Галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулснаар 13.9 тэрбум төгрөг хэмнэв
Замын даргын хаврын үзлэг урд хэсэглэлд энэ сарын 11-15-ны хооронд явлаа. Замын-Үүд өртөө хэсэглэлд үзлэгийн нэгдүгээр комиссыг Замын дарга Х.Хэрлэн, нэгдүгээр орлогч О.А.Казаков тэргүүтэй орлогч дарга нар, урд хэсэглэлийн хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжийн зуны тээврийн бэлэн байдалтай танилцлаа.
Тус өртөөний үндсэн үзүүлэлтүүд 100-136 хувийн биелсэн. Орон нутгийн болон гадаад вагонуудын сул зогсолтыг 1-8 цагаар бууруулж, үйлдвэрлэлийн осолгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Өртөөний хамгийн чухал үзүүлэлт болох галт тэрэг солилцооны хэмжээ тогтмол өсгөжээ. Тухайлбал, нарийн царигаар өнгөрсөн оны 8-10 дугаар сард 29 галт тэрэг солилцож рекорд тогтоосон байна. Мөн гурван галт тэргийг хоёр болгон нэгтгэж, 145 галт тэрэгний хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулснаар 13.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. Сайжруулсан түлшний тээврийг улсын хэмжээнд тасралтгүй, хэвийн зохион байгуулжээ. Эрээн өртөөнөөс ирэх үеийн мэдээллээр бэлтгэл хийдэг байсан бол одоо Хятадын төмөр замын байгууллагуудаас урьдчилсан мэдээлэл авч, вагон, талбай, техник, ачааны машины бэлтгэлийг урьдчилан хангадаг болжээ. Үүний үр дүнд 6541 вагон нэмэлтээр хүлээн авч, вагонуудын сул зогсолтыг төлөвлөгөөнөөс бага түвшинд барьж, хугацааны алдагдлыг бууруулжээ.
Өнгөрсөн онд хөдөлгөөний хоёр дутагдал гарч байсан бол энэ онд нэг тохиолдол бүртгэгдсэн. Өртөөний хэмжээнд 1146 амметр талбайд ариутгал, тохижилтын ажил хийжээ. Вокзалын ажилчдын амрах өрөө, хүүхдийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчныг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. Амрах байрыг төлбөртэй үйлчилгээ болгон өөрчилснөөр, өмнө нь сард 350-500 мянган төгрөгийн орлоготой байсан бол, өнөөдөр 2.5 сая төгрөг хүртэлх орлого олдог болжээ. Нийт 60 ажилтныг ТЗИС-д анхны тусламж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтад хамруулсан байна. Мөн тетра станц, грейдер, компьютер зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулж, 95-99 хувийн цэвэршүүлэлттэй систем нэвтрүүлснээр ундны усны чанар сайжирч, нэг удаагийн ус худалдан авах зардлыг бууруулсан аж. Өнөөдрийн байдлаар ажиллаж буй ажилтан 342, арван орон тоо дутуу байна. Нэг ажилтан найм хүртэл ажлын байранд ажиллах боломжтой байдлаар давхар ур чадвар эзэмшүүлэх, дотоод сургалт, шалгалтын тогтолцоог хэрэгжүүлж байгаа ажээ.
Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөж байгааг харгалзан төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг илүү сайн хангахын тулд УБТЗ-ын Замын-Үүд Эргэлтийн депог Сайншанд татах хэсгийн харьяанаас гаргаж бие даасан Татах хэсэг болгосон. Замын-Үүд Эргэлтийн депог татах хэсэг болгосноор гол замын болон сэлгээ, зөөврийн 20 зүтгүүртэй тус татах хэсэг нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварыг бие даан хийдэг болно. Мөн эдгээр засварыг хийдэг болсноор ачааны зүтгүүрийг Сайншанд, Улаанбаатарын татах хэсэг рүү явуулж засвар хийлгэдэг байсан үр ашиггүй зардал, сул гүйлтийг багасгах ач холбогдолтойгоос гадна өөр бусад олон хүндрэлүүд арилах юм.
Өнгөрсөн онд Замын-Үүд боомтын төмөр замаар 18.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо нэг сая гаруй тонноор илүү байна. 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Замын-Үүд боомтын төмөр замаар хүлээн авсан, хүлээлгэн өгсөн ачааны хэмжээ 6 сая 341 мянган тоннд хүрээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.1 хувиар буюу 632.9 мянган тонноор илүү байгаа юм.
Замын даргын үзлэгийн комисс Замын-Үүд хэсэглэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам сум, холбоо дохиоллын найдвартай ажиллагааг шалгаж, хэсэглэлийн төмөр замчид зуны тээвэрт бэлэн байна гэж үнэлэв. Замын-Үүд хэсэглэл нь өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийг амжилттай гүйцэтгэж, ажлын алдаа дутагдал багатай, ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад анхаарч байгааг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков сайшаасан билээ. Тухайлбал, Номт зөрлөгийн төмөр замчдын хүсэлтээр ариун цэврийн өрөөнүүдийг шинэчилжээ. Мөн тус хэсэглэлд замын их засварын ажил төлөвлөгөөт хугацаандаа дуусаж байгаа ажээ.
Сайншанд хэсэглэлийн хэмжээнд ачилт, буулгалтын төлөвлөгөө биелжээ
Сайншанд өртөө хэсэглэлийн үзлэгийн нэгдүгээр комиссыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар ахаллаа. Мөн үзлэгийн хоёрдугаар комиссыг Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд ахалж, холбогдох мэргэжлийн хүмүүс нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний байгууллагууд хамрагдав. 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Сайншанд хэсэглэлийн хэмжээнд ачилтын төлөвлөгөө вагон тоогоор 116 хувь, жин тонноор 119 хувийн биелэлттэй байна. Тодруулбал, “Монцемент Билдинг Материалс” ХХК шинээр 60 эзэмшлийн вагон нэмэгдүүлж, нийт 170 вагоны эргэлттэй болжээ. Үүнд чулуунцар, шохойн чулууны ачилт нэмэгдсэн нь эерэгээр нөлөөлжээ. Мөн буулгалтын төлөвлөгөө 177 хувиар биелсэн байна. Хэсэглэлийн хэмжээнд буулгалт өсөхөд МТЗ ТӨХК-ийн Цогтцэций өртөө чиглэлийн дизелийн түлшний тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлж, буулгалтын үзүүлэлтийг өсгөжээ. Энэ эхний дөрвөн сарын байдлаар гологдол дутагдалгүй ажиллаж байна.
Замын даргын А-744 тоот тушаалаар 28 ажлын байранд II түвшний эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 26 ны хооронд хийсэн үнэлгээгээр дунд эрсдэлтэй ажлын байр дөрөв, бага эрсдэлтэй ажлын байр 24 байна. Эрсдэлийг бууруулах таван зүйлтэй төлөвлөгөө гаргаж арга хэмжээ авч ажилласны дараа дунд эрсдэлтэй ажлын байр гурав болж буурчээ. Мөн илүү цагийг бууруулах чиглэлээр томилолтын жижүүрүүдийг ажиллуулах, дуудлагын ажилчдын цагийг зурмагтай нь тулган шалгах, ажилчдыг биеэр амруулах зэрэг арга хэмжээг авч, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгон ажиллаж байна.
Сайншанд Татах хэсгийн энэ оны эхний дөрвөн сараар үндсэн үзүүлэлтийг төлөвлөгөөтэй харьцуулахад гүйцэтгэсэн ажил 103.6, техникийн хурд 101.6, шугаман гүйлт 104.1, зүтгүүрийн хоногийн дундаж бүтээмж 101.2 зүтгүүрийн хоногийн дундаж гүйлт 103.5 галт тэрэгний дундаж жин 98.9 хувийн тус тус биелэлттэй байна. Нийт 7648 галт тэрэг аялснаас 4135 галт тэрэг дутуу жинтэй аялжээ. Нийт аялсан галт тэрэгний 54 хувь нь дутуу жинтэй аялсан нь галт тэрэгний дундаж жин биелээгүй шалтгаан болсон байна. БАБС төхөөрөмжөөр тоноглогдсон Сайншанд Татах хэсэгт данстай 17 илчит тэрэгний 34 секцээс хаврын комиссын үзлэг эхлэхээс өмнө есөн секц III түвшинд аялах боломжгүй, долоон секц сүүлийн вагоны хагас иж бүрдэл таних боломжгүй гэмтэлтэй байсан. Комиссын үзлэгийн дараа буюу тавдугаар сарын 13-ны байдлаар найман секц III түвшинд аялах боломжгүй, дөрвөн секц сүүлийн вагоны хагас иж бүрдэл таниулах боломжгүй байгаа аж. БАБС төхөөрөмжөөр тоноглосон илчит тэргэнд шаардлагатай байгаа 13 нэрийн 65 сэлбэг нь одоог хүртэл нийлүүлэгдээгүй байна. Сэлбэг материал ирснээр III түвшинд аялах боломжгүй секцүүдийг засварлах бүрэн боломжтой. 2ТЭ116УМ-002, 019, 020 илчит тэргийг шинэ БАБС төхөөрөмжөөр тоноглож, туршилтын хугацаанд явж байгаа аж. Төлөвлөгөөт ТР-3 засвараар нэг илчит тэрэг, ТР-2 засвараар 1.5 илчит тэрэг, ТР-1 засварт 26 илчит тэрэг, 0.5 илчит тэрэг, ТР-1 засварт 24.5 илчит тэрэг, ТО-3 засвараар 85 илчит тэрэг, нийт 110 илчит тэрэг засварласнаар төлөвлөгөө 107.3 хувьтай биелжээ. Он гарсаар хоёр гологдол гарсан байна. М62УММ-005 илчит тэрэгний №9856-5341 дугаартай хос дугуйн голын хүзүүний хугарал нь металлын ядаргаанаас үүссэн бөгөөд хоёр талаас эхлэлтэйгээр голдоо чиглэн мушгих хүчний үйлчлэлээр хугарсан байна. Хугарал нь гаднаас шууд механик нөлөөллөөр бус, металл доторх дотоод хүчдэлийн хуримтлал, ядаргааны үр дүнд үүссэн гэж дүгнэжээ. Гологдлын мөрөөр зургаан заалттай төлөвлөгөө, сэрэмжлүүлэг гаргаж, Татах хэсгийн засварчин, хүлээн авагч, ээлжийн мастер зэрэг нийт 121 хүнд танилцуулжээ. Мөн бусад татах хэсэг рүү сэрэмжлүүлгийг явуулсан байна. 2М62ММ, ТЭМ, М62УММ серийн илчит тэрэгнүүдийн хос дугуйн насжилтын судалгааг гаргаж, сэв шалгагч нарын сертификат, багажны баталгаажилтыг шалгасан байна.
Сайншанд зангилааны аж ахуйн нэгжүүдийн зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгасан дүнгийн хурал болов. Замын удирдлагын зүгээс зуны тээвэрлэлтийг амжилттай сайн зохион байгуулахыг тус зангилааны удирдлагад үүрэг болгов. Мөн төмөр замчдын санал хүсэлтийг сонслоо. Сайншанд зангилааны аж ахуйн нэгжүүд үзлэгт сайн бэлтгэсэн байлаа.
Сайншанд зангилааны ахмадуудын хүсэлтээр Замын захиргаанаас хөгжмийн зэмсэг авч өгсөн тул ахмадууд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковт талархлаа илэрхийлж, шинэ хөгжмийн зэмсгээрээ тоглож, дуулж хуурдав.
УБТЗ-ын нийт ачилтын 40 хувийг Чойр өртөө гүйцэтгэв
Замын даргын үзлэг Чойрын хэсэглэлд ажиллалаа. Үзлэгийн дүнгийн хурлын үеэр комиссын гишүүд зуны тээвэрлэлтийн бэлтгэл ажилд үнэлэлт дүгнэлт, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж чиглэл өглөө. Замын нэгдүгээр орлогч О.А. Казаков Чойр өртөө нь Улаанбаатар төмөр замын тээврийн үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. Тэрбээр, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар УБТЗ-ын нийт ачилт найман сая тонноос давсан, үүний 40 хувийг Чойр өртөө дангаараа гүйцэтгэсэн талаар дурдаж баяр хүргэв.
Замын даргын үзлэгийн хүрээнд Чойр, Сайншанд, Улаанбаатарын хэсэглэлүүдийн өртөө, татах хэсэг, техник үйлчилгээний газар, зам, дохиолол холбоо, цахилгаан хангамж, ХАБЭА, эмнэлэг, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зуны тээвэрлэлтийн бэлтгэл ажилд үнэлэлт дүгнэлт өглөө. Комиссын гишүүдийн зүгээс тээврийн аюулгүй байдал,техникийн бэлэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн сахилга, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, сургалт, дадлага, нийгмийн үйлчилгээ, засвар үйлчилгээний чанарт анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Баримт бичиг дээр үзлэг сайн боловч бодит байдал дээр техникийн байдал хангалтгүй байна гэж комисс дүгнэсэн
Замын дэрийн эрүүлжүүлэлтийн хувьд Айраг, Өлзийт өртөөд шаардлага хангахгүй дэрүүд байна. Замын III ангийн гал тогоо хийн баллоныг дүрмийн бус ашигласан. Бэхэлгээ, мэдрэгчгүй, хайрцаг хамгаалалтгүй байжээ.
Энэ онд Чойр хэсэглэлд 12 удаагийн яаралтай зогсолт бүртгэгдсэн. Үүнээс
гурван удаад нь зам дээр хүн, есөн удаа гарам дээр автомашин байв.
Эрүүлжүүлэх засварын төлөвлөгөө 99.5 хувийн биелэлттэй, 4049 вагоноос 4016 вагонд засвар хийсэн. Гэхдээ депогоос гарч буй вагонуудын засварын чанар муу, дугуйн гэмтэл нэмэгдсэн, тэргэнцрийн мэдээлэл дутуу, голын бэхэлгээ хангалтгүй, технологийн хяналт сул байсан тул хугацаатай үүрэг даалгавруудыг өгөв.
2026 онд шинэ хамтын гэрээ хэрэгжиж эхэлсэн. Гол өөрчлөлтүүд нь үндсэн цалинг
10 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх, ажлын үр дүнгийн урамшууллыг үндсэн цалин руу шилжүүлэх, ажлын хувцсыг хүйс, ажлын онцлогт тохируулан шинэчлэхээр төмөр замчдаас онлайнаар судалгаа, санал хүсэлтийг авч байгаа ажээ.
Үзлэгийн үеэр яригдсан асуудлуудтай холбоотойгоор Чойрын солилцох тасгийн сэлгээний тэрэгнүүдийн техникийн бэлэн байдлыг хангах, бүрэн ажиллах боломжтой байлгах, алслагдсан Чойр болон Бор-Өндөрийн сэлгээний тэрэгнүүдэд засвар үйлчилгээг зохион байгуулах, гол замын илчит тэрэгнүүдийн техникийн байдлыг сайжруулах, дараагийн комиссын үзлэгээс өмнө илэрсэн зөрчлүүдийг арилгах үүргийг өгч ажиллуулахаар болов.
Удирдлагын зүгээс 2026 оны санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг онцолсон. Түлшний үнэ огцом өсөж, зардлын дарамт нэмэгдсэн, геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байна. Түлшний үнэ өмнөх оны түвшнээс хоёр дахин өсөж 1400 нэгжид хүрсэн талаар дурдсан. 2026 оны I улиралд илүү цагт 13 тэрбум төгрөг зарцуулсан талаар дурдав. Комиссоос "Эдгээр нь үр ашиггүй зардал бөгөөд байгууллагын удирдлагууд онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэж үзэв.
Зуны тээвэрлэлтийг осол зөрчилгүй зохион байгуулахыг нийт хамт олонд үүрэг болгов. Мөн удирдлагууд урд хэсэглэлийн төмөр замчдад ажлын амжилт хүсэж, нэр бүхий төмөр замчдыг шагнаж урамшуулсан билээ. Замын даргын үзлэг хойд хэсэглэлд үргэлжилж байна.
П.Түмэндэмбэрэл
