Нүүр Чөлөөт Галт тэргэнд хуучилсан содон түүх
Чөлөөт

Галт тэргэнд хуучилсан содон түүх

G.Press 4 сарын өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Улаанбаатар Эрдэнэт чиглэлийн 276 дугаар галт тэрэг хөдлөхөд хэдхэн минут дутуу байлаа. Урьдчилан захиалсан цахим тасалбарынхаа зургийг гар утасныхаа дэлгэц дээр гаргаад 21 дүгээр вагоны нэгдүгээр купе хэмээн сурагласаар оллоо. Үйлчлэгч бүсгүй биднээс “Хэдүүлээ яваа вэ?” гээд бүртгэх зуураа “Гурвуулаа юм уу?” гэж асуулаа. “Тийм ээ, бидэнтэй хамт хүн суух уу?” гэж зөрүүлж асуувал “Наталъя гэдэг хүний нэр байна” гэлээ. Бид ч за тэгвэл орос хүүхэнтэй суух нь гэсээр купе рүүгээ инээлдэн орцгоов.

Гэтэл юун Наталъя байхав. Дугуй шар царайтай, махлагдуу ах доод суудал дээр хажуулж байна. Наталъятай хамт орно гэсэн чинь таны суудал мөн үү гэтэл ихэд сандрангуй энэ миний мест мөн л дөө гэж түгдчин хариуллаа. Ингээд галт тэрэг ч хөдөллөө, бид ч танилцав. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Наранбаатар хэмээн танилцуулаад "Би Завхан аймгийн Отгон сумаас гаралтай хүн л дээ. Та бүхэн сонссон байж магадгүй Өвгөнбүргэд Соволев гэж тарваган тахлаас ганцаараа амьд үлдсэн мундаг эмч хүн байлаа. Тэр хүний хамаатан нь би байгаа юм. Гэснээр бахархаж явдаг өвөөгийнхөө түүхээс хуучиллаа.

1945 онд Завхан аймгийн Отгон суманд тарваган тахал гарч гэр бүлийн найман хүн нас барсан юм. Тэр гэр бүлээс гурван настай хүү цор ганцаараа амьд үлдсэн юм. Тухайн үед тахлын голомтод ажиллахаар очсон орос эмчийн суусан нисдэг тэрэг газарт буухаас татгалзсан ч эмч бүсгүй “Тэр доор хүүхэд хөдлөх шиг боллоо. Би хүүхдийн амийг заавал аврах ёстой” гэж зүтгээд хамгаалалтын хувцсаа өмсөж ганцаараа бууж, майханд хүүг эмчилсэн юм билээ. Ингэж гурван настай хүү тахлын голомтоос амьд үлдсэн гэдэг. Хожим Өвгөнбүргэд гэж хүмүүсийн эрүүл мэндийн төлөө авьяас билгээ зориулсан мундаг эмч болсон доо. "Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"-ийн хоёрдугаар ботийн 65 дугаар хуудсанд Өвгөнбүргэд Соволев өвөөгийн тухай бичсэн байдаг юм. Бүргэд гэдэг шувуу тахал тусдаггүй юм билээ. Өвгөнбүргэд гэдэг нэрэнд л их учир байсан байх. Дараа нь хүүгийн амийг аварсан эмчийн нэрийг оруулаад Өвгөнбүргэд Соволев нэртэй болгосон юм билээ. Голомтоороо тарваган тахлаар амь үрэгдэж ганцаараа хоцорсон хэмээн бодож явсан хүн төрсөн ахтай байснаа хожим мэдсэн. Ах нь цэрэгт явж тахлаас амь аврагдсан байсан. Нэлээн хожим ах дүү хоёр уулзаж Отгон сумынхаа үзэсгэлэнт газруудаар явсан юм билээ. Даанч би завгүй болохоор хамт явж амжаагүй юм. Өвгөнбүргэд өвөө маань өнгөрсөн жил бурхан болсон доо" хэмээн хуучлав.

Олон жилийн турш ийнхүү монголчуудыг танилцуулан олон амттай яриа өрнүүлэх завшаан олгосон галт тэрэг маань өртөө дамжин түүх хүүрнэн хурдалсаар байв. Галт тэргэнд танилцан түүх өгүүлсэн мөнөөх ах маань Өвгөнбүргэд соволев өвөөгийнхөө нэгэн адил Наранбаатар Наталъя нэртэй болоод Эрдэнэт хотод бууж гараа далласаар гэрийн зүг явсан юм.

 

Сэтгүүлч Б.Гандолгор 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.