Нүүр УБТЗ ХНН “Гамшгаас хамгаалах Стратегийн команд штабын сургууль”-д төмөр замчид идэвхтэй о...
УБТЗ ХНН

“Гамшгаас хамгаалах Стратегийн команд штабын сургууль”-д төмөр замчид идэвхтэй оролцлоо

G.Press 2 жилийн өмнө 102 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Гамшгаас хамгаалах Стратегийн команд штабын сургууль”-ийг энэ сарын 6-9-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулав. УБТЗ-ын хэмжээнд энэхүү сургуульд хэрхэн оролцсон тухай мэдээллийг Гамшгаас хамгаалах штабын нарийн бичгийн дарга бөгөөд Тээврийн хяналтын албаны харуул хамгаалалт, галын аюулгүй байдал хариуцсан байцаагч Б.Гансүхээс авлаа. 

 

     УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн штабын байр нээж, хэд хэдэн үе шаттай ажил зохион байгуулсан байна. Тухайлбал, зургадугаар сарын 7-нд Сайншанд зангилаанд Сэргээн босгох галт тэрэгний бэлэн байдлыг шалгах, мөн тус зангилааны бэлтгэл бэлэн байдлыг шалгах сургуулилтыг хийжээ. Тухайн өдөр тус зангилаанд Гамшгаас хамгаалах штабын дарга Ш. Нямсүрэнгийн удирдлагад 08.30 цагт “Хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан” гэх цагийн байдалд дадлага сургууль эхэлсэн бөгөөд Сайншанд Татах хэсгээс 34, ТҮГ-аас дөрөв, Замын IV ангиас 15, Сайншанд ЦХА-аас 16, ЭХУХ-ийн II ангиас долоо, Сайншанд өртөөнөөс 22, нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй уг сургуулилт амжилттай болж, 11.00 цагт өндөрлөсөн байна. Уг үзүүлэх сургуулилтад Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай, аймгийн эмнэлэг гэсэн байгууллагууд хамтран оролцсон нь дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн цар хүрээ хэр өргөн байгааг илтгэж байна.

Мөн энэ сарын 7-9 нд гурав хоногийн хугацаанд удирдлагын системийн нэгдсэн ажиллагааг шалгах зорилготой  команд штабын сургуулийн үеэр УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штаб зангилаадаас болзошгүй гамшиг осол, газар хөдлөлтийн үед төмөр зам дээр үүссэн цагийн байдал дээр яаж ажиллах вэ гэдэг мэдээллийг цуглуулж НОБГ, Баянгол дүүргийн Онцгой комисст мэдээгээ нэгтгэж өгчээ.

Стратегийн команд штабын сургууль нь Улаанбаатар хотод 7.2 магнитудын хүчтэй, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт таван магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус  болсон байдлаар зарлагдажээ.

Энэ цагийн байдлаар Улаанбаатар болон Толгойт хэсэг дээр галт тэрэг осолдож, аюултай ачаа алдагдсан, Амгалан өртөөнд тэсрэх аюултай хийн бодис дэлбэрсэн, Сүхбаатар, Дархан өртөөнд төмөр замд эвдрэл үүссэн гэх мэтчилэн хүнд цагийн байдлууд төмөр замчдад өгөгдсөн байна. Гамшиг сүйрлийн ийм нөхцөлд ямар хариу арга хэмжээ авч ажиллах вэ гэдэг чиглэлийг УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штаб удирдлагаар хангаж, мэдээллийг шуурхай солилцож ажиллажээ.

Ийм үед ОБЕГ, Үндэсний аврах бригад, Эрүүл мэндийн алба, Цацраг химийн бодисыг үнэлж мэдээлэх төв зэрэг мэргэжлийн алба ангиуд, мөн Төмөр зам дахь Цагдаагийн газар зэргээс тусламж авч, болзошгүй гамшиг ослын үед ажиллахаар төлөвлөн, зохион байгуулалтын арга хэмжээг авчээ.

Мөн энэ сарын 08-ны өдөр 16:00 цагт “Зарлан мэдээллийн дохиогоор аюулгүй цэгт нүүн шилжих” дадлага сургуулийг Замын хэмжээнд зохион байгуулж, төмөр замын бүх салбар нэгжүүд идэвхтэй оролцсон байна. Тухайлбал, Удирдах газрын ажилтнууд 90 гаруй хувьтай оролцжээ.

Ер нь, төмөр замын Гамшгаас хамгаалах Штабын даргын шийдвэрээр Сэргээн босгох галт тэрэг, болзошгүй гамшиг ослын үед ажиллах галын галт тэрэгний дадлага сургуулийг үе шаттай хийж байгаа юм байна. Сүүлийн хоёр жилд л гэхэд  өвлийн болон шөнийн нөхцөлд гэх зэрэг янз бүрийн нөхцөл, цагийн байдалд орон нутгийн онцгой байдал, хууль хүчний байгууллагуудтай хамтарч ажиллах зэргээр үзүүлэх сургуулийг нийт зургаан удаа хийгээд байгаа аж. Ингэж болзошгүй гамшгийн нөхцөлд ажиллах дадлага сургуулийг давтамжтай хийх болсноор гамшиг ослын үед ажиллах ажилтнуудын сэтгэл зүй, мэдлэг чадвар дээшилж, мэргэшиж байна гэж дүгнэлээ хэмээн манайд мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.