Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын баталсан жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд БЗАҮ-ний ангид гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий үзүүлэх сургалт зохион байгууллаа. Энэ сарын 24-нд буюу өчигдөр зохион байгуулсан тус сургалтад БЗАҮ-ний ангиас 21 ажилтан, Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангиас 12 ажилтан тус тус оролцсон юм. Ийнхүү хамтарсан тактикийн сургалтыг хийснээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олж авах, гал гарсан үед байгууллагын галын бүлгэм хэрхэн ажиллах тухай дадал туршлагыг эзэмших гээд олон талын ач холбогдолтой байсныг албаны хүмүүс онцлов. Мөн дээрх сургалт хаврын хуурайшилтын үе, ХАБЭА-ын сарын аянтай холбоотойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.  Тус сургалтын талаар БЗАҮ-ний хүний нөөцийн Хүний нөөцийн менежер Х.Баттөр “Бид энэ удаагийн үзүүлэх сургалтад түрүү долоо хоногоос эхэлж бэлтгэсэн. Өмнө нь, галын мэргэжлийн хүмүүсийг урьж сургалт зохион байгууллаа.  Энэ сургалтаас хүн бүрийн оролцох үүрэг тодорхой болчихоор илүү зохион байгуулалтад ордог юм байна. Ингээд тактикийн сургалтын өдөр урьдчилж бэлтгэсэн зохион байгуулалтаараа тус тусын үүрэг чиглэлээрээ ажиллаад явсан. Тусгайлан бэлтгэсэн очинд гал гаргаад, утаан дотроос хүн олж аврах гэхчлэнгээр яг л бодитоор галт түймрийн үед ажиллаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Ер нь, гал түймрийн үед хэрхэн ажиллах тухай хичээлийг зөвхөн танхимаар заагаад өнгөрөх бус ингэж газар дээр нь өөрсдөө оролцоотойгоор ажиллавал илүү зүйлийг ойлгодог юм байна” гэв.