Замын даргын долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын I орлогч дарга О.А.Казаков удирдан явууллаа. Он гарсаар 17 дугаар долоо хоногт хөдөлгөөний аюулгүй байдлаар нэг гологдол, 12 дутагдалтай ажилласныг Тээврийн хяналтын албаны дарга Ц.Ариунболд танилцуулав. Дутагдлын дөрөв нь зам дээр машин болон хүн байснаас яаралтай тоормос хийсэн бол үлдсэн дутагдлын дийлэнхийг зүтгүүр эвдэрсэн асуудал эзэлж байгаа аж. Харин зүтгүүрийн засвар арчлалттай холбоотой тулгамдсан асуудал олон байгааг Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Н.А.Гук тайлбарлалаа. Түүний хэлснээр, зүтгүүрийн бандаажийн нөөц дууссан тул засварын ажлыг зогсоожээ. Мөн татах цахилгаан хөдөлгүүрийг угсрах ажил бүрэн зогссон гэнэ. 2ТЭ25Км зүтгүүрийн хос дугуйн засварын гэрээгүй, урсгал болон их засвар хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ онд тасарч буйг хэллээ. Түүнчлэн, дизелийн цилиндрийн группийн засварын хувьд боолт, шатун зэрэг шаардлагатай гол сэлбэгүүд дууссан, сүүлийн хагас жилд тос масло нийлүүлэгдээгүй байгаа аж. Энэ мэт асуудлыг тэр дурдаж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг Замын удирдлагуудаас хүслээ.
Харин галт тэрэгний хөдөлгөөн, ачаа тээврийн хувьд өнгөрсөн долоо хоногт 111 радио галт тэрэг аялсан байна. Үүний есөн хувь нь мөрдөж, 91 хувь нь дангаараа аялжээ. Тээвэр зохион байгуулалтын албаны даргын танилцуулснаар оны эхнээс энэ сарын 24 хүртэл 10 сая 289 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөө 95.7 хувиар биелсэн байна. Ачилтын хувьд долоон сая 371 мянган тонныг ачиж 94.7 хувиар биелүүлжээ. Сүүлийн долоо хоногоор авч үзвэл 588200 тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс орон нутгийн ачаа 200800, транзит 122500, экспорт 195900, импорт 69000 тонн эзэлж байна. Шарынголыг эс тооцвол уурхайн ачилт хэвийн байгаа аж.
Буулгалтын хувьд энэ сарын 18-24-ний хооронд 5339, хоногт дунджаар 107 вагон буулгажээ. Сарын эхнээс авч үзвэл 17525 вагон буулгаж, төлөвлөгөө 83.9 хувиар биелсэн байна. Сүүлийн долоо хоногт зурмагийн тасалдлаас шалтгаалан 28 галт тэрэг 2064 минут зогсож, хэсгийн хурдыг 0.05 км/цагаар удаашруулсан байна.
Галт тэрэг солилцоо өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар 114 галт тэрэг /өмнөх долоо хоногоос +11/ хүлээн авч, 112 галт тэрэг /+7/ хүлээлгэн өгснөөр хоногт дунджаар 16 галт тэрэг авч, 16.3-ыг өгсөн байна. Нарийн царигаар 53 галт тэрэг хүлээн авч, 50 галт тэрэг өгчээ. Харин Сүхбаатар-Наушкиар 60 галт тэрэг хүлээн авч, мөн тооны галт тэрэг хүлээлгэн өгсөн байна. Өмнөх долоо хоногтой харьцуулбал, зургаан галт тэрэг илүү хүлээн авч, мөн 10 галт тэрэг илүү өгсөн байна. Хоногт дунджаар хоёр талдаа 6.8 галт тэрэг солилцжээ.
Оны эхнээс чингэлгийн 1076 галт тэрэг аялуулсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс 121 галт тэрэг илүү аялуулаад байгаа аж.
Замын-Үүд Шилжүүлэн ачих анги өнгөрсөн долоо хоногт импортын 640, транзит 1717 чингэлэг ачсан байна. Транзит чингэлэг өмнөх долоо хоногоос 39-өөр нэмэгдсэн бол импортын чингэлэг 84-өөр буурсан байна.
Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга холбогдох албадад алдаа дутагдлаа арилгаж, алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо.
