Нүүр Цаг үе Галт тэрэг солилцоо өслөө
Цаг үе

Галт тэрэг солилцоо өслөө

G.Press 2 сарын өмнө 170 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Замын дарга Х.Хэрлэн долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 3-ны 01.22 цагт Баянтүмэн тасгийн Хэрлэн-Хавирга хоорондын замын 148 дугаар км-ийн долдугаар зуутад их хэмжээний цас орж зам цасанд дарагдсанаас ТЭМ2-1237 илчит тэрэгтэй ачаа-зорчигийн 621 дүгээр галт тэрэг хоорондын замд хоёр цаг саатжээ.

Харин дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд нэг, Замын аж ахуйн албанд тус бүр хоёр, ЦХОБА-нд нэг, нийт дөрөв бүртгэгдсэн байна.

Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 5-ныг дуустал 6583.6 мянган тонн ачаа тээвэрлэж, 107.9 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд 4639.3 мянган тонн ачаа ачиж, 104.2 хувиар төлөвлөгөөг биелүүлэв. Тайлант долоо хоногт 5932 вагон буулгаж, хоногт дунджаар есөн вагон илүү буулгасан байна.

Орон нутгийн 149000, транзит 82800, экспорт 164200, импорт 73200 тонн буюу нийт 469200 тонн ачаа тээвэрлэжээ.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 73 вагон илүү буюу 1158, “Шивээ-Овоо” ХК 97 вагон илүү буюу 569, “Шарын гол” ХК 63 вагон илүү буюу 347, Эрдэнэт” үйлдвэр зургаан вагон илүү буюу 136 вагон тус тус ачиж, бүгд төлөвлөгөөгөө давуулсан байна.

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 39.86 км/цагаар биелүүлж, төлөвлөгөөнөөс 0.4 км/цагаар өсгөв.

Галт тэрэгний дундаж жин 3244.94 тонн болж, төлөвлөгөөнөөс 5.1 тонноор буурсан байна. Үүнд ажлын парк дахь вагон 667-оор нэмэгдсэн, зүтгүүрийн парк хоногт 55-тай байхад өрөөсөн тэрэг хоногт дунджаар 6.71-тай ажилласан нь нөлөөлснийг Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн танилцууллаа. Мөн зүтгүүрийн бүтээмж ч төлөвлөгөөнөөс 28.9 мянган бохир тонн/км-ээр буурсан нь зурмагийн тасалдлаас шалтгаалсан 18 галт тэрэг 1674 минут зогссонтой холбоотой аж.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 114 галт тэрэг /692.1 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /697.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2 галт тэрэг болов.

Нарийн царигаар 58 галт тэрэг /454.7 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /463 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.2 галт тэрэг болжээ.

Сүхбаатар-Наушкиар 59 галт тэрэг /404 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /364.1 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.1-8.4 галт тэрэг солилцжээ. Үндсэндээ Сүхбаатар-Наушкиас хүлээн авсан галт тэргийг эс тооцвол бусад талдаа солилцоо өмнөх долоо хоногоос давсан үзүүлэлттэй байна.

Тайлант долоо хоногт чингэлгийн 81 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор илүү, оны эхнээс нийт 666 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 113 галт тэргээр давсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2691, импортын 727 чингэлэг шилжүүлэн ачжээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 639 чингэлэг, 4220 вагон ачаа байгаа аж.

Түүнчлэн, СИРДП-Е хэлтэс, Зорчигч тээврийн албаны дарга нар ажлаа танилцууллаа. СИРДП-Е хэлтсийн хувьд тайлант долоо хоногт нийт 35 галт тэрэг гуравдугаар түвшинд мөрдөж аялсан байна. Энэ нь өмнөх долоо хоногоос өссөн дүн болов ч радио галт тэрэг аялуулах ажил үр дүн муутай байгааг Замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш шүүмжлэв. Өөрөөр хэлбэл, энэ ажилд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн муу байгааг хэлж, шинэ өртөө, зөрлөг, зам сунгалт, өргөтгөлийн ажлыг программд оруулах бүртээ ОХУ-д мөнгө төлж буйг онцоллоо. Тиймээс хөрөнгө оруулалтын үр дүнд тодорхой тооцохыг сануулсан юм.

Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн төмөр замчид замаа сайн засаж, зүтгүүрийн бэлэн байдлыг хангаж чадвал хангалттай ачаа байгааг онцлоод энэ онд хэдэн хагас вагон актлах, хэдэн вагон үлдэх зэрэг тодорхой тооцоо судалгааг гаргаж өгөхийг холбогдох албанд үүрэг болголоо. Мөн шинээр ачааны дөрөв, зорчигчийн хоёр зүтгүүрийг хэрхэн яаж авах, түлшний нөөц бүрдүүлэхэд сав нэмэх эсэх талаар санал бэлтгэж танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн, энэ жилийн зам шинэчлэлттэй холбоотой зам төмөр, бусад тоноглолын худалдан авалтын тендерийг цаг алдалгүй зохион байгуулахыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд анхааруулж, алба, хэлтсийн удирдлагууд нэг нэгэндээ албан бичиг өгчхөөд хариу хүлээж суудгаа больж, утсаар ярьж, эсвэл өрөөнд нь орж ярилцаад асуудлыг шуурхай шийдэж, нэгдсэн нэг мэдээлэл, ойлголттой болохыг санууллаа.

 

М.Наранболд

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.