу хүн явахаар нь "Миний зураг гадаа самбарт бий шүү” гэж "онгирдог" болсон. Үнэнийг хэлэхэд, олон мянган ган замчдаасаа ажил хөдөлмөрөөрөө шигшигдэн "УБТЗ"-ын мэргэжлийн аваргаар шалгарсандаа маш их баярласан. Цаашлаад, аав ээжийнхээ авч байгаагүй шагналын эзэн болж, өндөр настай ээжийгээ баярлуулсандаа сэтгэл хангалуун байгаа. Улам сайн ажиллана даа" гэсэн юм. Түүний мэргэжлийн аварга болсон тодорхойлолтод "Ц.Баярмаа нь төмөр замын худалдааны салбарт тасралтгүй 25 жил хөдөлмөрлөхдөө ажилдаа эзэн болж, эдийн засгийн гол үзүүлэлт болох ашгийг тодорхой түвшинд өсгөхөд хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө харамгүй зориулдаг. Тэрбээр, дэлгүүрийн эмх цэгц, төрөлжилт, хураалтын шинэлэг шийдлийг гарган, худалдаа, дэлгүүрийн заал талбайг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн тохижуулж санаачилгатай ажилладаг. Түүнчлэн, хүнсний аюулгүй байдал, барааны хугацаа, хадгалалтын горимыг чанд сахин хөтлөлт хийж, хэрэглэгч үйлчлүүлэгч болон харилцагч байгууллагын талархлыг хүлээн ажиллаж ирсэн юм. Мөн Замын-Үүд хэсгийн төв дэлгүүрийн ахлах худалдагчаар ажиллахдаа төлөвлөгөөг 122 хувийн гүйцэтгэлтэй давуулан биелүүлсэн" хэмээсэн нь бий. Энэ бол Ц.Баярмаагийн ажил хөдөлмөрийг дүгнэсэн хамт олных нь үнэлгээ төдийгүй хувь хүний ажилдаа хандах илэрхийлэл билээ. Тэрбээр, Зангилааны аваргаар шалгарч байснаас гадна "УБТЗ"-ын "Хүндэт үнэмлэх", "Тэргүүний төмөр замчин" тэмдгээр шагнуулж байжээ. Түүнээс говь нутгаасаа өөр газар ажиллаж, амьдрах сан гэсэн бодол төрдөг үү гэж асуухад минь "Замын-Үүдийг хүмүүс халуун, яаж энд амьдардаг байнаа” гэдэг юм. Миний төрсөн нутаг минь учраас уур амьсгал, цаг агаар огтхон ч хэцүү биш. Нэг үеэ бодвол Замын-Үүдийн маань оршин суугч олширч, үйлвэрлэл үйлчилгээ ч сайжирсан болохоор эндээсээ холдох дургүй. Манай дэлгүүр төвд байрладаг. Тиймээс үйлчлүүлэгч олонтой, тэр хэрээр орлого ч сайн" хэмээн ам бардам өгүүлэх нь нутаг орондоо хайртай, мэргэжилдээ эзэн болсон хүний үг гэлтэй. Тэрбээр, "Энэ ташрамд, анх төмөр замын халуун ам бүлд багтахаар хөл тавихад минь халуун сэтгэлээр угтан авсан "Жинчин" төвийн Д.Цэрэндорж даргатай хамт олондоо мөн амьдралын минь 20 жилийг хамтдаа хуваалцсан Сайншанд худалдааны төвийнхөндөө талархаж явдгаа илэрхийлье. Хамт олныхоо хүчээр би өдий зэрэгтэй явна" гэсэн сэтгэлийн үгээ манай сонины хуудсанд дайсан билээ.  

 

Б.Золжаргал

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.