Нүүр Цаг үе Галт тэрэг солилцоо нэмэгдлээ
Цаг үе

Галт тэрэг солилцоо нэмэгдлээ

G.Press 3 долоо хоногийн өмнө 43 үзэлт 0 сэтгэгдэл

Мөн Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэг удирдлаа. 18 дугаар долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 1-нд Цайдам зөрлөгт орж ирсэн зорчигчийн 271 дүгээр галт тэрэгний М62УММ-002 илчит тэргэнд газардлага гарч тусламж авсан байна. Дутагдлын хувьд илчит тэрэг эвдэрч тусламж авсан, ачаа орхисон зэрэг Зүтгүүрийн аж ахуйн албанд бүртгэгдсэн долоо, Дохиолол холбооны албанд бүртгэгдсэн оруулах дохио хаагдсанаас яаралтай тоормос хийсэн нэг, СИРДП-Е хэлтэст БАБС ажилласан нэг, бусдаар тооцогдсон буюу том оврын автомашин гармын хаалтыг өнгөрч оворгүй зогссон болон оруулах дохионы хажууд хүн байсан, агаарын шугамыг том оврын автомашин тасалсан зэрэг гурав, нийт 12 дутагдал гарчээ.

Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэг нэгжээр өсөж 18, дутагдал долоон нэгжээр буурч 199 болжээ.

Тээврийн хувьд оны эхнээс дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал 11854.7 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.1 хувиар биелүүлэв.Өмнөх оны мөн үед 10760.3 мянган тонн ачаа тээвэрлэж байжээ.

хугацаанд 8349.3 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 103.4 хувиар биелүүлсэн байна. Өмнөх оны мөн үед 7679.7 мянган тонн ачаа ажиж байв.

Тайлант долоо хоногт 6014 вагон, хоногт дунджаар 57 вагон илүү буулгасан нь төлөвлөгөөг 107.1 хувиар биелүүлсэн үзүүлэлт юм.

Орон нутгийн 202300, транзит 111400, экспорт 240300, импорт 77500 тонн буюу нийт 631500 тонн ачаа тээвэрлэжээ.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 153 вагон илүү буюу 5373, “Эрдэнэт” үйлдвэр 33 вагон илүү буюу 790, “Шивээ-Овоо” ХК 26 вагон дутуу буюу 2466 вагон ачсан бол “Шарын гол” ХК 820 вагон дутуу буюу 1124 вагон ачжээ. Үндсэндээ “Шарын гол” түлшгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн сард 11 хоног огт нүүрс ачаагүй учир “Багануур” болон “Шивээ-Овоо”-гоос Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын нүүрсийг хангасан байна.  

Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.01 км/цаг байгаа нь төлөвлөгөөнөөс 0.29 км/цагаар удааширч 99.26 хувиар биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 20 галт тэрэг 1920 минут зогссон байна.

Галт тэрэгний дундаж жин 3364.9 тонноор биелсэн байна. Хоногийн дундаж жинг төлөвлөгөөтэй харьцуулахад 114.9 тонноор нэмэгдэж, 103.54 хувиар биелжээ.

Зүтгүүрийн бүтээмж 1499.25 мянган бохир тонн/км болж, төлөвлөгөөнөөс 29.25, өмнөх долоо хоногоос 73.72 мянган бохир тонн/км-ээр нэмэгдсэн байна.

Вагон эргэлт 4.3 хоногоор биелж, төлөвлөгөөнөөс 0.2 хоногоор хасагджээ.

Түүнчлэн, галт тэрэг солилцоо бүх талдаа өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна. Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 115 галт тэрэг /724.1 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /721.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болов.

Нарийн царигаар 60 галт тэрэг /468.4 вагон/ хүлээн авч, 60 галт тэрэг /484.2 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.5 галт тэрэг боллоо.

Сүхбаатар-Наушкиар 60 галт тэрэг /379.1 вагон/ хүлээн авч, 61 галт тэрэг /383.4 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.5-8.7 галт тэрэг солилцсон байна.

Тайлант долоо хоногт чингэлгийн 84 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 12-оор илүү, оны эхнээс нийт 1290 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 148 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм.

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2434, импортын 629 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзитыг 180 чингэлгээр илүү, импорт 127 чингэлгээр дутуу байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 538 чингэлэг, 2479 вагон ачаа байна.

Өмнөх долоо хоногт ачааны 1000 хагас вагон худалдан авах талаар судалж, саналаа танилцуулахыг үүрэг болгосон ч хэрэгжээгүй байна. Энэ нь хагас вагоны үнийн хувьд дахин судлах шаардлагатайгаас хугацаандаа амжаагүйг Төлөвлөгөө эдийн засгийн албаны дарга тайлбарлалаа. Тиймээс холбогдох албадын дарга нар үргэлжлүүлэн судалж энэ долоо хоногтоо саналаа гаргахыг үүрэг болгож, Зам, тээврийн сайдын өгсөн үүрийн дагуу хугацаа алдалгүй танилцуулахаа сануулав.

Хурлын үеэр Замын даргын зөвлөх Р.Раш олон улсын тээвэр, техник, технологитой холбоотой улс орнуудын хамтарсан томоохон хурлууд олон болж, УБТЗ ХНН-ийн удирдлагууд оролцож буй ч Гадаад харилцааны алба үүнд талд анхаарал сул хандуулж, төмөр замчдад мэдээ мэдээлэл түгээхэд анхаарахгүй байгааг шүүмжиллээ.

Түүнчлэн, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын болон Зорчигч тээврийн албаны дарга нар ажлаа танилцуулав.

Худалдан авах ажиллагаатай холбоотой 77 гэрээ хэрэгжиж буйгаас долоон тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан бол 35 тендерт үнэлгээ хийж байна. Мөн гэрээ байгуулах эрх олгосон 24, гэрээ байгуулсан гурван тендер байгаа аж. “Худалдан авах ажиллагааны захиалга”-ын программд салбар нэгжүүд өгөгдлөө оруулах нь сайжирч буй ч анхаарах асуудал байгааг тус албаны дарга хэллээ. Түлшний хувьд 4300 тонн буюу найм хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Одоогийн байдлаар Сүхбаатар өртөөнд 1457.16 тонн буюу 23 цистерн түлш ирсэн байна. Үүнийг гаалийн бүрдүүлэлт хийгээд татчихвал 13 хоногийн нөөцтэй болох ажээ. Харин энэ сард түлшний үнийн санал төсөөлснөөс /1950 ам.доллар/ бага /1161 ам.доллар/ үнээр ирсэн байна. Тиймээс түлшний шинэ үнэ гарсантай холбогдуулан дахин судалгаа хийх үүргийг Замын I орлогч дарга, Эдийн засаг ба санхүү хариуцсан орлогч дарга, Төлөвлөгөө эдийн засгийн албаны дарга, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга нарт өглөө.

Мөн Замын дарга Х.Хэрлэн “Бодь интернэйшнл”, “МТЗ” ТӨХК-иас түрээсэлдэг тус бүр хоёр, нийт дөрвөн зүтгүүрийн гэрээт хугацаа энэ сараар дуусаж буй тул сунгах шаардлагатай бол тендерийг цаг алдалгүй зарлах, Замын-Үүдэд шинээр байгуулсан Татах хэсгийн нээлтийг энэ сарын 11-нд, Цахилгаан машины цехийн нээлтийг 25-нд хийхтэй холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албадын дарга нарт өгсөн юм.

 

М.Наранболд

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.