Япон хэлээр цайны цагийг “hiru yasumi” буюу өдрийн амралт гэсэн утгыг илэрхийлдэг.  Энэ нь хоолоо идэхээс гадна тухайн цагийг өөр ямар нэг зүйлд зарцуулж болно гэсэн үг. Японы нэгэн албан хаагч өдрийн цагаар унтдаг ч унтлагын цаг тухгүй өнгөрдөг тухайгаа жиргэжээ. Ажлынхаа ширээн дээр унтдаг боловч сэрэхдээ өмнөхөөсөө илүү ядарсан сэрдэг гэж тэр хэлсэн юм. Сандлынхаа түшлэгийг налж, арагшаа хэвтсэн ч бас л тухгүй  бөгөөд хүзүү нь өвдөж сэрдэг гэнэ. Тиймээс тус албан хаагч төгс өдрийн унтлагын өрөөний санааг бодож боловсруулжээ. Энэ өрөөг гаднаас нь харахад галт тэрэг, нисэх онгоцны буудлуудаар байдаг утсаар ярих өрөөтэй төстэй байна. Гэхдээ доторхыг нь албан тасалгаа байдлаар бус галт тэрэгний доторх шиг тохижуулсан нь тун сонирхолтой. Түүнчлэн энэ нь энгийн суудал бус булангийн суудал гэдгээрээ онцлог аж. Булангийн суудал нь толгойгоо хойшоо болон хажуу тийшээ налуулахад хамгийн тохиромжтой. Хэрвээ та зогсоогоороо унтахыг хүсвэл зориулалтын гар оосроос бариад унтаж болно. Энэ сүүлийн хувилбар нь хамаагүй ахисан түвшиндээ тооцогдох хэдий ч галт тэрэг дотор нийтлэг ажиглагддаг дүр төрх юм.

Ажил, сургуульдаа ирж очиход багагүй хугацаа зарцуулдаг япончуудын хувьд галт тэрэгний суудал бол түр дуг хийгээд авахад хамгийн тохиромжтой байрлал аж. Японд халаасны хулгай гэх мэт гэмт хэргийн түвшин харьцангуй бага байдаг тул энэ байрлал тийм ч аюултайд тооцогдохгүй. Мөн нийтийн тээврийн цаг нь тогтмол байдаг тул сэрүүлгээ тавиад унтахад буудал хэтэрч бууна гэх асуудалгүй.“Хэрвээ ийм унтлагын өрөө байвал би дуртайяа ашиглана” гэж уг санааг гаргасан япон хүн хэлжээ. Твиттер хэрэглэгчид ч дуу нэгтэйгээр дэмжсэн байна. Галт тэрэг явж байгаа юм шиг дуу чимээ болон бага зэрэг савалгааг нэмбэл бүр таатай хэмээн зарим хүн хэлжээ.

Гэхдээ харамсалтай нь өдрийн унтлагын өрөө одоогоор санаа төдий л байна. Ихэнх япон хүн галт тэргэнд асуудалгүй унтаж чаддаг тул хэн нэг сэргэлэн хүн энэ санааг ажил хэрэг болгоосой гэж унтлагын өрөөний зургийг гаргасан албан хаагч хэлжээ. 

Эх сурвалж: JAPAN TODAY